П.Анужин VS Х.Ганхуяг | Ийм хууль байж болдог юм уу!

2023 оны 04 сарын 27

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.27/ хуралдаанд УИХ-ын гишүүн Хасуурын Ганхуяг Монгол Улсын Засгийн газраас 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2023 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуусан.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэг явуулах үед Ажлын хэсэг төслийн талаарх нийт 93 зарчмын зөрөөтэй саналын томьёолол бэлтгэж, арчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналуудын ихэнхийг дэмжсэн байна.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүнд асуулт асууж хариулт авсан бөгөөд хуулийн төсөлд гишүүд шүүмжлэлтэй хандсан юм. Гишүүдэд мэдээлэл өгсний дараа Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулах үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төслийг нягтлах шаардлагатай талаар хэлж, УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар "33 зүйлтэй хууль дээр 96 зарчмын зөрүүтэй санал хураагдаж байгаа нь хуулийн чинь чанарыг харуулж байна" хэмээгээд хуулиа чанартай оруулж ирж байхыг анхааруулан нэг хоногийн завсарлага өгсөн юм.


АСУУЛТ | П.АНУЖИН


-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга гээд 33 зүйлтэй хууль байна. Өнөөдөр бараг 90 гаруй зарчмын зөрүүтэй санал хураана гэж байгаа.

33 зүйлтэй хуулинд 90 гаруй зарчмын зөрүүтэй санал оруулж ирэхээр энэ хууль чинь үлдэж байгаа юм уу! Үүнийгээ Ажлын хэсэг нь  татаж, цэгцэлж оруулж ирэхгүй юм уу!

Ямар учиртай зарчмын зөрүүтэй санал юм бэ. 70 орчим нь үндсэн хуультайгаа холбоотой, 20 орчим нь дагалдах хуультайгаа холбоотой юм байна. Гэхдээ ийм хууль байж болдог юм уу!

ХАРИУЛТ | Х.ГАНХУЯГ


-Зарчмын зөрүүтэй олон санал гарсан. Гэхдээ энэ бол яаралтай горимоор Засгийн газраас өргөн барихдаа зарим зүйлийг орхигдуулсан, дутуу дулимаг зүйл гарсан. Тиймээс Ажлын хэсэг дээр Төрийн захиргааны төв байгууллагаас мэдээллүүд нэмж аваад, судалгаа хийлгэсэн. Тийм ч учраас үүн дээр зарчмын зөрүүтэй саналууд орж ирсэн. Хууль санаачлагчид буцааж болно. Гэхдээ асуудал нь нэн яаралтай горимоор орж ирсэн буюу Засгийн газар “аялал жуулчлалын жил” гээд зарлачихсан, хууль нь батлагдаагүй байгаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хов хов(76.105.223.57) 2023 оны 04 сарын 28

Zam modon jorlon 2 too anhaaral handuulchval busad ni ayndaa butne.

1  |  0
зочин(157.167.37.180) 2023 оны 04 сарын 28

энэ жилийг аялал жуулчлалыг дэмжих жилээр зарлахаар төлөвлөж байсан юм бол өмнөх жил нь хуулиа баталдаг байгаа даа. нэг өглөө сэрээд л ийм юм хийе гэдгийн гай байхгүй юу. ямар ч төлөвлөгөө байхгүй. бүх зүйлийг хам хум хийсээр хөгжсөн зүйл огт алга.

4  |  1
Top