Ш.Нэргүй: Манай улсад дэлхийн II дайны дараа аялал жуулчлал хөгжих боломж нээгдсэн

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 10 сарын 04

Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсэж хөгжсөн түүхт 70 жилийн ой, Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, "Нью жуулчин турс" ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Нэргүйг “Өглөөний зочин”-оор урилаа.


-Танд аялал жуулчлалын салбарын түүхт 70 жил, дэлхийн аялал жуулчлалын өдрийн баярын мэнд хүргэе. Энэ салбар Монголд анх хэрхэн үүсэж хөгжиж байв?

-Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, тодорхой бодлого хэрэгжүүлж байна. Энэ цаг үетэй аялал жуулчлалын салбарын  түүхт 70 жилийн ой тохиож байгаа нь онцлог юм. Мөн энэ өдрүүдэд  улс орнууд ”Аялал жуулчлал ба энхтайван” уриан дор дэлхийн аялал жуучлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ бүхэн аялал жуулчлал цаашид хүчтэй хөгжих боломж, шинэ нөхцөл байдлыг бий болгож байна.

Манай улсад 1950-аад оны дунд үеэс олон улсын аялал жуулчлал хөгжих боломж нээгдсэн байдаг. Энэ нь дэлхийн II дайн дуусаж, улс орнууд энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг үндэс болгож, ард түмнүүдийн хооронд харилцан аялж жуулчлах, найрамдалт харилцаа цаашид хөгжих харьцангуй таатай нөхцөл бүрдэж эхэлсэнтэй холбоотой. Гэхдээ тухайн үед социалист нийгмийн тогтолцоонд байсан учраас юуны өмнө социалист системд нэгдсэн улс орнуудын жуулчдыг хүлээн авахыг гол зорилтоо болгож байсан юм билээ. Мөн Монгол Улсын гадаад харилцаа өргөжиж, төмөр зам нээгдсэн, гадаадаас манай улс руу янз бүрийн шугамаар ирэх болон  дайран өнгөрөх, Монголоос гадаад орнуудад зорчигсод, жуулчдын тоо нэмэгдэх болсон нь тэр үеийн архивын эх сурвалж, албан ёсны  баримт бичгүүдээр нотлогддог. Үүнээс харахад, социалист гэгдэж байсан ихэнх  оронд аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, эдийн засгийн хувьд ашиг орлоготой, улс төрийн хувьд ард түмнүүдийн найрамдал, хамтын үйл ажиллагаанд зохих хувь нэмэр оруулах чухал салбар гэж үзэх болсон зэрэг нь Монгол оронд аялал жуулчлал хөгжих дотоод, гадаад хүчин зүйл болсон нь  харагдаж байна. Энэ бүхэн  Монгол Улсад аялал жуулчлалын салбар бий болох урьдчилсан нөхцөл, үндсэн суурь болсон. Харин аялал жуулчлалын үйл ажиллагаа  эрхлэх байгууллага нь 1954 онд  “Жуулчдыг үйлчлэх товчоо” нэрээр байгуулагдсан байдаг.

-Тэр үед манай улсад гадаадын  жуулчин хүлээж авах материаллаг бааз хэр байсан юм бол? 

-Манай улсын хувьд гадаадын аялал жуулчлалыг бий болгох анхныхаа алхмыг материалаг бааз, хүн хүчээ бэлтгэн зөв зохион байгуулахаас эхэлсэн нь хэд хэдэн зүйлээс тодорхой харагддаг. Тухайлбал, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1954 оны наймдугаар сард “Алтай” зочид буудал,”Алтай” рестораныг нэгтгэн Худалдааны яамны мэдэлд шилжүүлэх тухай тогтоол гаргасан байдаг. Энэ тогтоол гарснаар 1940-өөд оны сүүлчээр баригдаж ашиглалтад орсон, Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны дээд зэрэглэлийн өрөө дөрөв, нэгдүгээр зэрэглэлийн өрөө найм,энгийн өрөө 48, нийт 60 өрөө бүхий “Алтай” зочид буудлыг 100 хүн нэгэн зэрэг хүлээн авч, үйлчлэх хүчин чадалтай рестраны хамт БНМАУ-ын Худалдааны яамны харьяанд шилжүүлсэн, тухайн үед. Мөн  тогтоол гарснаас 45 хоногийн дараа 1954 оны аравдугаар сарын 2-нд Сайд нарын Зөвлөлөөс Худалдааны яамны дэргэд ”Жуулчдыг үйлчлэх товчоог байгуулах тухай” бас нэг тогтоол гаргасан байдаг. Ингэж манай улсад аялал жуулчлалын анхны байгууллага болох “Жуулчдыг үйлчлэх товчоо” үүсэн байгуулагдаж, үүдээ нээсэн түүхтэй.

Дээр нь товчооны харьяанд “Алтай” зочид буудлаас гадна Төв театр, нисэх онгоцны буудлын байранд байсан жижиг мухлаг, худалдааны цэг харьяалагдах болсон гэдэг. Товчоо байгуулагдсанаар  аялал жуулчлалыг эрхлэх байгууллагатай болж,түүний эрх зүйн үндэс, удирдпага  зохион байгуулалтын тогтолцоо,үйл ажиллагааны үндсэн зорилт, чиглэлийн анхны суурийг тавьжээ. Бага хэдий боловч энэ нь материалаг бааз, орон байр, эд материалын хувьд суурь болж, цаашид өсөж хөгжихөд дөхөм болсон. Гэхдээ энэ товчоо 1954 оны аравдугаар сараас 1955 оны арвахоёрдугаар сар хүртэл нэг жил гаруйхан хугацаанд үйл ажиллагаа  явуулсан.

-Яагаад?

-Мэдээж жуулчдын тоо өсөөд ирэхээр тэр болгоныг товчоогоор зохицуулах боломж хязгаарлагдмал болж ирэх нь ойлгомжтой. Иймд үйл ажиллагааг нь өргөтгөх шаардлага үүснэ. Энэ зорилгоор БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс 1955 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр “Гадаадын жуулчдыг үйлчлэх газар”-ыг байгуулах тухай тогтоолыг гаргасан байдаг. Тус газрын харьяанд анх “Алтай” зочид буудал, ресторан, авто гарааш, хоёр ч гуанз, түүний дотор Засгийн газрын ордны гуанз, Сайншанд дахь Төлөөлөгчийн газар худалдааны жижиг  мухлаг ажиллах болсон. Шинэ тутам байгууллагдсан газрыг аж ахуй, зохион байгуулалт, боловсон хүчнээр хангах талаар анхаарч, СНЗ-ийн 1956 оны 208-р тогтоолоор 10 шахам авто машин, шинэ гражийн хамт шилжүүлэн өгч, захиргаа, аж ахуй, санхүүгийн гол удирдах  боловсон хүчнүүдийг ч шинээр томилж, орон тоо, цалинг нь нэмэгдүүлсэн байгаа юм. Мөн газрын төсөв, хөрөнгийг нь нэмэгдүүлсэн байдаг. Дээр нь гадаад орнуудын болон олон улсын аялал жуулчлалын байгууллагуудтай бие даан харилцаж, гэрээ хэлэлцээр байгуулах, жуулчид харилцан солилцох эрх  олгосон.

1956 оны зургаадугаар сард ЗХУ-ын “Интурис”-тэй жуулчид харилцан солилцох гэрээг байгуулсан. Энэ хүрээнд 1956 оны долоодугаар  сард ЗХУ-аас 15 жуулчин ирсэн нь Монголд ирсэн анхны жуулчнаар бүртгэсэн байдаг юм.

-Аялал жуучлал хариуцсан боловсон хүчнийг төрөөс бодлогоор бэлтгэсэн үү, эсвэл?

-1957 онд Гадаадын жуулчдыг үйлчлэх газрын харьяанд шинэ зочид буудал барих шийдвэр гарч зураг төслийг хийлгэх болсон нь архивын баримтад байдаг. Энэ нь одоогийн Улаанбаатар зочид буудал  байгаа юм. Тухайн үед Чехословак улсын мэргэжилтний зураг, төслөөр улсын техник төхөөрөмж, мэргэжилтний оролцоотойгоор1959 оноос эхлэн барьж эхэлсэн юм билээ. Ингээд 1961 оны долоодугаар сард   зочид буудал ашиглалтад орж “Улаанбаатар” гэж нэрлэх болсон.  Тэр үеийн ханшаар 45785225 төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан. Гадаадын жуулчдыг үйлчлэх газар 1961 оноос аж ахуй зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд өөрчлөгдөн шинэчлэгдэж, ажил  үйлчилгээнийх нь цар хүрээ өргөжин тэлж,  чанар, хэлбэр, агуулга нь өөрчлөгдөж эхэлсэн. Энэ хүрээнд материаллаг баазаа өргөжүүлэх, хүлээн авах жуулчдын тоог нэмэгдүүлэх, үйлчилгээгээ сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчин бий болгоход анхаарч ажиллаж иржээ.

-Жуулчны анхнны баазууд хэрхэн үүсэж бий болж байв? 

-1964 онд Өмнөговь аймагт 10 гэр барьж түр бааз барьсныг Монголын анхны жуулчны баазын суурь тавигдсан гэж үздэг. Тухайн үед дээрхтэй адил хэд хэдэн түр отог нээсэн юм билээ. Мөн цаашид ийм отог байгуулах эрэлт хэрэгцээ байна гэж тухайн үед үзсэн байдаг. Үүндээ үндэслэн 1965 онд ГЖҮГ-ын автобаазын гараашийг авто бааз болгон өөрчилж, авто машиныхаа тоог нэмэгдүүлсэн байгаа юм. Тухайлбал, Өмнөговь, Тэрэлжид 70 хүн зэрэг  хүлээн авах хоолны газар  бүхий жуулчны бааз байгуулсан байдаг. МҮТЗ-ийн харьяа “Хужирт” амралтын газрын байрыг тохиролцоонд тулгуурлан  ашиглах ажлыг  эхлүүлсэн. Аяллын чиглэлийг Улаанбаатар,Тэрэлж, Өмнөговь, Хужирт гэсэн дөрвөн чиглэлээр шинэчлэн тогтоосон.  Өмнө нь ажиллаж байсан Архангайн Тариат, Өвөрхангайн Баруун Баянулааны жуулчны түр баазуудыг татан буулгасан.

Энэ хугацаанд Монголд ирэх жуулчдын тоо жил ирэх тусам өссөөр ирсэн байдаг юм. Тиймээс 1975 онд 13 давхар, 250 ортой зочид буудлыг СНЗ-ийн 338 дугаар тогтоолоор ГЖҮГ-т шилжүүлж,  түүнийгээ Улаанбаатар зочид буудлын салбар гэж нэрлэх болсон.  Энэ нь одоогийн Баянгол зочид буудлын нэг салбар юм. Харин 1982 онд НААҮЯ-ны харьяанд  байсан зочид буудлыг ГЖҮГ-т шилжүүлснээр хоёр зочид  буудлыг хамтад нь Баянгол зочид буудал гэж нэрлэх болсон.

-Аялал жуулчлалын салбарын түүхийг ярихаар тэр үеийн нийслэлийн хот төлөвлөлт, томоохон бүтээн байгуулалтуудын түүх сөхөгдөхөөс гадна хоорондоо  салшгүй  холбоотой юм байна. Өөр ямар бүтээн байгуулалтууд баригдсан бол, тэр үед?

-Аялал жуулчлалын салбар шинэ тутам хөгжиж эхэлсэн, тэр нь хот байгуулалтын түүхтэй холбоотой байхаас аргагүй. Тухайлбал, 1986 онд СНЗ-ийн 31 дүгээр тогтоолоор гадаад, дотоодын жуулчид, аялагчдад үйлчилдэг ресторан, зоогийн газраас бүрдсэн Буян-Ухаа рестораныг ГЖҮГ -т шилжүүлсэн байдаг. Мөн Тэрэлжийн баазад 144 ортой зочид буудлын барилгыг 1997 оноос эхлэн Англи улсын Букенгэм Каледониэн компанитай  хамтран барьж,  1988 оны сүүлчээр ашиглалтад оруулсан. Үндсэндээ  1989 он гэхэд ГЖҮГ  түүхэндээ анх удаа 10291 жуулчин хүлээн авч, 1100 шахам ажиллагсадтай, 90 шахам сая төгрөгний орлоготой, харьяандаа бие даасан найман  байгууллагатай томоохон газар болсон байдаг. Тэр байтугай,  жуулчдад ардын урлагаар үйлчлэх зорилгоор дэргэдээ урлагийн “Жуулчин “хамтлагийг байгуулж,  урлагийн тоглолт, монгол хуримын үзүүлбэрийг жуулчдад үзүүлдэг байсан. Мөн  үйл ажиллагаандаа  цахим тоолуурын техник хэрэгслийг нэвтрүүлчихсэн байсан үе. Тайлан балансаа  компьютерээр хийх болсноор техникийн дэвшил гарсан. Тэр  үеэс Өндөр дов жуулчны баазын барилгыг барьж эхэлсэн байдаг юм. Харьяалах яамных нь  нэр ч өөрчлөгдөж,  Эдийн засаг, гадаад харилцаа, хангамжийн яам болсон байдаг.

-1990 онд манай улс  зах зээлийн эдийн засагт шилжсэн нь шинэ тутам хөгжиж байсан  аялал жуулчлалын салбарт эерэг өөрчлөлт авчирсан  байх?

-Ардчилал, зах зээл эхэлсэн 1990 оноос  Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн. Олон салбар нэгжтэй томоохон үйлдвэр, аж ахуйн газаруудын удирдлагын хэсгийг “Нэгтгэл” болгон өөрчлөн байгуулж,бие даан ажиллуулах бодлого чиглэл тэр үеэс гарч хэрэгжсэн.

Өөрчлөлт, шинэчлэлийн энэ үйл явц ГЖҮГ-ыг хамарч, БНМАУ-ын СНЗ-ийн тогтоолоор Гадаадын аялал жуулчлалын нэгтгэл болгон өөрчлөн зохион байгуулсан.

Ингэснээр “Жуулчин нэгтгэл”  18 хүний орон тоотой цомхон байгууллага болж,  харьяандаа 10 шахам бие даасан нэгж газартай болсон.

Тэр үед нэгтгэлийн харьяанд “Жуулчин” пүүс, Баянгол, Улаанбаатар, Чингис зочид буудал, Өмнөговь, Хужирт, Тэрэлж, Гурван нуурын жуулчны бааз авто бааз,Олон улсын галт тэргээр зорчигсдод билет худалдаалах төв,туслах аж ахуй гээд бүгд бие даасан аж ахуйн тооцоон дээр ажилладаг нэгж, газрууд байлаа. Удирдлага зохион байгуулалт, аж ахуй, санхүүгийн хувьд  бүгд бие даасан байдлаар ажиллаж байсан. Энэ нь “Жуулчин” нэгтгэлийг хувьчлахад ихээхэн  дөхөм болсон. БНМАУ-ын Засгийн газрын өмч хувьчлалын 1991 оны арванхоёрдугаар сарын 11-ний 26 дугаар тогтоолоор “Жуулчин” нэгтгэлийг хувьчлах шийдвэр гарсан юм. Нэгтгэлийг хувьчлахад түүний харьяанд  байсан “Жуулчин” пүүс, авто бааз хоёр нь шинээр байгуулагдсан компанидаа үлдэж, зочид буудал, жуулчны баазууд нь Улсын өмч хувьчлалын шийдвэрээр  зургаан  хувьцаат  компани болж  өөрчлөн зохион байгууллагдсан. Ингэж  40 шахам жил оршин тогтносон Гадаадын жуулчдыг үйлчлэх газар  жилийн дотор хоёронтоо өөрчлөгдсөний  эцэст хувьцаат болон хязгаалагдмал компани болж задарсан юм.

-Өнөөдөр аялал жуулчлалын салбарт ямар асуудал тулгамдаж байна вэ. Бэрхшээл байна уу?

-Манай аялал жуулчлалын салбарт  системээр нь харж төлөвлөлт хийдэггүй сул тал байдаг. Энэ тал дээр би шүүмжлэлтэй ханддаг. Үүнийгээ ч шуудхан хэлчихдэг.Тухайлбал, Хөшөө дурсгал барих, тусгай хамгаалалттай газар байгуулах зэргээр энд тэнд үсэрч, хэтэрхий мөрөөдлийн чанартай бодлого хэрэгжүүлэхийн оронд аялал жуулчлалыг системийн түвшинд хөгжүүлэх ёстой.

Дээр нь, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсдоггүй. Төр, засгаас хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, зовлон жаргалыг нь сонсдог баймаар. Аялал жуулчлалын салбарт олон жил ажилласан хүний хувьд хэлэхэд, жуулчин хүлээж авахын тулд агаарын хөлгийн тоогоо  хэрхэн нэмэгдүүлэх вэ, ямар аяллын бүтээгдэхүүнээр аль зах зээлийг дэмжиж, хааш түлхүү анхаарах вэ, тухайн зах зээлд зориулсан бүтээгдэхүүнийг хэрхэн бий болгох вэ, ингэж хөгжүүлэхдээ аль бүс нутгийг сонгох вэ зэргээр анхаарах ёстой. Нэг хэсэг  манай улс бүх аймаг, сумдаа нэгэн зэрэг хөгжүүлэх гээд, бүх зүйл рүү яваад орчихдог байсан. Харин энэ удаа бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ, асуудлаа эрэмбэлж, эхний ээлжинд том төслүүдээ хөдөлгөнө гэж байна. Ер нь бол бусад улс орны туршлагаас харахад гол зүйлдээ төвлөрч, хөгжмөгц нь түүндээ түшиглэн тодорхой салбаруудаа хөгжүүлэхэд анхаардаг. Түүнээс биш бүгдийг нэгэн зэрэг хөгжүүлдэг систем байхгүй. Бас нэг асуудал нь аяллын бүтээгдэхүүн гаргах, үүндээ  талуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ, хүний анхаарлыг татсан сонирхолтой зүйл хэрхэн бий болгох вэ. Давуу тал, өвөрмөц онцлог маань юу билээ,  малчны ахуйг яаж шигтгэх вэ буюу гоёлын бөгжөөр зүйрлэвэл шигтгээг нь урлах асуудал чухал. Тэгж байж үнэ цэн бий болно.

-Тухайлбал?

-Жишээ нь,  Монголд өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой. Үүнд олон улсын болон дотоодын тогтмол нислэг нэн шаардлагатай байна. Манай компани Хятад, Японы талаас жилийн турш тус бүр 3000 жуулчин хүлээн авсан. Энэ тоог нэмэхэд өвөл, зун гэж ялгалгүй нислэгийн тоог тогтмол байлгах хэрэгтэй байгаа юм. Мөн өвлийн аялал жуулчлалын үеэр халаалт, дулаан, цахилгааны хэрэглээнд зардал их гардаг тул цахилгааны улирлын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн БНХАУ, Тайвань, Япон улсаас Монгол руу ирэх нислэгийг тогтмол болговол бид өвлийн улиралд ч жуулчны урсгалыг тасралтгүй байлгах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top