О.Хүрэлбаатар: “Малчин болно” гээд давхиж явтал ээж минь дуучин болгоно гээд хотод авчирсан

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 09 сарын 05

 

ДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин О.Хүрэлбаатарыг “Өглөөний зочин”-оор урилаа. Тэрбээр өнгөрсөн хавар Итали улсыг зорьж, Ардын жүжигчин  Э.Амартүвшинг дэлхийн тайзнаа гаргаж ирсэн дуурийн мэргэжилтнүүдтэй уулзан, улмаар хамтран ажиллах гэрээ хийгээд ирсэн юм. Ирэх арваннэгдүгээр сард явахаар бэлтгэлээ базааж байгаа ажээ.  

 

-Дуулаачийн ангийн оюутан байхад чинь анх ярилцаж байжээ. Өнөөдөр та Монгол Улсын гавьяат жүжигчин болсон байна. Энэ урт зам хүнийг олон юмаар шалгадаг байх, авьяасаас гадна өөр ямар өгөгдөл дуучин хүнд байдаг бол? 

-Би хүүхэд байхаасаа л дуулсан. Гуравдугаар ангиасаа урлагийн үзлэгт дуулж эхэлсэн. Уулбаянд ажиллаж байсан, Соёлын тэргүүний ажилтан морин хуурч Батсүх гэж багш байсан юм, сайн яривал манай хамаатны хүн. Намайг гуравдугаар ангид байхад яаж дуулна гэж санасан юм, урлагийн үзлэгт анх дуулуулсан. Тэр үед “Анх удаа алхаж байгаа хүүгээ хараад ...” гэж эхэлдэг “Ээждээ” гэдэг дууг дуулснаар дуучин болох гараагаа эхэлсэн. Түүнээс өмнө бол манайх Улаанбаатарт байсан. 00-ын өрөөнд ороод дуулаад байдаг хүүхэд байсан гэдэг. Хөдөө гадаанаас хүмүүс ирээд “Танай энэ хүүхэд чинь дуучин болно доо” гэдэг байсан гэнэ лээ. Тэр сайхан ерөөлөөр өдий зэрэгтэй дуучин болоод явж байна. Дээр үеийн хүмүүс мэддэг байсан юм байна, айхтар байж  гэж одоо боддог юм.

-Танай удамд дуучид бий юу?

-Манай өвгөд дээдэс, аав ээж  бүгд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул. Манай суманд Бух гэж том овог бий, энэ бол манай аавын тал юм. Ээжийн тал буюу манай эмээ Орлой мэргэн хутагтынхан буюу Орлойн баячуулын үр сад гэж ярьдаг. Энэ хоёр том удмынхны үргэлжлэл, залгамж халаа нь болж  явна даа. Монгол Улсын Ардын жүжигчин, уртын дуучин Шарын Чимэдцэеэ эгч Орлойн удмын хүн, ээжийн талаараа бид яах аргагүй  цусан  төрлийн холбоотой. Дээхнэ үед  манай ээжийн талд ч, аавын талд ч сайхан дуулдаг хүмүүс байсан  сураг дуулддаг. Аавын маань аав, бидний өвөө бол Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн. Аав маань Алтан-Овооны энгэрт төрсөн гэдэг. Би хүүхэд байхаас ээжийнхээ талыг түшиж, Орлойн удмынхантайгаа илүү ойр байж Уулбаянд өссөн.

-Урлагийн сургуульд хэзээ сурав?

-2001-2007 онд Хөгжим бүжгийн коллеж буюу одоо Монгол Улсын Консерватор болсон тэр  сургуулийн дуулаачийн ангид элсэн орж, Монгол Улсын Ардын жүжигчин, профессор Алтангэрэлийн Бүтэд багшийн удирдлагад суралцсан. Төгөлдөр хуурч нь Монгол Улсын гавьяат жүжигчин Баттөмөрийн Солонго багш байсан. Энэ хоёр багш дээр дуурийн урлагт суралцаж, мэргэжлийн  дуучин болох  гарааг эхлүүлсэн. Энэ сургуульд  намайг оруулсан нь ихээхэн учиртай, бас түүхтэй. Наймдугаар ангиа төгсөөд хөдөө мал маллахаар гараад адуучин болно гээд  эмээ, өвөө хоёрын хайртай хүү давхиж явтал гэнэт ээж минь ирээд “Хүүгээ сургуульд оруулна. Мал дээр гаргахгүй ээ” гээд намрын  нэг сайхан өдөр намайг аваад Улаанбаатар хотыг зорьсон. Тухайн үед Хөгжим бүжгийн коллежийн аж ахуйн албаны даргаар манай Уулбаяны  Оросоо  гэдэг ах ажиллаж байсан. Ээж минь Оросоо ах дээр ирж, “Миний хүү дуулдаг юм аа, сургууль соёлд оруулж өгөөч, шалгуулъя” гэсэн. Ингээд ах минь намайг хөтөлж   явж А.Бүтэд багш дээр очиж   шалгуулаад, улмаар шавиар орсон. 2007 онд сургуулиа төгссөн. Оюутан байхдаа 2003 оноос Цэргийн дуу бүжгийн чуулгад ажилд орж  2011  он хүртэл гоцлол дуучнаар ажилласан. 2011 онд Азид анх удаа “Аида” хэмээх том дуурь тавигдсан. Энэ дуурийн Радамес гэж том дүрд дуулж шалгуулаад өндөр үнэлгээ авсан. Ингээд ДБЭТ-т урилгаар орох санал авч дуучнаар орсноор энэ сайхан хамт олонтойгоо одоо хүртэл хамт ажиллаж байна. Ер нь бол Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад байхад С.Тараа багийн маань хөгжмөөр бичсэн “Чингис хаан” рок дуурь гэж маш том бүтээл тавигдсан юм. Энэ дуурьт дуулсныхаа дараа дуурьт хүч сорьё гэж бодох болсон нь тийшээ өөрийгөө сориход бас их  нөлөөлсөн.

-Нутгийнхаа уран бүтээлчидтэй ойр байдаг уу. Наран ургах нутгийн дуучин, яруу найрагч, хөгжмийн зохиолч гурав хамтраад уран бүтээл хийж гэнэ гэх сураг дуулдсан?

-Мэдээж адуу хүртэл нутгаадаа гүйдэг шүү дээ. Түүн шиг төрж өссөн, өсөж өндийсөн, өвгөд дээдсийнхээ ариун шүтээн болсон уул ус, тэр сайхан нутаг орноороо бахархаж, тэр нутгаадаа зав л олдвол гүйх санаатай, болж өгвөл гараад давхичих  шүү. Нутгийнхаа уран бүтээлч ах нартай олон сайхан бүтээл хийсэн. Алтан-Овоо, Шилийн Богд, Дарьганга гээд нутгийн сэдэвтэй 40 гаруй уран бүтээл дээр бараг л бүх дууг нь дууллаа даа. Монгол Улсын тэргүүн зэргийн Чингис хаан одонт, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч  М.Хатанбаатар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Амартайван гээд нутгийнхаа  ах нартай олон сайхан уран бүтээлийн ард гарсан. Мөн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Батсайхан багш маань байна. Саяхан гэхэд л төрийн их баяр наадмын нээлтэд “Тоонын наран Эх орон” гэж сайхан дуугаа өргөж,  мэргэжлийн хэсгийг нь хаалаа. Энэ дууны хөгжмийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч  М.Хатанбаатар хийж, шүлгийг  нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ай.Төмөр-Очир ах бичсэн юм. Үзэгчдээс маш өндөр үнэлгээ авсан, мэргэжлийн  чансаатай том уран бүтээл болсон. Өмнө нь Сүхбаатар аймгийн түүхт 80 жилийн ойгоор Монгол Улсын тэргүүн зэргийн Чингис хаан одонт, яруу найрагч Г.Мэнд-Ооёо ах шүлгийг нь тэрлэж,  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч  М.Хатанбаатар ах аялгууг нь хийсэн “Хээр талдаа би хайртай” гэсэн сайхан дууг дуулж нутгийн зон олондоо бэлэг барьсан. Наадамтай бараг давхцаад бас нэг сайхан уран бүтээлийн ард гарлаа. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч  Н.Лутбаяр ах “Дээлтэй Монгол” гэж сайхан дууны шүлэг бичсэн. Олон жил дарсан бүтээл. Аялгууг нь хөгжмийг зохиолч Цэн.Эрдэнэбат хийсэн, энэ дуу маань наадамтай зэрэгцэж гарлаа. Ирэх жилийн  “Дээлтэй монгол” өдөрлөг, наадам, цагаан сар бүхий л баяр ёслолоор дуулагдах байх, их сайхан бүтээл болсон. Энэ жил  ер нь олон сайхан шинэ уран бүтээл мэндэлсэн сайхан жил гарлаа. Наадмын үеэр ачаалалтай байлаа. Төрийн бүх тоглолтод оролцлоо. Сүхбаатарын талбайд тоглосон “Учиртай гурван толгой” дуурийн Балган ноёны дүрд дуулж ард түмэндээ бэлэг барилаа.

-Таныг оюутан байхад ярилцаж байлаа. Өнөөдөр та Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг эрхэм цолын эзэн болжээ. Бөхчүүд цол дагаж бяр нэмдэг гэж ярьдаг. Уран бүтээлчдэд ямар мэдрэмж төрдөг юм бол?

-Мэдээж цол дагаж бяр гэдэг шиг маш их үүрэг, хариуцлага ирдэг юм байна. Мөн маш их урам авдаг юм байна. Хийсэн бүтээснээ төрдөө үнэлүүлж, нутаг ус, аав ээж, удмынхаа нэрийг гаргаж төрийнхаа хайр хишгийг хүртэнэ гэдэг сайхан байдаг юм байна. Энэ жил олон сайхан үйл явдал давхцаж байгаа их сайхан жил. Дэлхийд гарах үүд хаалга ч нээгдлээ. Өнгөрсөн хавар Итали улсыг зорьж, тэнд бүтэн сар гаруй бэлтгэл хийж агуу Э.Амартүвшин гэж нэр алдар нь түгсэн Ардын жүжигчнийг гаргаж ирсэн дуурийн мэргэжилтнүүдтэй уулзаж, цаашид хамтран ажиллах гэрээ хийсэн. Ирэх арваннэгдүгээр сард явна. 2024 он маш их өгөөжтэй байлаа, маш их урам авлаа. Улс эх орноосоо, нутаг уул уснаасаа маш их энерги авлаа. Олон сайхан уран бүтээлийн ард гарлаа. Сайхан байна, цаашид улам холыг харж, бодож зорьж явна  гэдэг бол  аливаа уран бүтээлчид ховор олдох аз завшаан, том урам байдаг юм байна. Цаашид  эх орон, нутаг ус, аав ээж, удмынхаа нэрийг цуурайтуулна гэж улам хичээж явна.

-Хүүгээ дуучин болгоно гэж зорьсон ээж чинь бол  мөн ч их баярласан даа. Юу хэлж захиж байв?

-Миний ээж их сайхан амны билэгтэй, цайлган цагаан сэтгэлтэй хүн дээ. Мэдээж эх хүн хүүгээ ерөөлгүй яах вэ, миний хүү олныхоо хайр хүндэтгэлийг маш сайн дааж, хүн чанартай байж, чансаатай сайн уран бүтээлч болж яваарай гэж захиж хэлдэг. Тиймээс ээжийнхээ хэлсэн ярьснаас би хазайдаггүй. Хүүдээ захисан, хэлсэн, хүүгээ ерөөснийх нь  дагуу олон улсын том тэмцээн уралдаануудад оролцож, Оюунчимэг Хүрэлбаатар Монголиа гэж дуудуулан дуулж явна. Ингээд олон улсын уралдааны тайзан дээр  Орост очоод дуудуулахад хамгийн эхэнд ээжийн минь нэр дуудагддаг. Монгол гэдэг нэрийн урд ингэж дуудагдана гэдэг том хувь заяа, тийм болохоор би ээжийгээ бурхан гэж боддог, тийм болохоор би ээжийнхээ хэлсэн  бүхнийг маш сайн санаж, хэрэгжүүлж хичээж, одоо удахгүй дэлхийд нэрийг нь дуудуулах, бүр олон удаа дуудуулах цаг ойртож байна гэж бодож явна даа. Чансаатай сайхан уран бүтээл хийж, ээжийнхээ нэрийг, эх орныхоо нэрийг, нутаг ус, уул усныхаа нэрийг өндөрт мандуулна гэж зорьж байна даа.

-Монгол Улсын гавьяат жүжигчин А.Бүтэд багш мэргэжлийн хүний хувьд ямар зөвлөгөө, сургаал хэлж ирэв?

-Миний багшийн хэлдэг үг бол “Миний хүү эхлээд хүн байх хэрэгтэй. Дуучин хүн бол эхлээд хүн болж байж  л дараа нь дуучин болдог юм шүү дээ” гэж захидаг. Энэ үгийг нь би байнга санаж явдаг. Миний багш өөрөө хүн чанарын дээд болсон, олон түмэндээ хүндлэгдэаж хайрлагдсан агуу уран бүтээлч. Багшийнхаа үйл хэрэг, хэлж захисныг үргэлж санаж, үргэлжлүүлж,  шавь нартай болохоороо уламжуулан захиж хэлж явна гэж боддог.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top