Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул, Монгол Улсын гавьяат малчин Ц.Чулуунтай ярилцлаа.
-Сайхан намаржиж байна уу. Таныг хүүхэд байхаасаа мал маллаж өдий хүрсэн. Малд нүдтэй, тэнгэр, газар, цаг агаарыг шинжихдээ гярхай хүн гэж нутгийнхан хэлдэг. Өнгөрсөн өвөл, хаврыг хэрхэн давав. Ирэх өвөл ямар байх бол?
-Хүн юмыг үзээгүй гэж хэлдэггүй юм гэнэ лээ. Буурлуудын ярьсан яриа тэр, би мэдэхгүй юм байна. Өнгөрсөн өвөл их хатуу, хавар нь хайруу хүйтэн байлаа. Намар арваннэгдүгээр сараас нойтон шамрага шавж, өнөөх нь гялайгаад, дахижн цас хялмаалснаар мөсөн өвөл болсон. Дээр нь айхтар урт өвөл, хавар боллоо. Хамгийн хэцүүхэн давсан нь үхэр сүрэг байлаа. Адуу бол цасыг хөлөөрхөө малтаад өвсөө гаргаад идчихнэ. Хонь яах вэ, бас л малтаад идэж л байсан. Үхэр бол хэлээрээ ороож өвс иддэг амьтан болохоор хоёр оролтоор л бэлчих нөхцөлгүй болсон. Адуу, хонь хоёр гайгүй, үхэрээ тэжээхээс өөр аргагүй байлаа. Энэ зун, намар дэлгэр сайхан байлаа. Өвөл сайхан болоосой гэж хүсэж байна даа.
-Та хэдэн наснаас эхэлж мал маллав?
-Би 1952 онд сургуульд суусан, дөрөвдүгээр ангиа сайн дүнтэй төгссөн ч цаашаа суралгүй 1956 оноос эхлэн мал дагасан. Ээж аав, дээдчүүл маань малчин удмынхан. Би бол айлд өргөгдөж өссөн. Уг нь айлын ууган хүү юм билээ, гэвч аав ээж минь намайг хамаатныхаа айлд өргүүлсэн. Өргөмөл талын аав минь Даш гэж хүн байлаа. Тийм болохоор Дашийн Чулуун гэж өргөмөл ааваараа овоглож ирсэн. Дээд овог бол Бадгар, төрүүлсэн эцэг бол Бадгарын Цэрэндаш гэж хүн байсан.
-Та дөрөвдүгээр ангиа төгсөөд малчин болсон гэлээ. Тэр үеийн дөрвөн жилийн сургуульд Уулбаянаас ямар хүмүүстэй нээг ангид сурч байв?
-Биднийг сурч байх тэр үед сургуулийн маань захирал Санжаадорж гэж хүн байлаа. Анги даасан багш Батын Аюуш гэж хүн байв. Нэг ангид бид 25-уулаа сурч байсан юм. Тэднээс одоо Чойжамцын Дондов хотод байгаа. Гомпилын Тогооч гэж бага эмч эмэгтэй бий. Тэр хоёртойгоо хааяа холбоо барьж, утсаар таван үг сольдог. Дондов маань аймгийн 80 жилийн ойгоор ирнэ гээд чадаагүй. Тогооч энэ жил сумынхаа 100 жилийн ойгоор ирнэ, ангийнхнаа олж уулзана гэж утсаар ярьсан. Баян бригадын хоньчин, хүндэт профессор Чоймболын Лантуу гэж нэг ангид хамт сурч байсан хүн бий. Лантуу маань олон хүүтэй, олон малтай. Өөрөө их хашир туршлагатай сайн малчин байгаа юм. 2013 онд манай сумаас гурван хүн профессор малчин болсоход Лувсандуламын Шагдарсүрэн, Чоймболын Лантуу бид гурав авч байлаа. Лантуу надаас илүү малчин байгаа юм.
-Танай нутаг сайн малчдаараа алдартай юу?
-Дээр үед малчин Балдан гуай гэж байлаа. Хамаатан нь Даваасүрэн гэж цэргийн дарга байсан юм, манай ангийнх. Даваасүрэнгийн ээж Цэнд гэж хүн байсны төрсөн ах юм л даа, малчин Балдан гуай. Манай сумын Шаравдорж гэж хүн биднийг сургуульд сурч байхад Хэнтий рүү Сангийн аж ахуйд мянган мал бэлэглэж байсан юм. Нэг сангийн аж ахуйг малаараа босгосон. Содномцэрэн гуай гэж хүн байсан, хүү нь улсын аварга малчин болсон Бибиш гээд. Тэднийх бол Баян бригадын айл. Сүүлд Содномцэрэн гуай сумын хийдэд дээд хамба байсан. Мөн Дашдондов гуай сайн малчин байсан. 1970 онд Балын Ядамсүрэн гуайг нэгдлийн дарга байхад манай сум зүүнтээ нүүсэн юм. Тэр жил Дашдондов гуай улсын аварга малчин болж байлаа. Омбодорж гэж Улсын аварга ямаачин байсан. Дэлгэр бригадаас Балдангийн Жамбалсүрэн гэж аварга малчин байна. Манай тэгш багаас Пунцагийн Данзан, Жазагийн Жамба гуай, Жамбын Дамдинсүрэн гээд сайн малчид байсан. Энд би нэгдлийн үеийн Улсын сайн малчдыг ярьж байна шүү дээ. Тэгээд миний бие, мөн манай дүү Ц.Төмөр Улсын сайн малчин байлаа.
-Та хэдэн онд Монгол Улсын гавьяат малчин болов. Тэр үед Уулбаян сум хэр олон гавьяаттай байсан бэ?
-Би 1989 онд улсын аварга малчин болсон юм. Тэгээд 2004 оны зургаадугаар сарын 30-нд Монгол Улсын гавьяат малчин болсон. Гавьяат нэгдэлчин гэвэл манай аймгийн Асгат сумын малчин Намжил гэж адуучин хүн байсан. Нэгдлийн үед шүү дээ. Би нэгдлийн үед улсын аварга малчин байлаа.
-Сумандаа бол та анхдагч Монгол Улсын гавьяат малчин биз дээ?
-Тийм. Аймагт бараг анхдагч нь байж магадгүй. 1998 оны аравдугаар сарын 25-26-нд хөдөө аж ахуйн шилдэг бизнес эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн гэж Улаанбаатар хотод хурал хийсэн. Тэгэхэд Их хурлын дарга Р.Гончигдорж байсан юм. Тэгээд 1998 оны тэр хурал дээр Монгол Улсын гавьяат нэгдэлчин гэдэг цолыг гавьяат малчин болгож өөрчлөх шийдвэр гаргасан. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа 2004 оны зургаадугаар сард би тэр цолоор шагнуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн гараас шагналаа гардаж авч байлаа.
-Тухайн үед нэгдэл гэж байсан нь өөрчлөгдөж, төрийн шагнал хүртэх танд ямар санагдаж байв?
-Төр түмэн нүдтэй, түмэн олон хараатай гэж үгтэй. Төрийн маань нүд, түмний маань хайр хишиг гэж сэтгэл догдолж, буянт малын буян, буурал аав ээжийн минь ач гэж бодож баярласан. Тэрэнд олон талын юм бий шүү дээ. Тэр алдарт ус нутаг, аав ээж, төр түмний хайр хишиг, хань ижил, үр хүүхдийн минь хөдөлмөр, хувь нэмэр их шүү дээ. Тэр болгон бодогдож нүдний нулимс гарч байсан даа.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ, удам залгасан малчид байгаа юу?
-Манайх найман хүүхэдтэй, хоёр охин, зургаан хүүтэй. Миний хань, хүүхдүүдийн минь ээж Хонингийн Чулууннамжим гэж сайхан хүн байлаа. Хүүхдүүдээс маань хоёр хүү, нэг охин маань 20 гаран насандаа бурхан болсон. Дөрвөн хүү, нэг охин маань малчин болсон. Нэг нь аймгийн сайн малчин, нэг нь сумын сайн малчин, нэг нь сумын алдарт уяач, бүгдээрээ л буянт малаа маллаад явж байна.
-Та ер нь ямар төрлийн мал маллаж ирэв?
-Манай суманд Социализмын Пинонер нэгдэл, Сүхбаатарын зам нэгдэл, Давшилт амьдрал, Баянмөнх гээд олон нэгдэл байгуулагдсан. Сүүлдээ 1959 онд нэгдэлжих хөдөлгөөн ялж Сүхбаатарын зам нэгдэл гэж нэг нэгдэлтэй болсон. Би 1956 оноос ээж аавыгаа дагаад мал малласан. Нэгдлийн гишүүн хүн бол 16 наснаас эхэлдэг байсан юм. Би 16 наснаас эхэлж мал маллаад 1990 он хүртэл дан эм хонь малласан, 30 гаран жил. Хонийг маллахад хамгийн гол зүйл хариулгандаа байдаг. Бод малыг бодвол хонь яваа багатай, гэхдээ өөрт нь дөрвөн улиралд, өдөрт нь бэлчээрийг сонгож, өглөө уулын нөмөр бэлээр ч юм уу хариулна. Өдрөөс жинхэнэ хоньчилж морио явган хөтлөөд хариулна. Өвлийн цагт өглөө гаргаад орой туугаад ирэхэд болдог. Урин цагт өдөрт тогтоочихоод ирж нэг цай уугаад буцаад очиход болж байгаа юм. Хоньчилж хариулна гэж буурлуудын хэлдэг нь хонь, хүн хоёр өдөрт яг л цуг байна гэсэн үг гэж би ойлгодог. Тэгж л хариулж явсан. Хонь төллөх үе хэцүү, анх 900-гаар нь суурилж байсан. Туслах малчинтай явсан цаг. Сүүлд 750 хонь, 50-аад ямаатай 800-гаар суурилж явсан. Туслах таван хүнтэй байхад хонио төллүүлчихдэг байсан. Хонь маллахад хавартаа Ар Өлзийт, Говь цагаанд нэгдлийн үед хашаатай, тэнд хаваржиж, хонио төллүүлж байлаа. Хашаа хүрээтэй, дээвэртэй хашаанд малаа төллүүлнэ. Их хөрвө, дунд хөрвө, баг хөрвө гэж байна. Их хөрвө нь 300 гаран толгой, дундах нь 200 гаран, бага нь 200 орчим, ихэр гээд хэдийг ялгана. Зарим үед 60-аад ихэртэй байна.
-Одоогийн залуус, шинэ цагийн малчдад та ямар захиас сургаал хэлэх бол?
-Малыг хамгийн нэгдүгээрт, дунд идэш, дулаахан хэвтэр гэж буурлууд ярьдаг байсан. Орчин цагт хамгийн сайн дулаан хашаа хороо хэрэгтэй боллоо. Өнгөрсөн өвлийн зуднаас харахад, дулаан хашаа л чухал юм байна. Дээр нь өвс тэжээл чухал. Тэжээхгүй бол малаа онд оруулж барахгүй шинжтэй. Үүнийг өнгөрсөн өвөл харлаа.
Сэтгэгдэл ( 0 )