Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга Б.Батсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монголчууд маань хэдхэн хоногийн өмнө модон луу жилтэйгээ золголоо. Юун түрүүнд та нутгийн зон олондоо мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Манай зүүнхөхийчүүд, элжигэн халхчууд 2023 оны туулай жилдээ амжилт арвинтай луу жилтэйгээ золголоо. Луу жилийн босгон дээр Улсын аварга малчин хоёр, Аймгийн аварга малчин тав төрлөө. Нэг Алтан төлийн эзэн тодорлоо. Мөн бизнес эрхлэгч хоёр аж ахуйн нэгж маань аймагтаа тэргүүлсэн гэх мэт олон ололт амжилттайгаар луу жилээ угтаж байна.
Нутгийн нийт уугуул, суугуул иргэдээ энэ луу жилдээ ажил хөдөлмөр нь өндөр амжилттай, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэх сайхан жил болж, бид 100 жилийнхээ ойг өргөн дэлгэр, сайхан тэмдэглэн өнгөрүүлье гэдэг санаачилгыг хэлж, мэндчилгээ дэвшүүлье.
-Зүүнхангай сумын 100 жилийн ойн хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-Монгол Улсын хэмжээнд энэ онд олон аймаг, сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Увс аймгийн хувьд зургаан сум 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлаа хийгээд явж байгаагийн нэг нь Зүүнхангай сум.
Бид ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг 2021-2023 оны дамнуулан нутгийнхаа нутгийн зөвлөлтэй хамтран, олон удаагийн хамтарсан уулзалтаар хийх ажлынхаа жагсаалтыг гаргаж, бэлтгэлээ хангаад явж байна.
Бэлтгэл ажлын хүрээнд, төлөвлөгөөнийхөө дагуу Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн нутгийн зөвлөлүүд, сумын ЗДТГ, ИТХ хамтран нутгийн уугуул, суугуул иргэд, Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд суугаа иргэдтэйгээ золгуут, 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх сэтгэлийн өргөлийн хандивын уулзалтыг зохион байгуулахаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.
Ер нь бол тэгш ойн жилүүдэд сумын бүх иргэд оролцож, хамтарч тэмдэглэдэг уламжлалтай. Үүний дагуу бид 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхэд нутгийн уугуул, суугуул нийт иргэдийн оролцоо, сэтгэлийн тус, дэмжлэг хэрэгтэй байна. Тиймээс 2024 оны хоёрдугаар сарын 24-ны өдөр Драгон төв дээр 10:00 цагт сумынхаа ойд зориулсан золгуут, сэтгэлийн өргөлийг зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээнд зүүнхөхийчүүд, элжигэн халхчууд, нутгийн нийт уугуул, суугуул иргэдээ хүрэлцэн ирж, настан буурлуудтайгаа золгон, нутаг орныхоо сонин сайхныг ярилцаж, сэтгэлийн өргөлөө өргөж, хамтдаа нэг өдрийг өнгөрүүлэхийг уриалж байна.
ЗҮҮНХАНГАЙ СУМ 4 ТЭРБУМ ОРЧИМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ АЖЛУУДЫГ ХИЙЛЭЭ
-Сүүлийн жилүүдэд Зүүнхангай суманд ямар бүтээн байгуулалтууд хийсэн бэ?
-Бид 2020-2024 оны хооронд засаг төрийн үйл ажиллагааны хүрээнд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж, аймгийнхаа 2021-2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны эдийн засаг, нийгмийн зорилт, үйл ажиллагааны төлөвлөлт, Аймгийн Засаг даргын орлогын бүтээн байгуулалттай Увс гэсэн хөтөлбөрийн хүрээнд нэлээд олон ажлыг хийж, хэрэгжүүлж байна. Үүнд бид ойролцоогоор 4 тэрбум орчим төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг ажлуудыг хийлээ.
Томоохноос нь дурдвал бид 2020 онд сумын залуучуудын цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс спортын барилга, эмнэлгийн өргөтгөлийн барилгыг барьж ашиглалтад орууллаа. 2021-2022 онд ахмадын хөгжлийн төвийн барилгыг ашиглалтад оруулсан. 2023 онд сумын төвийн тохижилтыг УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч 930 сая төгрөгийн өртөгтэй, 800 м зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн хамтаар хийлээ.
Аймаг, орон нутгийн хөгжлийн сангаар сумынхаа бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 50 сая төгрөгийн худаг гаргалаа. Аймаг, орон нутгийн хөгжлийн сангаараа 2021-2023 оныг дамжуулж 1 тэрбум орчим төгрөгөөр зайлшгүй шаардлагатай бүтээн байгуулалтын ажлуудыг хийж, ашиглалтад оруулж байна. Ер нь бид хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа жил бүр нутгийн зөвлөлийнхөө уулзалт дээрээ танилцуулж, нутгийнхаа иргэдэд мэдээллийг дамжуулаад явж байна.
-Тухайлбал, 2024 онд танай суманд хэчнээн төгрөгийн төсөв тавигдсан бэ. Нэн түрүүнд хийх шаардлагатай ямар ажил байгаа вэ?
-Бүх албан газар, төр захиргааны байгууллага ороод сумын нийт төсөв цалин хөлс, урсгал зардалтайгаа 4 тэрбум орчим төгрөг байдаг. Бид түүхэн ойн жил болж байгаа учраас хийгдэх ажлуудынхаа жагсаалтыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа 2023 онд батлуулсан. Ойн баяр наадмын үйл ажиллагааны зардалд 630 орчим сая төгрөг гарч байна.
2024 онд Увс аймгийн орон нутгийн хөгжлийн сангаар 150 сая төгрөгөөр баяр наадмын талбайгаа шинэчлэх, Зүүнхангай суманд 35 км газарт 15 кВт-ын цахилгаан дамжуулах шугамыг Эрчим хүчний сайдын багцаас гаргаж барихаар төлөвлөгдсөн.
Ойн арга хэмжээнд зориулж олон ажлуудыг төлөвлөж, иргэдээс хандив авч, одоо нутгийн уугуул, суугуул иргэддээ төсөв хөрөнгө шаардлагатай ажлуудаа танилцуулахаар явж байна.
-Орон нутгийн хувьд боловсон хүчний асуудал чухал байдаг. Их, дээд сургууль төгсөж байгаа залуус нутагтаа буцаж очих хандлага ямар байна вэ. Танай сумын хувьд боловсон хүчний дутагдал байдаг уу?
-Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа 2050 гэсэн томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь хөдөөгийн сэтгэлтийг дэмжих, аль болох Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг суурьшлын бүсээс иргэдийг орон нутагт нь амьдруулах асуудлыг бүх шатны Засаг дарга нар Засгийн газрын хэрэгжүүлж буй хөтөлбөрийн дагуу хийгээд явж байна.
Манай сумын хувьд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргатай ажиллах гэрээг сумын Засаг дарга он, онд байгуулж явдаг. Жишээлбэл, 2023 онд 250 иргэнийг сумандаа авчирч, ажлын байр болоод бусад дэмжлэг тусламж үзүүлэхээр гэрээ байгуулсан. Манай сумын хувьд одоогийн байдлаар 30 орчим иргэн орон нутагтаа очиж суурьшихаар Улаанбаатар, Дархан, Эрдэнэтээс очиж амьдарч байна. Бид аль болох тэдгээр иргэнээ ажлын байраар хангах, дэмжлэг үзүүлэх тал дээр хөтөлбөрийн дагуу ажлууд хийж байгаа.
Ер нь төр захиргааны байгууллагуудад судалгаа явуулж, дүгнэлт хийгээд харж байхад ихэнх нь залуучууд байна. Тухайлбал, сургуулийн багш, ажилчдын 70-80 орчим хувь залуус, төр, захиргааны байгууллагуудын 80-90 хувь нь залуучууд ажиллаж байна. Манай суманд боловсон хүчний дутагдал харьцангуй бага. Эрүүл мэндийн төв дээр гэхэд зургаан их эмч ажиллаад явж байгаа. Сургуульд дандаа мэргэжлийн багш нар ажиллаж байна. Гэхдээ хөдөлмөр, хими, биологийн багш дутагдалтай асуудал байгаа. Бид тухайн үед нь аймгийнхаа дээд шатны байгууллагад боловсон хүчний захиалгаа өгөөд явдаг.
Төрийн захиргааны байгууллага дээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн, бусад 2-3 орон тоо байсан нь шийдэгдэж байна. Тухайлбал, газар зохион байгуулах залуу мэргэжилтэн Дарханаас очиж, ажлын байраар хангагдаад явах гэж байна. Соёлын төвийн эрхлэгчээр Дорнод аймгаас 27, 28-тай залуу мэргэжлийн шалгалтыг нь өгч, томилогдоод энэ сарын 19-өөс ажлаа авч байх жишээтэй. Энэ мэт тухайн үед нь шаардлагатай боловсон хүчнийхээ захиалгыг өгөөд, төрийн албаны шугамын дагуу шалгалтад оруулан, залуусаа байршуулан ажиллуулдаг. Боловсон хүчний дутагдлыг аль болох бага гаргаж, алслагдмал хөдөө орон нутгийг боловсон хүчнээр хангах Засгийн газрын бодлогын дагуу аймгийнхаа удирдлагуудтай хамтраад явж байна.
-Засгийн газраас 2024 оны бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ер нь бүсчилсэн хөгжил бол Монгол орны хөгжилд хэрэгтэй. Баруун бүс гэж том бүс байна. Тэнд газар тариалан байна уу, байна. Үйлдвэрлэл үйлчилгээний том объектуудыг байгуулах боломж нь байна. Засгийн газраас хэрэгжүүлж энэ хөтөлбөрийг маш зүйтэй гэж үзэж байгаа.
Бүсчилсэн хөгжил байснаар монгол орны тухайн тухайн хөгжлийн асуудлууд явагдана. Манай аймаг баруун бүсэд байна. Баруун бүсийн тулгуур төв нь Ховд аймагт байдаг. Жишээлбэл, Ховд аймагт цементийн үйлдвэр байгуулагдлаа. Одоо Увс аймгийг Баруунтуруунтай холбох 165 км замын ажил хийгдээд явж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гэх мэт баруун бүсийн ард иргэдийг өөрсдийнх нь онцлогт нь тааруулж хөгжүүлэх боломжийг байгаа нь Засгийн газрын зөв бодлого гэж сумын удирдлагын хувьд, баруун бүсэд амьдарч байгаа хүний хувьд дэмжиж байгаа. Тэр ч утгаараа манай баруун бүсийн хөгжлийн бодлого тодорхой болж, иргэдийн маань аж амьдралд нь нөлөөлөхүйц хөгжлийн бодлогуудыг хэрэгжүүлэх байх, цаашдаа баруун бүсийн хөгжил өргөжих байх гэж бодож байна.
СУМЫН ХЭМЖЭЭНД МАЛ ӨВӨЛЖИЛТ АРАЙ ДӨМӨГ, МАЛЫН ХОРОГДОЛ БАГАТАЙ БАЙГАА Ч ХАВАРЖИЛТ ХҮНДРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
-Энэ өвөл Монгол орны хэмжээнд нэлээд аймаг цас, зудтай байна. Увс аймаг тэр дундаа Зүүнхангай суманд өвөлжилт ямар байна вэ?
-Ер нь 2023-2024 оны мал өвөлжилт Монгол орон даяар хүндэрч байна. Зудтай, өвөлжилт хүнд байгаа аймгуудын тоонд Увс аймаг орж байна. Тэр дундаас Зүүнхангай сум зудархуу сумын тоонд ороод явж байна. Ерөнхийдөө манай сумын хэмжээнд мал өвөлжилт арай дөмөг, малын хорогдол багатай даван туулж байна. Гэвч Цагаан сараас хойш байгаль цаг уурын хүндрэлтэй олон үзэгдэл явагдаж, үүний улмаас хаваржилт, төл хүлээн авах ажил хүндрэх төлөвтэй байна.
-Зүүнхангай сум хэчнээн малчин өрхтэй вэ. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ?
-Зүүнхангай сум Ханхөхий уул буюу Зүүн Ханхөхийн зүүн хэсэгт оршдог. Манай сум 650-аад өрх, 2400 гаруй хүн амтай. Үүнээс 430 орчим малчин өрх байна. 2023 оны жилийн эцсийн мал тооллогоор 147 мянган толгой мал тоолуулсан.
Манай сум сүүлийн хоёр жил буюу 2022-2023, 2023-2024 оныг дамжаад өвөлжилт хүндрэх, цас зуд болох тохио 11 дүгээр сараас ажиглагдаж, цас ихээр орсон. 2022-2023 онд манай малчид сэтгэлийн бэлтгэлтэй байсан. Бид малчдынхаа өөрсдийн бэлтгэсэн өвс тэжээл дээрээс төр засгаас хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 25 мянга гаруй мал хорогдуулж, хүнд өвлийг гарз хохирол харьцангуй бага даван туулсан. 2023-2024 оны өвөлжилтийн тухайд өнгөрсөн 11 дүгээр сард 30-40 см цас орсон.
Ерөнхийдөө манай малчдыг өнгөрсөн оны найм, есдүгээр сараас эхлээд Засгийн газрын тогтоол, Аймгийн Засаг даргын албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, өөрсдийнхөө боломжид тулгуурлан өвс, тэжээлээ бэлтгэж авсан. Дээр нь аймаг, Улсын онцгой комиссын өвс тэжээл, сумын Орон нутгийн хөгжлийн сангаас бэлтгэсэн нөөцийн өвс тэжээлээ малчдадаа тарааж, хамтран өвөлжилт, хаваржилтын ажлаа зохион байгуулаад явж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Золгуут гэж юуг хэлж байгаа юм бол. Золголт гэж хэлэх гээд байгаа юм уу.