ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох СУНГАА эхэллээ

2024 оны 09 сарын 26

-Орон нутгийн сонгуульд түүхэндээ хамгийн олон нам өрсөлдөж байна-

Ирэх аравдугаар сарын 11-нд болох аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын буюу олны товчлон нэрлэдгээр орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэллээ. Нэр дэвшигчид албан ёсоор үнэмлэхээ гардан авч сонгуулийн сурталчилгаагаа эхлэх эрх нээгдэж, гараанаасаа гарцгаав. Иргэдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн хамгийн амин чухал асуудлыг шийдэх учиртай төлөөлөгчдийг сонгох сунгаа ийнхүү эхэлж байна.

Орон нутгийн энэ удаагийн сонгуулиар 2393 тойрогт нийт 8031 мандатын төлөө 17400 гаруй нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд аравдугаар сарын 9-ний шөнө дунд 23:59 цагт сурталчилгаа өндөрлөх учиртай. УИХ-ын өнгөрсөн сонгуулийг мажоритар, пропорциональ хосолсон буюу тойрогт өрсөлдөх, намын жагсаалтаар сонгох гэсэн холимог хувилбараар явуулсан бол орон нутгийн сонгуулийг 2020 онд баталсан  хуулиар дан мажоритар буюу нэр дэвшигчид тойрогт өрсөлдөж, сонгогчдын олонхийн саналыг авсан нь ялах зарчмаар явуулах юм.

Орон нутгийн сонгуульд зориулж улсын хэмжээнд нийт 2230 хэсгийн хороо байгуулжээ. Монгол Улсын 21 аймгийн ИТХ-ын сонгуулийн 558 тойрогт 751 мандатын төлөө, 330 гаруй сумдын ИТХ-ын 1642 тойрогт 6922 мандатын төлөө, нийслэлийн ИТХ-ын 12 тойрогт 45 мандатын төлөө, дүүргийн 181 тойрогт 313 мандатын төлөө улсын хэмжээнд  дээр хэлсэнчлэн 17400 гаруй нэр дэвшигч өрсөлдөж эхлэв. Эдгээрээс бүх шатны ИТХ-д 8155 хүн л ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох юм. УИХ-ын сонгуульд Монгол Улсын 25 нас хүрсэн иргэн нэр дэвших эрхтэй бол орон нутгийн сонгуулийн онцлог гэвэл 18 нас хүрсэн иргэнд нэр дэвших эрх нээгддэг.
 

Аймаг, нийслэл, сум дүүргээрээ оролцохоор бүртгүүлсэн намууд өөр өөр. Улаанбаатар хотоор жишээлж үзэхэд, Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 15 нам, нэг эвсэл оролцохоор бүртгүүлсэн. Эдгээр нь  Монгол ардын нам, Ардчилсан нам, Иргэний Зориг ногоон нам, Үндэсний эвсэл, Бүгд найрамдах нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөр нам, ХҮН нам, Ард түмний хүч нам, Үнэн ба Зөв нам, Ард түмний олонхийн засаглал нам, Гэр хороолол хөгжлийн нам, ШИНЭ нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам зэрэг юм. Урьд өмнөх орон нутгийн сонгуульд ийм олон нам, эвсэл орж байсан түүх байхгүй гэдгийг тухайн үед СЕХ-ны төлөөлөл мэдэгдэж байв. Энэ нь нам, эвслүүд орон нутгийн сонгуульд УИХ-ын сонгуулиас ч илүү шахам ач холбогдол өгдөг болсны нэг илрэл юм.

Явцын дунд АН, ШИНЭ нам хоёр хамтран орон нутгийн сонгуульд оролцохоор болж Санамж бичиг байгуулсан. Хамтарч  ажиллах санамж бичигт АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, ШИНЭ намын нарийн бичгийн дарга Б.Гантулга нар гарын үсэг зурсан юм. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалын хэлснээр энэ удаагийн Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд АН 8100 гаруй нэр дэвшигчээ өрсөлдүүлэхээр бүртгүүлж, аймаг сум, нийслэл, дүүрэг гээд орон нутаг бүрийн онцлогт тохирсон мөрийн хөтөлбөртэй оролцож байгаа ажээ. ШИНЭ намын хувьд олон асуудалд АН-тай нэг үзэл баримтлалтай байдаг учир хамтарч, нэгдэж оролцохоор болсноо мэдэгдэж байв.

Нийслэл нийтдээ 12 тойрог, 45 мандаттай. Үүнд, Баянгол дүүрэг зургаан мандаттай нэг тойрог, Баянзүрх дүүрэг 10 мандаттай гурван тойрог, Сонгинохайрхан дүүрэг 10 мандаттай хоёр тойрог, Сүхаатар дүүрэг дөрвөн мандаттай нэг тойрог, Хан-Уул дүүрэг зургаан мандаттай нэг тойрог, Чингэлтэй дүүрэг дөрвөн мандаттай нэг тойрог, Багануур дүүрэг хоёр мандаттай нэг тойрог, Багахангай дүүрэг нэг мандаттай нэг тойрог, Налайх дүүрэг хоёр мандаттай нэг тойрог болон тус тус зохион байгуулагдаад байна.

Орон нутгийн сонгуулиар таны оршин суугаа аймаг, сум, нийслэл, дүүргийн амин чухал асуудлыг шийдэх төлөөлөгчдийг сонгох учраас сонгогч бүр идэвхтэй оролцох учиртай. УИХ-ын гишүүд, сайд нараас “шат алгасаж” нэхээд байдаг мөнөөх гудамж талбайн эмх цэгц, хог новш, золбин муур, нохой, автобусны хүртээмж, өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, ногоон байгууламж, амарч, зугаацах талбай, хүүхдийн тоглоомын талбай зэрэгт таны орон нутгийн сонгуулиар саналаа өгч гаргаж ирсэн орон нутгийн Хурлын төлөөлөгчид санаа тавьж, хүч хүрэхээ өөрсдөө шийдэж, хүч хүрэхгүйгээ тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хүч хавсран шийдэх учиртай. ИТХ-ын төлөөлөгчөө сонгох сонгуульд хойрго хандчихаад дараа нь ийм тийм юм болсонгүй хэмээн амьдрах орчноо сайжруулах зүйл нэхэж суухын өмнө хэнийг төлөөлөгчөөр сонговол тухайн орон нутгийн тулгамдсан асуудлыг нааштай шийдэж өгөхийн төлөө, түүнийг ажил хэрэг болгохын тулд сэтгэлээсээ явж чаддаг, хэн түүнд хэрэгтэй төсвийг татаж төвлөрүүлэхийг зорьж УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч, гар нийлж ажиллаж чадах вэ гэдгийг нь харж, тийм хүнийг нэр дэвшигчдийн дундаас олж сонгохын төлөө санал хураалтдаа идэвхтэй оролцох ёстой.

Улаанбаатар хотынхон гэхэд утаа униараа хэрхэн багасгах, байсхийгээд сольж хольж мөнгө угаалаа гэдэг бордюрын асуудлыг цэгцлэх, гэрэл цахилгаангүй суудаг алслагдсан хороод тийш цахилгаан татах, олон км алхаж, хүйтэнд даарч зутарч, халуунд ангаж цангаж сургуулийн бараа хардаг багачуудад зориулж оршин суугаа нутаг дэвсгэрт нь ойр сургууль байгуулах, цэцэрлэгийн тоог нэмэх, ажилгүй иргэдийг өөрт нь тохирсон хөдөлмөрөөр хангах, ЖДҮ эрхлэгч иргэдээ дэмжих зэрэг асуудлаа нийслэл, дүүргээс сонгосон төлөөлөгчидтэйгээ хамтран ажиллаж гарц гаргалгаа олох, шийдэх боломж бий.

Хөдөө орон нутгийнхан зудад малгүй болсон иргэдээ малжуулах, малын түүхий эд, ноос ноолуур, мах, сүү, цагаан идээг ченжээр дамжуулалгүй нөхөрлөл, хоршоо байгуулан төв сууринд борлуулах, хадлан тэжээлээ хамтран бэлтгэх, тариа ногоогоо зохих үнээр худалдаалах, газар нутгаа зөвшөөрөлгүй этгээдүүдээр ухуулахгүй байх, нутаг бэлчээрээ хадгалах, хамгаалах, сум, багийн элэгдэж муудсан барилга байгууламжийг засаж шинэчлэхэд аймаг, сумаас сонгогдсон Хурлын төлөөлөгч тань л тусалж, хэрэгтэй хөрөнгийг төсөвт суулгаж чадна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 11-ний өдөр 07-20 цагийн хооронд болно. УИХ-ын сонгуультай харьцуулахад бүтэн хоёр цагийн өмнө санал хураалт өндөрлөх юм. Иймээс өмнөх сонгуультай адилтгаж санал хураалт дуусах хугацаа 22 цаг хэмээн андуурч сонгогчид алгуур хөдөлж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй болж байна. ИТХ-ын төлөөлөгч сонгоход сонгогчдын ирцийн босго тавихгүй ч яг таны оршин суугаа газрын тулгамдсан асуудлыг шийдэж чадах төлөөлөгчөө сонгох сонгууль тул иргэн та бүү хойш суугаарай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top