“Энгэр нь товолзох охид (60 талд)”-ын дүрслэлтэй шүлгүүд

Админ | Zindaa.mn
2024 оны 09 сарын 12

(Тайлбар зохиол)

“Юу ч үгүй (89т)”, “Хөв хөндий орон зай (93т)”, “Гүн хөх тэнгэрийн чөлөө”-гөөр “...Унах сүүлчийн навчис нь уйтгар хэлэх (Намарт илгээх захидал.24т)” гэх мөрүүд шигээ бусад шүлгүүддээ ч О.Бүрэнцог байгалыг үгүүлэмж болгоод, бас “Энгэр нь товолзох охид”-ын дүрийг шүлгээ урлах, анхны эх үүсвэр, дүрслэхүйн хөврөл болгожээ. Үзэгдлийн тогтонг бусыг хамгийн хорон үгээр бичиж болох ч О.Бүрэнцогийн хувьд шүлгийн аль ч мөрдөө, “Өндөр турь өвсний Туниа муутай шилбэ (12т)”, “Өвсний өлмийн турьхан сүүдэр” өшиглөж (завязка), зуныг туулж намрыг урих шувууд (85т)” гэх байдал, төрхийн хуучин бичвэрийг ойр зуур, хэсэг бусаг баримт (натурализм) ашиглаж хийсвэр санаа өгч, “Намрыг тууж ирэх салхи (87т)” гэх шиг өвөрмөц олон сэтгэмж (романтик) үүсгэж бичжээ.

Аж амьдралын эмх замбараагүй мөн чанар (субъектив)-ыг, сэтгэл хөдлөлтэй зэрэгцдэг практик үйлд нь холбож, “Бүрэлдэн хувьсах цагийг Бөөцийлж яваа бие минь Намрын дохигор өвс шиг Бөгтийн бөгтийн нумарна (Намарт сэрэх гуниг.82т)” гэв. О.Бүрэнцогт, ажигламгүй хам хумхан төсөөлөл (9т)-т хийсвэрлэлийг чагнах(13т) байдлаар мөрлөж, шүлгийн дотор далд утгын “Тогтоол усыг тэнгэрийн нүд, шөнийн харанхуйг сарны хөшиг (4т)” гэсэн шиг шинэ үгс бүтээдэг туршлага байна.

Шүлэглэх эрчимтэй цаг (87т)”-ийг хүншсэн (персонификаци) нам гүмийн орчинтой зэрэгцүүлж ийш тийш өнхчүүлсөн хөдөлгөөний хэлбэрийн дүрслэх аргыг О.Бүрэнцог “Ягаахан даашинзтай охин Өсөж өсөж өтөл болдог (82т)” мөрд хэрэглэжээ. О.Бүрэнцог зүйрлэлийг “Дарвуулт хөлгийн тавцан (5т)” мананд ээрэгдэх, “Сарны гэрэл хялгас ончрох адилаар утаслаг болох (67т)”, “Өдрөөс өдөрт соёологч мод Өнчин дэгдээхийг ч бүл болгох (“Аварга мод.11т)” гэх зэргээр зүйрлэж, “Дахин эхлэх зуун (11т)”-ны нүдээр хараагүй, нүүрээр тулаагүй бүхнийг зохиолууддаа багтаахыг хичээжээ.
 


Үхэл дээл солихын төдийд гэдгийг биеэс салсан сүнсээр зүйрлэснээс гадна шүлэглэх хөдөлмөрт өдөр шөнийн ялгаагүйг О.Бүрэнцог “Шөнийн шүлэгч (66т)”-дээ нэрлэж,

“Там болоод диваажингийн хаалгач

Та мөн үү гэж миний муу тохойноос татах (96т)” бурхад,

“Даяанч мэт гансран суугаад

Дур хүслийг өдөөгч шүлгээ

Дураар хэлхэж хоном уу тэр (66т)” гэжээ. 

“Хийсэн буух тагтааны өд (6т)” гэх шиг үгийг сүвлэж, үйлийг хөтлөгч (11т) аль ч мөр (прототип)-ийг мэргэжлийн төрхөөр чимж “Итгэл найдвар гэгч (12т)-ийг ямагт айсуй яваагаар, ойртон ирж буйгаар эгц урдаас нь төсөөлж бичдэг онцлогийг О.Бүрэнцогийн “Турь өвсний шивнээ (ред.Г.Бямбажав).2019.114т”, “Дэлхий дээр, ертөнцийн доор.2021”, “Өөр шиг минь тод (ред.М.Уянсүх).УБ.2024” номууд, шүлэг бүтээлээс ажиглав.

О.Бүрэнцог “Сэтгэл минь улирал минь (15т)” мөрөө, улирлын дөрвөн өнгө сэтгэлд байдгийг “...нийтгэж (108т)”, хүн тийм ааш аранштайг холбож, хүчээр нийлүүлдэг мёбиуса талстын сүлжмэл  байршлын загвараар бичжээ. Утга агшаан дүрсэлдэг аргын ийм загварыг “Элэн халих шувуудын далавчнаас Бутран унасан цэцэгс, цас (98т)”, “Жам зөөлрөх цагийн өнгө (107т)”, “Ертөнцийн зохист хувьсал ер бус давтагддаггүй (107т)” зэрэг мөрүүдтэй шүлгүүдээс ажиглаж болно.  О.Бүрэнцогийн бичлэгийн хэлбэр (импрессион) нь шүлгийн мэдээллээ тусгасан байна. Жишээ нь, “Бидэн хоёрын дээр Одод асгарна Нөмрөгч оддын гэгээнд ертөнц чихээ тавимуй (Агшин.34т)” гэж цааш задран (вольный) чих өрөмдөн шургах, эсвэл “Ш.Бодлерт цэцэгс ган тайлна, тэнгэр цэлмээнэ, солонго нарны бөгж мэт нумарна (Тогорууд ба Ш.Бодлер.15т)” гэх үгүүлэмжийн гурвал аяс зэрэгцдэгийг гаргаж хэлүүлэх, ийм өвөрмөц бүтээцтэй “Шуудангийн хайрцаг, захидал, хүлээлт амьдрал (50т)” гэх шиг мөрүүд О.Бүрэнцогт бас байна.   Харин “Өөр шиг минь тод.УБ.2024”  номын “Элегия(14т)”-д “Цөс царцаам хахир дуу амгаланг эвдэж шөнийн зайг бүрхэх (14т)” байдал, мөн далд совинг “Гэзгээ задлах бүсгүй (17т)”-гээр харуулах бичлэгийн өөр, өөр хэлбэр илрэх нь О.Бүрэнцогийн урлан дүрслэх баялаг аргууд болно.

Нэргүй шүлгийн агуулга (задача)-ыг О.Бүрэнцог, бадгаар сунгах бус мөр дотор нь зангидаж “Аж төрөх ахуй ёсны ертөнцөөсөө Авч болох бүхнийг өөрөөсөө эрнэм (16т)” гэж хураасан бол, үлдсэн шүлгийн нь мөрийг дэлгэрүүлж задлах боломжтойгоор  дүрсэлжээ. Үйлдэлд тарж бутралгүй үлддэг огимол дүрслэгээт байгалын зураглалыг О.Бүрэнцогийн нэргүй шүлгээс ажиглая. “Шувууд ганганан өнгөрөх, хяруу алгадан царцах, оройд будагнах манан,  оргилд бүдэрч сарних салхи”-ны үгүүлэмжээр чимсэн дүрслэлээс уншигчид “УУЛС (4т)” болохыг төвөггүй гаргах биз.

Сэтгэлийн лонхоо мушгихад гэх шиг багц зүйрлэлдхи гарчиг доторх бүтээлээ, “Дэндүү их навчтай мод, бутад жимс тун бага ургадаг (А.Поун)”-ийг адилтгаж, шүлгээ  бичвэр, хэл найруулгын өө сэвгүй бичихийг О.Бүрэнцог хичээдгийг “Тогоруу шувууд (15т)”-ын “Хөөрөлдөөн”-өөр жишээлье. Жимслээгүй өнжсөн нүцгэн мод бараадсан

“...Тоолох тоотой (13т)

Хэдэн шувуу дуулж

Ганц шувуу нисэж

Хөл нүцгэн шувууд” суусан үйлдлийн цөөн үг хэллэг цуглуулж дүрсэлсэн нь ийм бадгийг бүтээжээ. О.Бүрэнцог шүлгийн дүрслэлдээ цохолбор мөр бадаг, эсвэл нэг үгэнд  зэрэгцдэг давхар зүйрлэлт утгыг хэрэглэж байна. Жишээ нь, эмээлд “Сац мөнгөн даруулга (26т), сэтгэлд “Сар мөнгөн...санаа (Дотоод санаа.32т)” гэх шиг. Харин  адилтгавал “Хундагны амсар шиг сар (21т)” гэж үгсээ шилжүүлж байршуулжээ. Эдгээр бичлэг бол дүрслэлийн овоолго, цалгиж асгарсан чамирхал үгс ч биш, харин ч мөр бадгаа тодотгожээ. “Гал луу жилийн 7 сар (111т)” гэх шиг “Амьдралд гүүр бологч дүлий мэт цаг хугацаа(71т)-ны дүрслэлдээ О.Бүрэнцог “Хүй цөглөсөн” амьдралын хам шинжийг хэрэглэжээ. О.Бүрэнцог байгааг л дууриалган дүрслэх  аргын нэг ерөнхий онцлог гэгддэг ийм хам бичвэрт гаршсан бололтой. Жишвэл, “Анхны ба эцсийн цас (41т)” гэсэн мөрийг утгалбал, улирлыг “...томъёолсон (108т)” өвөл хавар хоёр байх аж. Мөн “Энэ хаврын яргуй (16т)” мөрд ч үг нь бус утгын дүрслэл нь гэвэл, “Шинэ өглөөг өмсөөд... (68т) гүйх дүрслэл нь өдөр шөнө хоёрыг багтаасан хэлэмж болох биз.

Зун, зуншлагын төрх байдлын төлөөллийг шүлгийн бадаг дунд “Аль зүгийн дохио вэ (31т)” гэж “зун, зүг” хоёрын хам шинжтэй асуулга мөр  хэрэглэж, хавар намар өвлөөс зуны улирлыг ялгажээ. О.Бүрэнцогийн дүрслэх аргын энэ хэлбэр бол ертөнц дээр байдагтай адилгүйгээр зуны гайхамшгийг үнэн байдлаас бүр илүү болгож таниулах гэсэн л оролдлог юм. Ямар байх ёстой(романтик)-г харуулдаг О.Бүрэнцогийн дүрслэл нь, “Жимсний амт уруул даваад Зүрхний цэцэрлэгт охь болдог (112т)” гэж байгаа нь бусдын шүлэгт тохиолддог хэв шинж (субъектив)-тэй адил байна.

Харин, “Ханьдаа” шүлгийн бадгийг хашсан ЗАМ гэх утга бол зохиогчийн өөрийн субъектив санаа. Түүнийг ажиглая, 

“Чиний минь тархины зам

Миний зорчих хурдны зам

Чиний минь сэтгэлийн зам

Миний сэтгэлрүү урсах сүүн зам (44т)” гэжээ. Учир, утга бишийн хэлбэрийг хол ойрд ялгарч зэрэгцдэг дотнослоос гаргавал,

“Дэлхийгээ олох шиг биш

Дээлээ тайлах шиг биш

Дэнлүүгээ унтраах шиг биш

Даанч аль аль нь биш биш... (Биш.46т)” гэмээр эргэх хариу өгч, тухайн үйлийг чадахгүй бүхэн нь  өөрийнхөөрөө байх нь зөв гэдэг үл үгүйсгэх боломж үүсгэдэгч, ёс бус сөрөгцөл нь түүнийг “мөн биш”-ээр үгүйсгэж, уруу бас яруу хувирлын дүрслэл биш дэл сул үгсийн цуглуулга төдий болгож дэндүү хялбарчилсан байв. 

Бичлэгийн гол хэв, төлвийн зүйл гэмээргүй ч зохиогчийн санаа (субъектив)-наас эхтэй “Нисэж яваа ганц шувууны нүүр (24т)” гэсэн мөрийг адилтгах дүрслэлд, “Хөх сарны нүдийг гишгэх (53т)”, “Зэгсний алтан хоолой Зээр гөрөөсний хөлөөр шүгэлдэв (Тэнгэрийн зүүд.50т)” гэж юмшуулж (вешизм), эсвэл хүний адгууслаг (натурализм) шинжийг хуулбарлаж, аяс бусын хий биет амилуулсан “Хөх мөнхийн чөлөөнд сүнсээ нисгэсэн (37)” үйлд сонгогдсон “Ганц бөгтөр өвс (13т)” гэсэн шиг үгсийн хувьд бусад шүлгийн илэрхийллийн утгаа бүрэн өөрчилж, “Улаан амт (92т)” гэх шиг хэлний хэрэглээнд хааяа тохиолддог үгийн эвдрэл (спиноз)-ийг үүсгэжээ.

Сүсэглэх юмгүй байхын эсрэг “Амь орсон хохигор салхи (Эрвээхийн сүүдэр.23т)”,  бурхан тэнгэр, эсвэл “Уулсын магнайн үүлс (33т)”-тэй үгээ ололцох үй түмэн аргын нэг гэгддэг “...уруулаас дэлгэрдэг (25т)” үг, хэлийг шууд тулгаж дүрсэлсэн “Самрын модонд залбирах хэрэм (Өвлийн нууц.45т)” гэсэн шиг далдлалыг ажиглав. Иймэрхүү сэдэвт “Дахин төрөх хүслэн (108т)”-т санаа, “Андаа үгүүлэхүй (30т)”-н уярал, “Бурхантай хамт хоносон (93т)”, “Сүнс (62т)-тэйгээ хүүрнэх (39т)”, “Эцсийн тасалбар (11т)” “Жамын өмнө.69т”, “Санваартны уншлага шиг өвс (56т)”, “Удган эмийн хэнгэрэг Жангас тайгын айлд цууриатах (70т)” зэрэг бичвэрийн бүтээцийг тайлбарлавал, “Үл үзэгдэх амь бие Аргалын утаа шиг манант Орон зайн амьдрал”, эсвэл “Үүрэглэх муур хий үзэгдэлт сүүдрээсээ Хирдхийтэл гэнэт цочиход Хөшиг айх шиг татвас хийх (63т)”-д, “Амьд бүхэн нэгэндээ хань болдог (Нохой хөтөлсөн хүн.28т)”-ийг таниулахуйц арвин дүрслэлтэйг тэмдэглэе. 

О.Бүрэнцог үг, бас утга давтаж байна. “Түлхүүр тааруулах Түмэн хаалгыг нээхийг хичээх (36т)” өөш орхиод, хажуугийн “...Хаалга хаагдахад дараагийн хаалга нээгддэг (Бяцхан хот.69т)”-давтамж бичлэгийн мөрийг урьд нь хэн нэгнээс уншсанаа санав. “Улаан гал (93т)”, “Улаан навч (73т)”, “Улаан загас (105т)” ч шүлэгт тань үе үе таарахыг урьд бол  “...Доголон зүрх (52т)”-ний ядмаг бичвэр, “Хэрэггүй санаа (73т)”-ны базаахгүй дүрслэлд оруулж  байсан (“Үйлээр бус цохолбор дүрслэлээр, тарж бутраалгүй утгалсан үгүүлэмжтэй шүлгүүд. Өглөөний сонин.2021.01.08.№005\3310)-ыг сануулсаар байхад.

О.Бүрэнцогт гаршсан сэдвийн дотор “Үс цайж үг цөөрөвч үл амсхийх оюун санаа (31т)”, мөн шивэр авир эсвэл авир шивэр хийлцэх “Гүйцэд танигдаагүй өнө эртний дэлхий (43т)”, бас “Юу ч болоогүй мэт Тув тунгалаг мэлтийх тэнгэр (37т)” ордог байна. “Миний амьдрах тоонот дэлхийг цаг хугацаа бөгтөрч, 80-н живаа (20т) одод нь шимнэ. Өндөглөсөн олон шувууд адил мэхийгч хүмүүс түүнд шимэгдэнэ (40т) гэсэн дүрслэлтэй “Одод түгсэн шөнө (Ван Го-д.42т)” нэрээр зориулсан эзэнтэй шүлгээ төгсгөхдөө, зохиогч нь “Миний лээ зүрхэнд ингэж бууна (40т)” гэснээрээ дэлхийн тухай  дүрслэл нь онцлог байв.                                      

Өчигдөр, маргааш гэдэг ярианы загварыг “Сүүлдэж тавьсан асуултад Хариулт хүлээх шиг ирээдүй” мөрүүдэд О.Бүрэнцог ашиглажээ. Харин үгүүлэмжийн гурвалыг “Хар чийгэнд хүндэрч Хиагны үзүүр (толгой.Д.Х)-т тунаран буй Шүүдрийн ус (58т)” гэх бадаг, ”Өвсний амьтай эх орон Шаргын говь (116т)”, “Биелж амжаагүйг, биелүүлэх (41т)” гэж хэлсэн мөрүүд шиг утгын гурвалууд олныг харав. “Гүн шим (44т)” шүлгээ төлөөллөөр дүрсэлж, ухаарлын нас намбыг “Торгомсог ишин дээр нь Тогтож чадалгүй холбирох Томоогүй бяцхан эрвээхий” гэжээ.

“Харанхуй доторх сүүдэр, мөнх бишийн хөндий (57т)”, “Миний хөрөгтэй хадгалагдах чулуу (76т)”, “Биегүй зүүдэнд (сүнс.5т)”-ээ, аялагчид шиг...(18т)”, “Эргэж төрлөө олсон уу? Эсвэл нэг л төрсөн үү? (48т),  залбирагч лам мэт “Ганц (4т) хэрээний хөшөө (59т)”, “Өмнөдийн салхин дор алхах (30т)”, “Чанасан кофены үнэр (29т)”, “Дотоод ертөнц (31т)-ийн эрчим ба хүн шувуу (14т)” гэсэн шиг өвөрмөц сэдвүүд, урлахуйн жинхэнэ баримт “Шүлгийн санаа (27т)” сонгосноо О.Бүрэнцог, “Тасалгааны цэцэг шиг үндэслэх Таримал ухааны ташуу хийсгэл (71т)” бодлоос нэвчин шүүрэх (20т) сэтгэлээ цэнэж, чагнах адил “хүрдлэх (6т)”, “Он цаг (5т)”-ийн турш “Чөлөө завгүй үймэгч орчин (3т)”-г гадна дотно (31т)-гүй уудалж “Өөр шиг минь тод (ред.Г.Бямбажав).УБ.2024”, мөн “Дэлхий дээр, ертөнцийн доор (ред.М.Уянсүх).2021” нэрээр “Хэн нэгэнд дуудаж өгөх шүлэг (24т)”-ийн сайхан номууд хэвлүүллээ.

“Гэрлийн цөм, тэнгэрийн солонго шиг торгон сар /2024он(Fb)/” бол мөр биш шүлгийн нэр, эсвэл “Янзага зүүдэлж сэрэх хээр талын шивнээ (37т)” гэх шиг дэндүү уртадсан гарчгийн доор дэндүү богино шүлэг уншигддаг байна. Бичвэрийн ийм харьцаа нь О.Бүрэнцогийн шүлэгт, богино хугацааг буюу “Нүүх үүлний сүүдэр” төдийд унтаж сэрдэг янзагийн онцлогийг тэнгэрийн санаанд холбожээ.

Шүлэгт,

“Ээжээсээ төөрчих бий гэж

Зүүдээ өгсөн хөх тэнгэр нь

Салхиараа бас дагадаг юм (57т)” гэх жишээний.

Гэтэл, “Нар шингэх агшин (74т)”-ыг залгах “Шөнийн түнэр (87т)”-т “Хялганын толгой бөгжилж, Хяр дээр дүгрэглэх (120т)”, “Хумсалж шигтгэсэн ором шиг Хорчгор туранхай, өнчин (87т) сар (48т)”-ны гэрэл асгарах, чийглэг (10т) хөх униар (77т)”-т, огторгуй (90т)”-н дор

“Эвцэлдэн орших

Эх амьтны зөнг би

Эсээрээ гүн мэдэрч (122т)” байгаа хэн нэгнийг холбож шүлэглэхдээ эх, эцэг амьтад эсвэл эхнэр нөхрийн далдлал ашиглажээ. О.Бүрэнцог эвцэх “...үзэгдэл (28т)”-ийг “Үнэрээ гээгээгүй цэцгийн Толгой дамжих (41т)” эрвээхий, дэрвэх чимээ нь намайг хувиргах (41т)” алчуурын үнэрээс гадна, “Харцны үзүүрт сэмрэх Халиун шаргал үст Хамт хономоор бүсгүй (Голланд эмэгтэй.15т)”, “Хүзүүгээ үнсүүлсэн бүсгүйн ичингүйрэл, Таатай мэдрэмждээ үл ханах Тасархай жаргалтай эр бие (76т)”-тэд, “Байхгүйг үүсгэгч балбагнах зүрх (52т)” хоёроор нь, харин мэдрэмжийг “Хар тунамал гэзэгний Хавчаарт сондор шигтгээ Хавирган сарны гэгээ (75т)”-ний “Үл үзэгдэх аяс (Бороо.123т)” нь төлөөлдгөөр шүлэглэсэн байна. 
 


Хүчлэх дутам элэгддэг амьдрал, харсан туулсантай адилтгам төгс дүрслэл шаардсан байх гэмээр эгэл доордод хүртэмгүй тэнгэр, бурхдын үгээр ярих бичлэгтэй “Мөнхийн ногоон Европ (36т)” шүлэг шиг шүлгийг хайж уншдаг нэгэнд бол шалихгүй юм гэж хайнга хөндий хандсан гэмээр зарим мөр, бадаг,  шүлгүүдээс нь эши татвал, “Хань Сарантунгалагт (77т)”, “Алсад суувч дэргэд чамдаа (79т)” зэрэг нэлээд зохиолын агуулга нь “Тэврэлдэх, чиний элч, танхил цээж, хөтлөлцөх хүсэл, хөлчүү сэтгэл” гэхчлэн зөвхөн ахуйн захидлын хандлагатай болсон байна. Амиа хичээсэн үзлийг “Уруудах зээр шиг дэгжин охид Эр ханхар цээжний түрэлтэд Энгэр нь товолзох (60т)” бүсгүйн дүрслэлээр гаргаж, бас “Хаш далавчит (38т), эрвээхийн хөлстэй даль (89т)” юу, яаснаараа элэг нь жиндэх цахлай, хараацай, тасын жигүүрээс өөр вэ? (89т) гэдгийг ч дүрслэх аргын асуух (риторический вопрос) хэлбэрт  шигтгэжээ.

О.Бүрэнцог, “Би...”-г гарын доорх юмхнаар гэдэг шигээр бүтээдэг цувралуудын нэг “Энд юуны учир-1 (46т)” шүлгээ, “Сорвитой улиасны уйлах шүүс (нулимс), хагдран зулж ужгарсан шархтай навч, хугарч саглайсан мөчрийн савчаа (47т)”-г өрөвдөхийн учраар, уул налсан мод, уйлсаар үрэгдэх ч мод сүйтгэгч хүн хоёрыг холбож дүрсэлжээ. Үзэх, сонсох үнэрлэх, амтлах мэдрэмжийн хуримтлалт санааг нэгтгэж, нэг нь нөгөөгүйгээр үл орших сэтгэл нэн эмзгийг “Тив сэлгэх их нүүдлийн түрүү шиг (Л.Түдэвт.35т)” хэмээжээ. Мөн “Титаникийн аялал (45т)” реквием нь “Мөсөн уул, 4 сарын аялал, эмгэнэлийн симфони, хашгираан сонсдох” үйлдэл төдийхнөөс бүтээгджээ. 

Мөн цаг үеийн хэл гэгддэг зан төрхийн дүрслэлийг “Дианардын далайн эрэг (59т)” шүлэгт гаргахдаа, “Нарны тоос, шаргал өдөр, уснаас түрэгдсэн хясаа, сээр нь гэрэлтэх загас (59т)” зэргээр хийжээ. Иймэрхүү сэдвийн бусад дүрслэлдээ ч, “Тэнгэрийн зүүлт...(33т)”, “Жинстэй хөх уулс (116т)”, “Туулай саран (40т)” зэрэг ардын хэлний баримтыг ч ашигласныг тэмдэглэе. О.Бүрэнцог “Голландын намар (15т)”-ын “бүчим үдэш (51т)” шүлгээрээ “Монгол нутгийн өвлөө зөгнөж (16т)”, харин “Огторгуйн координат (52т)” шүлгийн агуулгадаа “...Сарны сормуус (63т)-ын огтлолцол, сүүмэлзэх одод (7т)-ын шугаман цэг, харанхуйг зүсэн цахих шувуудаас үүсэх гялбаа, гараг ертөнцийн зөрлөг, мөчлөгийн хэмжээс (52т)” гэх шиг математикийн ухааны томъёо, зарим үг хэллэг хэрэглэсэн нь оновчтой болжээ. 

“Бууран голын хөвөө”, “Чийг зуухын голын тохой (27т)” шүлгүүдээ эвлүүлж, уран хажиндсан (76т), “Мэдмээр ч юм шиг... Бас мэдмээргүй ч юм шиг (5т)” үг, хэллэгийг нь нуга нутгийн сэдэвт шүлэгт байх л ярианы найруулга гэвэл, зохиолд бүтэн мөрөөр орсон “Исгэсэн жүржний хальс шиг хацар (94т)”-ыг хэрхэн үнэлэхийг “Энгэр нь товолзох охид (60тал)”-ын дүрслэлд сэтгэл хөдөлсөн уншигч танд үлдээв. О.Бүрэнцог шүлэгтээ олж харсан нар тунасан гуулин тал (57т)-д “Хэлтгэр сүүдэр (74т)”-тэй “...Шүлэг шиг өвс (55т)” ургадаг гэсэн мэдээгээр нь миний тайлбар зохиол төгсөв.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,  МУБИС-ийн багш,  доктор профессор Данзанноровын ХҮҮ

УЛААНБААТАР. 2024.09.03

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top