Б.Дөлгөөн: Манай улсын хөгжил “АЛТАН ДУНДАЖ” байна

Г.Ганчимэг | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

Хөгжил хэмээх энэ үг мандал, бадралыг заасан хөгжих үйлийн нэрсэнж. Зарим хүн бүтэл муутай нэгнээ “Энэ хөгжихгүй ээ...” гээд л явуулж байх. Нийгмийн идэвх, хөдөлгөөн сайтай зарим нь “Манай улс хөгжихгүй байна” хэмээн шүүмжилж байхад нөгөө нэг нь “Үгүй ээ, хэтэрхий улстөржөөд байж болохгүй. Манай улс тодорхой хэмжээгээр хөгжиж байгаа” хэмээн эсэргүүцэх нь ч бий. Гэхдээ сүүлийн үед нийгэм болоод цахим орчин дахь зарим үг, үйлдлийг хараад олон нийт оюун санааны хувьд цочирдож, шоконд орж “Бид хөгжөөд байна уу, аль эсвэл ухраад байна уу” хэмээн өөрийн эрхгүй  асууж, гайхширч байна. Хөгжил гэдэг зөвхөн ахуй соёл, нийгэм, эдийн засгийн үзүүлэлт биш аж. Энэ талаар хөгжлийн эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцсан юм. Ташрамд дуулгахад, ярилцлага авсан цаг хугацааны хувьд “Өглөөний зочин”-оор уригдсан Б.Дөлгөөнийг Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө авч, зөвхөн хөгжлийн асуудлыг хөндсөнөө дурдах нь зөв байх. 


-Ингэхэд манай улс ер нь хөгжиж байна уу. Хөгжил гэж яг юу юм бэ. Бид хөгжлийнхөө ямар түвшинд яваа юм бэ гэдгээс хоёулаа ярилцлагаа эхэлье?

-Өмнө нь надад ч хөгжил гэдгийг дан ганц эдийн засгийн хэмжүүрээр хэмжих юм байна гэж бодогддог үе байлаа. Тэгээд эдийн засгийн өсөлт, ДНБ-ий өсөлтийг л хөгжил гэж ойлгоод үүнийг яаж нэмэгдүүлэх вэ, энэ нь нэмэгдсэний хэрээр манай улсын ядуурал буурах юм байна, өрхийн орлого нэмэгдэх юм байна гэж боддог байсан. Гэтэл сүүлийн үеийн судлаач эрдэмтдийн судалгааг аваад үзэхээр хөгжлийг нэг эдийн засгийн хэмжээсээр нь биш дөрвөн хэмжээсээр тооцдог болсон байна.

Энэ дөрвөн хэмжээс нь юу вэ гэхээр эхнийх нь яах аргагүй эдийн засгийн буюу хувь хүний бүтээмж нэмэгдэж байна уу, үгүй юу гэдэгтэй шууд уялдаа холбоотой гарч ирнэ. Хоёр дахь нь юу вэ гэвэл улс төрийн хэмжээс. Энэ нь ямар тохиолдолд хөгжиж байна вэ, ямар тохиолдолд ухарч байна вэ гэдгийг гаргана. Яаж гаргах вэ гэвэл тухайн улсын хүмүүс өөрсдийгөө ямар хүнээр удирдуулах вэ, ямар хүнээр удирдуулахгүй вэ, ямар эрх ашгийг тэргүүнд тавих вэ гэдгээ илэрхийлээд, энэхүү хүсэл сонирхолоо нэгтгэсний үндсэн дээр хамгийн сайн системээр удирдагчаа гаргаж ирдэг. Дээрээс нь нэмээд тухайн улсад төр засгийн эрх мэдэл яаж дамжиж байна вэ гэдэг маш чухал. Сонгуулиар уу, эсвэл ааваас нь хүүд үү, үгүй бол шашин шүтлэгтэй холбоотойоор “тэнгэр”-ээс нэг хүн тавиад, түүнийгээ залаад төрийн эрх мэдлийг өгч байна уу. Гуравдугаарт, нийгмийн шинж чанартай үзүүлэлтүүд. Энэ бол эдийн засагтайгаа уялдаа холбоотой ч байж болно. Уялдаа холбоогүй ч байж болно. Жишээлбэл, өнөөдөр Долоон буудалд амьдарч байгаа 18 настай залуу ирээдүйгээ ямар ч саад бэрхшээлгүй, дардан замаар сонгож чадах уу. Үүн дээр хүмүүс их маргадаг. Зарим нь чадна. Зарим нь чадахгүй гэдэг. Зарим нь эргэлзээтэй гэж хариулж байсан. Тэгвэл дараачийн асуулт энэ Долоон буудалд амьдардаг 18 настай залуу Зайсанд төрж өссөн 18 настай охинтой үерхэж, цаашлаад гал голомтоо бадраах боломжтой юу гэхэд ихэнх нь бараг боломжгүй гэж хариулж байсан. Тэгвэл 30 жилийн өмнө манай нийгэм орлогын хувьд хамаагүй зөрүү багатай, боловсролын хувьд Зайсанд байгаа сургууль, Долоон буудалд байгаа сургуулийн чанар, үзүүлэлт зөрүүтэй байсан ч гэсэн өнөөдрийнх шиг ийм том зөрүү байсангүй. Тэгэхээр үүнийг олдож байгаа боломжийн зөрүү гэж хэлж болно. Яагаад энэ тийм чухал вэ гэвэл хүн анх төрөхдөө ерөөсөө өөрсдийгөө аль гэр бүлд төрөх вэ гэдгийг сонгодоггүй. Тэгвэл найман км-ийн зайтай төрөхөд л тухайн хүний амьдрал ямар байх вэ гэдэг нь бараг шийдэгдчихэж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, 8-10 км-ийн зайтай төрөхөд л тухайн хүүхэд унаган англи хэлтэй байх уу, үгүй юу, төгөлдөр хуур тоглож сурах уу, үгүй юу, амьдралын баталгаа нь ямар байх юм бэ, ер нь нийгэмд ямар байр суурь эзлэх юм бэ гэдэг нь хүртэл бараг тодорхой болчихож байна шүү дээ. Гэтэл энэ зөрүү багасах тусам, нийгмийн хэмжээсээрээ хөгжиж байна гэж үздэг юм байна. Дөрөв дэх хэмжээс нь болохоор төр, захиргааны байгууллагын чадамж.

-Төр, захиргааны байгууллагын чадамж аа. Энэ талаар жаахан тодруулбал сонирхолтой байх?  

-Өнөөдөр энэ талаар ярьж байгаа хүн цөөн байна. Төр, захиргааны байгууллагын чадамж гэдэг нь тайлбарлахад бас л хүнд сэдэв. Өмнө нь Америкийн эдийн засагчид нийт улсуудын шуудангийн салбарын чадамжийг тодорхойлохын тулд нэг улс руу 10 захидал явуулсан байна. Тэр захидлыг явуулахдаа буцах хаягийг нь зөв өгөөд очих хаягийг нь дандаа эдийн засагчдийн нэрээр нэрлэжээ. Ингээд Чех, ОХУ, Монгол Улс тэр ч байтугаа АНУ өөр рүүгээ хүртэл явуулсан. Тэгээд 10 захидлаас хэд нь эргэж ирэх вэ гэдгийг харжээ. Яагаад бүгдээрээ эргэж ирэх ёстой вэ гэвэл бүх шуудангийн байгууллага хоорондоо Олон улсын гэрээтэй. Хэрэв манай улсад танай улсаас ирсэн захидлын хаяг байхгүй, эсвэл худал хаяг байвал бүх захидлыг буцаана гэсэн гэрээтэй юм байна. Тэгэхээр энэ гэрээгээ хэр биелүүлж байгаагаар нь тухайн улсын шуудангийн байгууллагын чадамжийг тодорхойлжээ. Ингэхэд Чех улс 10 захидлыг бүгдийг буцаасан байна. АНУ дотроо явуулсан 10 захидлын зургаа нь буцаж иржээ. ОХУ руу явуулсан 10 захидлын нэг нь ч эргэж ирээгүй байна. Монгол Улс руу явуулсан 10 захидлын бас нэг нь ч ирээгүй байна. Нэг иймэрхүү дүр зурагтай юм болж. Энэ бол шуудангийн байгууллагын чадамж. Тэгвэл цаашаагаа явъя. Төр, захиргааны байгууллагын чадамж гэдэг нь юу гэсэн үг вэ. Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Засгийн газрын яамдынх нь өөрсдийнх нь чадамж гээд энэ бүх газрын чадамжийн нийлбэрийн дунджаар Монгол Улсын төр, захиргааны байгууллагын чадамж хэмжигдэнэ. Энэ байгууллагуудын чадамж сайжирч байна уу, эсвэл унаж байна уу гэдгээр төр, захиргааны байгууллагын чадамж хэмжигдэж, улмаар улс хөгжиж байна уу, үгүй юу гэдэг нь бас илэрхийлэгддэг юм байна. Мэдээж, эдгээр нь маш олон байгууллагын чадамжийн нийлбэр учраас зарим байгууллагын чадамж нэмэгдэж болно, зарим байгууллагын чадамж буурч болно. Гэхдээ дунджаар Монгол Улсын төрийн байгууллагуудын чадамж хэр нэмэгдэж байна вэ, эсвэл суларч байна уу гэдгээр энэ хөгжлийг хэмжиж байна. Би бол энэхүү хөгжлийн дөрвөн хэмжээсийг 4D хөгжил гээд нэрлэчихдэг байлаа.

-Өнөөдөр “Монгол Улс хөгжихгүй байна” гэж ярьдаг хүн олон бий. Эсвэл бүх зүйлийг төр, засаг руу чихээд л, үгүй бол “Мөнгөтэй л болчих юм бол бид хөгжинө. Мөнгөгүй учраас бид ядуу байна” гэдэг. Үнэндээ ямар ч судалгаагүй, хүн болгон үзэл бодлоо л тулгаад байх шиг заримдаа харагддаг. Харин та энэ асуудлыг ямар өнцгөөр яаж хардаг вэ?

-Манай улс сүүлийн 30 жилд яг энэ дөрвөн хэмжээсээр аваад үзвэл томоохон дэвшил гаргасан улсуудын нэг шүү дээ. Өнөөдөр ДНБ 4000 ам.доллар хавьцаа байна. 1989 онд 1500 ам.долларт хүрдэггүй байлаа шүү дээ. Тэгэхээр 30 жилийн өмнө монголчуудын хэдэн хувьд нь хувьдаа машинтай байсан юм бэ. Өнөөдөр замын түгжрэл үүсгээд өөрсдийгөө бухимдуулаад байгаа нь нийтийн тээврийн хөгжил сул байгаатай холбоотой. Улаанбаатарт байгаа 1.4 сая хүний 70 хувь нь хувийн тэрэгтэй л болчихсон байна шүү дээ. Үүнийг хөгжил биш гэж хэлж болохгүй шүү дээ. Хувь хүмүүсийн орлогын харьцаа эргээд нийгэмд олдож байгаа боломжийн харьцаа, боловсролын чанарын зөрүү гээд л болохгүй, бүтэхгүй зүйл мэдээж олон бий. Гэхдээ дэлхий дээр байгаа 192 улсаас ганц болохгүй байгаа нь Монгол Улс биш шүү дээ. Хүний хөгжлийн индексийг бүх улсад тооцоод харьцуулж бас болдог. Энэ индексээр бол Монгол Улс сүүл мушгиж байгаа. Энэ бүгдээс харахад, манай улс “алтан дундаж” байна. Тоймлоод хэлбэл, хөгжилтэй 90 улс бидний урд байна. Бидний хойно 100 улс байна. Тэгэхээр бид хөгжлийн дөрвөн хэмжээсээрээ сайжрах тусам Хүний хөгжлийн индексээрээ ч сайжрах болно.

-Тэгвэл өнөөдөр хүмүүс яагаад ийм их бухимдалтай байна вэ?

-Би бол хоёр хүчин зүйлийг ярина. Эхнийх нь магадгүй 60-70 жил ардчилсан нийгмээр явчихсан улсуудтай өнөөдрийн Монгол Улсыг харьцуулаад, тэр 100-200 жилд олсон амжилтыг 10-30 жилд олох ёстой юм шиг бухимдаж байна. Нэг ёсондоо, хүмүүсийн хүлээлт нь өнөөдрийн бидний олж авсан хөгжилтэйгөө тэс зөрж байгаа учраас энэ бухимдал үүсэж байна. Хоёр дахь хүчин зүйл нь бид өнөөдөр нийгэмд тулгарч байгаа энэ олон асуудлуудыг хэр сайн шийдэж чадаж байгаатай илүү холбоотой. Бид түгжрэлтэй холбоотой асуудлыг шийдэж чадаж байна уу. Бид агаарын бохирдолтой холбоотой зүйлийг шийдэж байна уу. Бид боловсролын чанартай холбоотой асуудлыг шийдэж байна уу. КОВИД-ын үеийн сурлагын хоцрогдолыг бүрэн арилгаж чадсан уу гэх мэтээр бидний нийгэмд өдөр тутамд тулгарч байгаа асуудлуудын шийдэл нь маш удаан, эсвэл огт байхгүй байсан учраас л бухимдаж байгаа юм. Тэгвэл энэ шийдлийг бид олоод, асуудлуудыг шийдэх тусам бухимдлаасаа нэг, нэгээр нь сална. Нэг ёсондоо, нэг талаасаа нийлүүлэлт, нөгөө талаасаа эрэлт гэж эдийн засаг дээр байдаг шиг эрэлт гэдэг нь бидний хүлээлт. Хүлээлт талаасаа  бид дандаа гадаадын хөгжсөн орнуудтай харьцуулаад байна. Тэр нь ч зөв байх. Гэхдээ бид хүлээлтээ бодитой болгох хэрэгтэй. Нийлүүлэлт тал гэдэг нь төр, захиргааны байгууллагууд нийгэмд тулгараад байгаа асуудлыг хэр зэрэг шийдэж байна вэ гэдэг л юм.

-Энэ шийдлийг авчрахын тулд юун дээр анхаарах ёстой вэ?

-Хамгийн түрүүнд, өнөөдрийн төр, захиргааны байгууллагуудын чадавхтай холбох ёстой. Мөнгө байхгүйдээ биш, бидэнд мөнгө бол байна. Тэр ч байтугай юу ч байхгүй газар луу хүртэл хэдэн зуун сая доллароор төмөр замын далан тавьчихсан л  байна. Өнөөдөр нэг ч ачаа тээвэр тэр замаар яваагүй. Тэгэхээр төрд мөнгө байдаг. Саяхны төсвийн хэлэлцүүлгийг харсан биз дээ. Уучлаарай, өнөөдөр хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотынхоо асуудлыг шийдэхийн тулд энэ төсөв мөнгөө зарцуулах ёстой. Замын түгжрэл өнөөдрийг хүртэл яагаад шийдэгдэхгүй байсаар ирсэн бэ. Манай төр, захиргааны байгууллагуудын дундаж наслалт 1.8 жил байдаг байсан юм билээ. Энэ хугацаанд хэн юуг шийдэж чадах вэ. Төр, засагт ой санамж гээч зүйл ч үлддэггүй байжээ. Өөрөөр хэлбэл, бид хөгжлийн дөрвөн хэмжээсээр бол зарим дээр нь бид унаж ирсэн. Эдийн засгаар хөгжсөн хэр нь нийгмээр унаж байна. Улс төрийн хүсэл эрмэлзлэл байна уу байна. Гэхдээ төр, захиргааны байгууллагуудын чадамж ямар  байна вэ. Тэгэхээр энэ дөрвөн хэмжээсээ нийлүүлэн харвал бид бага зэрэг удаашралтай хөгжиж байгаа харагдавч эдийн засгаараа хөгжиж байна. Нийгмийн тэгш боломж, зөрүүтэй байдлаар бол бид унаж байна. Улс төрийн хүсэл эрмэзлэл, сонирхолыг илэрхийлж байгаа байдлаараа бол бид хөгжиж байна. Төр, захиргааны байгууллагуудын чадамж дээр бид унаад байдаг. Зарим нь хурдтай унаж байна. Зарим нь хурдтай сайжирч байна.

-Та сая хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотынхоо асуудлыг шийдэх ёстой гэж хэллээ. Хэлж ярих нэг хэрэг. Харин хэлсэн ярьснаа хэрэгжүүлж, ажил хэрэг болгохын тулд тодорхой алхмууд хэрэгтэй шүү дээ. Тухайлбал, 2025 оны төсөвтөө яаж тусгасан бэ гэдгээс эхлээд л ажил байна байх?

-2025 оны нийслэлийн төсвийн орлогыг 3.8 их наяд, зарлагыг 3.8 их наядаар баталсан. Төсвийн алдагдалгүй. Энэ жил Улаанбаатар хот улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй.  2025 оны төсөв өмнөх жилийн батлагдсан төсвөөс 20 гаруй хувиар нэмэгдсэн. Ер нь жилээс жилд нийслэлийн төсөв нэмэгдэж байгаа. Нийслэл гадаад болон дотоодын зах зээлд бонд гаргаж, бүтээн байгуулалтын төслүүдээ санхүүжүүлнэ. Хамгийн том жишээ нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц, эрчим хүч хуримтлуурын станц. Энэ жилийн төсвөөс яах аргагүй онцлох төсөл бол Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт. Нэг их наяд 626 тэрбумын санхүүжилтээр иж бүрэн орон сууцны цогцолбор барина. Үр дүнд нь утаа, түгжрэл буурна гэж тооцоолж байгаа. Эдийн засгаа тэлж, бүтээмжээ өсгөх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Туулын хурдны замын төсөлд 600 тэрбумыг төсөвлөсөн гээд бодитой ажлууд бий.

-Эргээд хөгжлийн тухай сэдэв рүүгээ оръё. Хувийн хэвшлийн компаниудтай харилцахад ажлын бүтээмж сайтай байдаг. Хамтын ажиллагааны хариу шийдвэрүүд нь хурдан гардаг. Тиймээс дараагийн алхмаа хурдан, ажлаа шуурхай хийгээд явахад амар байдаг гэдгийг хүн бүр хэлдэг. Харин төр, захиргааны байгууллагуудтай харилцахад жаахан төвөгтэй, их удаан, адаглаад албан бичгийн хариу нь ирдэггүй, заавал ар өврөөсөө хөөцөлдүүлж гүйлгэдэг, эсвэл албан тушаалтантай уулзахын тулд заавал цаг авч, урьдчилан бүртгүүлдэг ч гэдэг юм уу нэг тийм таагүй ойлголт олон нийтийн дунд одоо ч хэвээрээ л байна. Ийм байхад бид хөгжлийн тухай ярихад хэр үр дүнтэй гэж та бодож байна вэ? 

-Эдийн засаг дээр аваад үзвэл бүтээмжийг яаж тооцдог вэ гэвэл тухайлбал, үйлдвэрийн ажилтан нэг өдөр ажиллахдаа хэдэн гутал гаргаж байна вэ. Тэгээд сард хэдэн гутал гаргаж байна вэ. Тэр гутлыг хэдээр зарж байна вэ. Орлого нь хэр байна вэ. Үйлдвэр түүнийгээ бүх ажилчдадаа хуваагаад өгнө. Хувийн ч бай, улсын ч бай үйлдвэр дээр бид эдийн засгийн энэхүү тооцоолол, хэмжүүрийг ашиглаж болно. Харин төрийн байгууллага бол үйлдвэр биш. Үйлчилгээний газар. Мэдээж, бид төрийн байгууллагын хүний бүтээмжийг ярьж болно. Гэхдээ төрийн үйлчилгээний дийлэнх нь үнэ төлбөргүй байгаа шүү дээ. Бид үүнийг яаж хэмжих вэ. Хэмжих үзүүлэлт нь үнэхээр бага учраас төр, захиргааны байгууллагын чадамжаар нь хэмжье гээд салгачихаж байгаа юм. Тэгэхээр төрийн байгууллагын бүтээмж гэдэг бол чадавхтай илүү холбоотой. Чадавх гэдэг чинь тэр байгууллага өөрийнхөө өгөгдсөн үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлж байна уу, үгүй юу. Ерөөсөө л энэ. Авлигатай тэмцэх газрын бүтээмжийг бид яаж хэмжих юм бэ. Хэдэн хүн барьснаар нь хэмжих юм уу. Ингэвэл хэрэг хийсэн, хийгээгүй баахан хүнийг Прокурорт өгчихвөл яах вэ. Тиймээс үнэхээр зорилгоо хэрэгжүүлнэ гэдэг нь хэрэг хийсэн хүнийг бариад шүүхээр шийдүүлэх процесс руу нь илгээж чадаж л байвал тэр нь сард ганц хүн байна уу, 10 хүн байна уу хамаагүй. Тиймээс бүтээмж гэдэг яриаг зөвхөн хувийн хэвшил, эдийн засаг, үйлдвэржилттэйгээ холбох хэрэгтэй. Харин төр, захиргааны байгууллагынхыг чадамжтай холбож ойлгох ёстой. Тухайн байгууллага өөрийнхөө зорьсон зорилттойгоо хэр сайн уялдаж, ажиллаж чадаж байна гэдэг нь чадамж юм. Тийм ч учраас би ярилцлагынхаа эхэнд шуудангаар жишээ авсан байхгүй юу. Хэрэв тэр чадамжуудын нийлбэрээрээ манай улс хурдацтай унавал эргээд маш олон салбарт сөргөөр нөлөөлнө. Тиймээс төр, засаг тогтвортой байх нь чухал. Хоёрдугаарт төр, захиргааны салбар руу мерит зарчмаараа хэн чадвартай нь орж, томилогдох ёстой. Гуравдугаарт, манай төрийн үнэлгээ бага учраас хамгийн чадвартай нь хэзээ ч төр рүү орохыг сонирхож, хүсэхгүй байна. Орлоо гэхэд тухайн хүний амьдрах боломж, амьжиргаа хэцүүдэх учраас уул уурхай, банк, санхүү, мэдээлэл, технологийн салбарыг өнөөдрийн авьяаслаг, чадварлаг залуучууд илүү сонирхож байна шүү дээ. Тэгэхээр бид яаж төр, засаг руу чадварлаг хүмүүсийг оруулдаг системийг бий болгох вэ гэдэг нь чухал асуудал. Хэрэв ингэж чадвал өнөөдөр нийгэмд тулгамдсан маш олон асуудлын шийдлийг хурдан олох гээд байна л даа.

-Хөгжлийн гарц ямар хэмжээнд байвал бид санасандаа хүрэх бол?

-Өнөөдрийн энэ олон асуудал яагаад үүссэн бэ гэвэл асуудлаа сайн ойлгоогүйтэй холбоотой юм. Ямар ч бодитой судалгаа хийхгүйгээр шууд шийдлүүд рүү мөнгө хаяж ирсэн. Гэтэл тэр нь үр дүнгүй болдог. Японы Элчин сайд хүн “Монголчууд ямар ч судалгаагүйгээр бүх зүйлийг хийгээд байдаг. Японууд зөвхөн судалгаанд тулгуурлаж бүх ажлыг хийдэг” гэдгийг хэлсэн байдаг шүү дээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, асуудлынхаа мөн чанарыг ойлгоно гэдэг бол ерөөсөө л судалгаа шүү дээ. Тэр нь зөвхөн төрийн байгууллагууд ч биш, иргэд нь асуудлынхаа мөн чанарыг ойлгох тусмаа эргээд төрд байгаа хүмүүсээрээ бид  илүү судалгаатай алхмуудыг хийлгэж чадна. Гэхдээ мэргэжлийн судалгааны байгууллагаас зөв аргачлалаар гаргаж ирсэн судалгаатай байж л энэ алхам зөв хийгдэнэ шүү дээ.         

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(197.211.63.43) 2025 оны 01 сарын 22

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n

0  |  0
Kca(112.120.249.173) 2025 оны 01 сарын 22

Яг өнөөдрийн байдлаар 1 хүнд ноогдох ДНБ 6666 доллар байгаа.

0  |  0
Top