АНУ | 60 зорчигчтой онгоц цэргийн нисдэг тэрэгтэй МӨРГӨЛДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 30

 

АНУ-ын American Airlines-ын 60 зорчигчтой нисэх онгоц Вашингтонд цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлджээ. 

Орон нутгийн цагаар лхагва гарагийн орой Виржиниа мужийн Рейган нисэх онгоцны буудлаас гурван цэрэг авч явсан цэргийн Blackhawk хэмээх нисдэг тэрэг 60 зорчигч болон багийн дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй онгоцтой мөргөлдсөн ба албаныхан амьд үлдэгсдийг эрэн хайж байгаа гэжээ. 

Зорчигч тээврийн онгоц оройн 21:00 цагийн орчимд Вашингтоны нисэх онгоцны буудал дахь буух зурваст ойртож ирэх үедээ цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөн байна. Blackhawk нисдэг тэрэг 15 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Гэсэн ч тухайн өдөр гурван цэрэг тээвэрлэж явжээ. 

Албаныхан "Бид онгоцонд сууж явсан зорчигчид болон багийн гишүүдэд маш их санаа зовж байна. Эрх баригчидтай холбогдож, яаралтай тусламжийн арга хэмжээ авч ажиллаж байна" хэмээсэн байна. 

Хоёр онгоц мөргөлдөж байгаа нь камерт бичигдэн үлдсэн байх бөгөөд ослоос үүдэлтэй хог хаягдал усанд ихээр унасан байна. Одоогийн байдлаар голын эрэг дагуу болон усан дээр унасан онгоцны хэсгүүд болон хохирогчдын цогцос, эд зүйлс зэргийг эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа аж. 

Одоогоор амьд үлдсэн хүмүүсийн тухай мэдээлэл цацагдаагүй байна. Агаарын тээврийн American Airlines компанийн зүгээс "Хэрэв та 5342 дугаар нислэгт хайртай дотнын хүмүүс тань байгаа гэж бодож байвал American Airlines компанийн 800-679-8215 дугаарын утсаар холбогдоорой. АНУ-аас бусад бүс нутгаас холбогдох хүмүүс news.aa.com хаягаар орж холбогдох утасны дугаар авах боломжтой. Канад, Пуэрто-Рико эсвэл АНУ-ын Виржиний арлууд дахь иргэд 800-679-8215 дугаарт залгаж мэдээлэл өгөх боломжтой" гэжээ. 

Уг осол 1982 оны 1-р сарын 13-нд 78 хүний амийг авч одсон агаарын тээврийн Эйр Флорида компанийн онгоцны ослоос 43 жилийн дараа гарсан онгоцны осол болон бүртгэгдээд байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu