Энэ сарын 10-ны өдөр Өмнөд Солонгосын Дэжон хотод 7 настай сурагч охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Тус хэргийг үйлдсэн 48 настай багшийг сэтгэл гутралд өртсөн нэгэн хэмээн мэдээлсэн ч нэг төрлийн сэтгэцийн эмгэгтэй байж болзошгүй талаар сэтгэл судлаачид мэдээлсэн байна.
Тус багшийг өөрийгөө гэмтээсэн байхад нь олж, эмнэлэгт хүргэсэн. Түүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байх үед тэрээр чангаар инээж байсан болохыг эмч нар дурдсан байна. Хүзүүн тус газраа хутганы шархтай байсан сэжигтэн гэнэт чангаар инээж эхэлсэн нь яаралтай тусламж үзүүлж байсан эмч нарыг цочирдуулж, ийм төрлийн шархтай өвчтөнүүд ихэвчлэн их хэмжээний өвдөлт мэдэрч буйгаа илэрхийлдэг болохыг онцолжээ.
Тус эмнэлгийн ажилтнууд уг эмэгтэй сурагчаа хөнөөсөн болохыг олж мэдсэнийхээ дараа түүний хувийн мэдээллийг нууцалж, зөвхөн эмчлэгч эмч болон сувилагч л түүний эмнэлгийн бүртгэлийн мэдээлэлд нэвтрэх боломжтой байхаар хязгаарлалт хийжээ.
Сэжигтэн эмэгтэйг Antisocial personality disorder буюу бие хүний эмгэгтэй байж болзошгүй талаар сэтгэл судлаачид болон эрүүгийн сэтгэл судлаачид ярьжээ. Сэтгэл гутрал нь сэтгэл санааны зохицуулалтад нөлөөлдөг эмгэг бөгөөд энэ төрлийн хэрцгий гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болдоггүй байна. Харин харгис хэрцгий гэмт хэрэг үйлдэж, дараа нь чангаар инээх зэрэг нь бие хүний эмгэгийн үед илэрдэг шинж тэмдгүүдийн нэг аж. Уг эмгэгийн үед зорьсон үйлдлээ амжилттай гүйцээсний дараа сэтгэл хөөрөл мэдэрч, агшин зуур сэтгэл ханамж мэдэрч, улмаар ийнхүү чанга инээхэд хүрдэг байна.
Мөрдөн байцаагчид сэжигтэн этгээдийн сэтгэл зүйн байдал болон хэргийн сэдлийг үргэлжлүүлэн шалгасаар байна гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )