УИХ-ын өнгөрсөн баасан /2023.04.28/ гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас “Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” ирүүлсэн асуулгад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариулт өгсөн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барихад байгаль, экологийн тэнцвэр алдагдана гэх зэрэг эсэргүүцэлтэй тулгарч байна. Тиймээс байгаль орчны үнэлгээг зөв хийсэн эсэх болон нөхөн олговрыг хэрхэн олгох талаар асуув.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, усан сан бүрдэх газар нутагт хамаарах хоёр аймгийн нийт 1241 өрх нөлөөлөлд автаж байна. Өрх бүрт 15 сая 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. 2024 он хүртэл хоёр хувааж нөхөн олговор өгнө. Мөн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум талаасаа станц баригдах үед тоосжилт үүсэхийг үгүйсгэхгүй учраас иргэд нөхөн олговор авах хүсэлт тавьсан. Эргэж судална гэж ярилцсан байгаа гэж хариулсан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, 1 кг цэвэр уранаас гаргаж буй эрчим хүчний нөөц 1 сая тн нүүрснээс гаргаж буй эрчим хүчтэй тэнцэж байна. Тиймээс ураны эрчим хүчнийг ашиглах талд хэрхэн ажиллаж буй талаар асуув. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Францын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах сураг бий. Тэр үеэр энэхүү асуудал хөндөгдөнө. Тухайн үед тодорхой хариулт танд өгье гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Тавантолгойн дулаан цахилгаан станц баригдаагүйгээс болж 120 ам.доллар гадагшаа шилжүүлж валютын урсгалд сөргөөр нөлөөлж байна. Аль 1987 онд 5 дугаар дулаан станц барих шийдвэр гаргаж байсан. Гэтэл 30 гаруй жил өнгөрлөө. Эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлж байна. Тиймээс Засгийн газар болон Эрчим хүчний яам цахилгаан станцууд барих ажлыг яаравчлах, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд дан ганц нүүрснээс бус бусад эх үүсвэрийг судлах шаардлагатай гэв.
Сэтгэгдэл ( 1 )
БЭТ томил.