Үлгэр домогт үүлтэй тэнгэрээс доохнуур, үзүүртэй модноос дээхнүүр гээд гардаг даа. Гэтэл уулчин хүн үүлэн дээгүүр хэр нь уул хайрхдын оргил өөд л тэмүүлж явах. Тэдний нэг уулын спортын олон улсын хэмжээний мастер, уулчин А.Баттогтохыг өнөөдрийн “Өглөөний зочин”-оор урьж ярилцлаа. Тэрбээр ирэх сарын эхээр дэлхийн дээвэр Эверестэд авирч Төрийнхөө алтан соёмбот далбааг мандуулахаар зоригложээ. Өмнө нь тэрбээр Алтай Таван Богд уулын Хүйтэн, Малчин, Найрамдал, Хангайн нурууны Отгонтэнгэр, Соёны нурууны Мөнх Сарьдаг, Их Богд, Цамбагарав, Мөст, Сүхбаатар, Барилгачин, Хөх Сэрхийн нурууны Тахилт, Сутай хайрхан зэрэг Монгол орны ноён оргилуудад 60 гаруй удаа гарч байсан. Мөн Өмнөд Америкад Андын нурууны ноён оргил Аконкагуа /6965 м/, Европ тивийн ноён оргил Эльбрусд /5642 м/ тус тус амжилттай авирсан туршлагатай уулчин төдийгүй дэлхийд өндрөөрөө тавдугаарт эрэмбэлэгддэг, далайн түвшнээс дээш 8463 метрийн өндөрт орших Макалу оргилд гарсан анхны монгол хүн юм.
-Ажил амьдрал, сонирхож байгаа хобби, хичээллэж байгаа спорт гээд таны бүхий л амьдралын туршид аюулгүй байдал гэдэг үг хамт явдаг юм байна гэж бодогдлоо?
-Аюулгүй байдал хамгийн чухал. Би Иргэний нисэхэд ажилладаг. Анх 2003 онд Аэродромын албанд ажилд орж байлаа. Аэродром гэдэг маань агаарын хөлөг хөөрч, буух зурвасыг хариуцдаг гэсэн үг. Үүн дээр онгоцны хөдөлгөөнд саад учруулахаар ямар нэгэн жижигхэн зүйл байвал тэр нь том эрсдэл болдог. Тийм учраас дүрэм журмынхаа дагуу л ажил үүргээ гүйцэтгэх ёстой. Ямар нэгэн алдаанаас янз бүрийн эрсдэл гарах магадлалтай. Үүнээс болж төсөөлөөгүй хүндрэл гарч болзошгүй шүү дээ. Тийм учраас аюулгүй байдал хамгийн чухал нь юм. Уулын спортын хувьд ч гэсэн ганцхан алдаа гаргалаа гэхэд тэр нь эхний бөгөөд сүүлчийн алдаа байдаг шүү дээ. Ер нь хариуцлага гэдэг зүйлийг ёстой нөгөө “яс махандаа шингээнэ” гэдэг шиг л байнга бодож, санаж явдаг.
-“Уулын спортоор 2015 оноос хичээллэж эхэлсэн” гэж өмнө нь өгсөн ярилцлагадаа дурдсан байсныг тань уншсан. Та ер нь ийм эрсдэлд дуртай гэх нь хаашаа юм, байнга өөрийгөө сорьж байдаг бололтой. Яагаад. Эсвэл хийж байгаа ажилтайгаа холбоотойгоор өөрийгөө сэтгэл зүйн хувьд байнга дасгалжуулж байдаг юм уу?
-Би нэлээд хожуу буюу 30 гарсан хойноо уулын спортоор хичээллэж эхэлсэн. Гэхдээ хүний төрж өссөн орчны нөлөө байдаг юм билээ. Би анхнаасаа уулчин хүн болно гэж зориогүй ч гэсэн уул хайрхандаа гарах дуртай, байгаль дэлхийдээ алхах, аялах дуртай байсан. Бүр багаасаа л ийм байсан. Тэгээд хотод ирээд суурин амьдралд шилжсэн ч гэсэн Богд уулаараа их алхдаг байлаа. Бүр ганцаараа ч хамаагүй явж л байна. Сонирхол, хоббигоороо ингэж алхаж явсаар мэргэжлийн уулчидтай таарч танилцсан юм. Нөгөө хэдээсээ дараагийн очих уулынхаа тухай мэдээллийг авдаг байлаа. Өөрийн эрхгүй л “Явахсан, очихсон” гэдэг бодол төрж, сонирхоно шүү дээ. Ингээд л аялалдаа гарна. Ингэж явсаар байтал нэг мэдэхэд л ууланд хамт явдаг баг, хамт олонтой болчихсон байсан. Багийн ахлагч маань сайн дасгалжуулж, хамт ууланд гардаг хүмүүс маань дэмжиж явсаар уулын спортод хайртай болчихсон.
-Хүн байгаль дэлхийдээ ойрхон байя гэвэл агаар салхитай л бол хаана ч алхаж болох юм шиг. Гэтэл заавал Туул голын эрэг хөвөөгөөр биш заавал Богд уул өөд, ер нь уулын оргил өөд, өндөр рүү тэмүүлэхийн учир юу вэ?
-Уулын оргил дээр гарахад хамгийн түрүүнд сэтгэл уужирч, дотор тэнийдэг. Хүн өөдөө өгсөж явахдаа зүгээр ч нэг алхаад байхгүй шүү дээ. Цас мөс, салхи шуурга, ер нь өгсөх замд таарч буй саад бэрхшээлийг даван туулж, өөрийгөө ялж буй мэдрэмж давхар байдаг. Энэ л мэдрэмж хүнийг татдаг байх. Миний хувьд ууланд авирах нь бясалгал болдог юм. Хүн яг өөртэйгөө тулаад, дотор хүнтэйгээ ярилцах, би яг хэн бэ гэдгээ ойлгож мэдрэх, үнэхээр тэсвэр тэвчээр гаргаж, өөрийгөө ялан дийлж чадаж байна уу гээд л хүнийг олон талаар нь төлөвшүүлдэг. Энэ бүх зүйлийг даван туулж, тэр сайхан мэдрэмжийг авсан хүн ахиад нэг явмаар, өмнөх амжилтаа ахиулмаар санагдаад байдаг юм болов уу. Өөрийн эрхгүй л уулаа санаад байдаг юм.
-Та түрүүнд төрж өссөн орчны нөлөө гэж ярьж, дурдсан. Хаана төрж өссөн бэ?
-Аав маань Ховд аймгийн Чандмань сумын харьяат Аюурзанын Алтангэрэл гэдэг хүн байсан. Аавын талынхан маань их олуулаа. Ихэнх нь уугуул нутагтаа бий. Аав маань 12-13 настайгаасаа эхлээд сумандаа бичээч хийгээд, засаг захиргааны нэгжид ажиллаж эхэлсэн байдаг юм. Ээж Нансалмаагийн Дингаа маань ч бас ялгаагүй Чандмань сумынх. Айлын том охин. Аав ээж хоёр маань нийлж, айл болоод 1970-аад оны үед аймгийн төвийн айл болжээ. Тэд маань Нэгдэл дундын үйлдвэрт ажилладаг байлаа. Аав маань нярав, нягтлан бодогч, ээж маань тогооч хийдэг байсан. Дуут суманд Нэгдэл дундын үйлдвэрийнхний Нэвтийн амралт байдаг. Хавцал дагасан 41 рашаантай, байгалийн үзэсгэлэнтэй газар л даа. Бид эцэг эхээс долуулаа. Нэг охин, зургаан хүүтэй айл байлаа, манайх. Бид зуны амралт эхлэнгүүт Дуут руу л явна шүү дээ. Одоо бодох нь ээ, өндөрлөг бүсэд өссөн юм билээ. Ховд аймагт мөнх цаст уул ч олон бий. Би өнгөрсөн жил нутаг явахдаа зундаа очиж, тоглож өссөн Дуут сумандаа, гэрийнхээ буурин дээр очоод хэмжилт хийж үзлээ. Зүйрлүүлж хэлбэл, Богд уулын орой дээр байгаа юм шиг өндөрлөг газар байна билээ.
-Өнөр өтгөн сайхан өсөж торнижээ. Одоо та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ?
-Гэр бүл зохиогоогүй байгаа. Гэр бүлтэй болно байх. Тэр үедээ бол сэтгэл зүйгээ бэлэн байлгаж чадна. Харин одоо бүхий л цаг хугацаа, сэтгэл зүрхээ уулын спортдоо зориулж байна даа.
-Гадагшаа ууланд авирахын тулд маш олон улсын хэл, соёл, шашин шүтлэг гээд өөрийн тань огт үзээгүй зүйлтэй нүүр тулж, шинээр танилцах аялал болдог байх. Энэ бүхнийг яаж даван туулдаг вэ. Заримдаа үл ойлголцох асуудал гарах уу?
-Үл ойлголцох асуудал харьцангуй гайгүй. Би Гималайд авирахаар боллоо гэхэд Непалын Засгийн газарт уулын төлбөр тушаадаг. Тиймээс тухайн улс уулчдын аюулгүй байдлыг хангадаг гэсэн үг. Ихэвчлэн гадаадын уулчид очдог юм. Бид ч ялгаагүй дандаа шинэ газар очно. Авирч үзсэн ууландаа дахиад бараг л явахгүй дээ. Яагаад гэвэл, зардал өндөртэй. Гадагшаа явж, өндөр ууланд гарахад маш урт зам туулж, хол явна. Олон хүнтэй танилцаж, газар үзнэ. Тэр болгон нь сонин содон байдаг юм. Энэ нь сонирхолтой, сайхан байдаг хэдий ч өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд бас л мэдэх, мэдэхгүй саад бэрхшээлийг даван туулах л болно. Түүний эцэст л санасандаа хүрнэ. Миний хувьд гэхэд уулын спортын олон улсын хэмжээний мастер болжээ. Үнэндээ энэ хүртэл явахад бас л маш олон золиосыг гаргаж байж хүрсэн. Цаг хугацаа гэдэг зүйл чинь өөрөө ямар их үнэ цэнтэй билээ дээ. Өдий зэрэгт хүрэхийн тулд өөрийнхөө боломж бололцоог дайчлан, бүхий л цаг хугацаагаа зарцуулсан. Гэхдээ би үүндээ огт харамсдаггүй. Зорилгодоо хүрэхдээ сэтгэл хангалуун байдаг.
-Ууланд авирах үед таарсан сонин содон, сонирхолтой зүйлсээсээ хуваалцаач гэвэл таны сэтгэлд одоогийн байдлаар юу зурсхийн бууж байна вэ?
-Би нэг удаа Непалд ууланд авирч байсан юм. Макалу гээд дэлхийд өндрөөрөө тавд эрэмбэлэгддэг, далайн түвшнээс дээш 8463 метрийн өндөр оргил. Тэр үеэс юу нь тод, онцлог сэтгэгдэл үлдээсэн бэ гэвэл Макалу ууланд хамгийн ойрхон оршдог тосгод нь шерпа нарын амьдардаг газар байсан. Жинхэнэ уулын мэргэжлийн хөтөч нар буюу шерпа хүмүүс Непалд цөөхөн. Тэр хүмүүсийн амьдардаг орчин нь болохоор дандаа шовх уулын өндөрлөг бүс, гэртээ харихын тулд автобуснаас буугаад явган алхаад, замдаа нэг хоноод очдог. Тэгээд бас нэг сонирхолтой зүйл нь хоёр өдөр алхсаар байгаад уулын орой дээр гараад ирэхэд сургууль байж байх жишээний. Шерпа нарын тосгоны хүүхдүүд хичээлээ тараад явж байсан. Энэ мэтчилэнгээр сонирхолтой, өвөрмөц сонин ахуй угтана. Гэтэл бөмбөрцгийн нөгөө талд, Өмнөд Америкад Андын нуруунд авирч байхад амьдралын хэв маяг нь эсрэгээрээ байх жишээний. Тухайлбал, бидний хувьд өдрийн 11:00-16:00 цаг ид ажлын үе байхад тэнд халуун газар учраас бүгдээрээ амраад хэвшчихсэн байдаг. Оройн сэрүүнд ажлаа хийнэ. Бид хөдөө, ууланд очоод халуун цай уудаг. Гэтэл нэлээд хасах хэмтэй хоночихсон байхад л зарим уулчин мөстэй жүүс уучхаад яах ч үгүй явж байх жишээний.
-Үнэхээр дурлаж, сонирхоогүй бол хэр баргийн хүн уулчин болохгүй л байх даа?
-Би 2013 оноос Нисэхдээ шувуу судлаачийн ажил хийж байсан юм. Бас л нэлээд хариуцлагатай ажил л даа. Тэгээд гэрэл зураг сонирхож эхэлж байгаа юм. Богд уулаар ганцаараа алхаад шувууныхаа зургийг авна. Тэгж явахдаа ууланд алхдаг хүмүүстэй танилцсан. Заримдаа нөгөө хүмүүстэйгээ алхдаг боллоо. Дараа нь Баянзүрх хайрханд гаръя. Тэгээд Чингэлтэй, Сонгинохайрхан өөд гарч үзье гэж явсаар байгаад уулчидтай танилцсан. Би тэр үед ээлжийн амралт авсан өдрөө камераа бэлдэж аваад үдээс хойш нь гэхэд Ховдын шууданд суучихсан явж байдаг байлаа. Ховдод очингуутаа ерөөсөө л дуртай газар руугаа явж үзье гэсэн бодолтой. Одоо бодох нь ээ, ууланд явах их л дуртай байсны шинж шүү дээ. Шувууны зургаа авна. Ингэж явах нь надад бол бясалгал болдог байсан. Энэ мэтээр явсаар хол, ойрын хобби, сонирхол нэгтэй хүмүүстэй танилцсан даа. Уул өөд алхаж эхлээд нэг мэдэхэд, хоёр жил болчихсон байсан. Дараа нь уулчидтайгаа хамт алхаж, ууланд явдаг боллоо. Ингээд хамгийн анх тэдэнтэйгээ хамт уулчдын босго уул гэгддэг Асралт хайрханд гарсан даа. Тухайн үед Улаанбаатар хот маань утаа ихтэй. Долоо хоног бүр ууланд гарч, хамт алхдаг хүмүүстэйгээ “Долоо хоногт нэг удаа ууланд алхаж, цэвэр агаараар уушгиа баярлуулъя” гэж хүмүүсийг уриалъя хэмээн ярьж байгаад алхалтын клуб нээлээ. Одоо "Horizon mountaineering" нэртэй ТББ болж, уулын клуб болж үйл ажиллагаа нь өргөжөөд байна. Харин эхлэл нь тэр үед ингэж тавигдсан юм. Нэг мэдсэн, би өөрөө хөтөч нь болчихсон байсан. Найз нөхөд “Чи л авч явах ёстой шүү” гэж хөөргөөд, “сумлаад” тавьчихсан гэх үү дээ /Инээв/. Уул хүнд их зүйлийг суулгаж өгдөг. Хөтөч, багийн ахлагч хүн гэхэд өглөө эрт босохоос эхлээд хүмүүсийг зөв зүйлд их уриалдаг, өөрөө ч их хүлээцтэй болдог.
-Хүн хүний чадвар, хүлэг болгоны жороо өөр гэдэг шүү дээ. Түүн шиг уул уулын төрх, араншин өөр байх болов уу. Уул хайрхан болгон харж даасан навдаг савдагтай гэдэг шүү дээ. Зарим хайрхан хүлээж авдаг өдөр, авдаггүй өдөр байдаг гээд ярьдаг юм билээ. Иймэрхүү яриа, хандлага танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ. Та ер нь хэр шүтлэгтэй вэ?
-Би учиргүй их шүтлэгтэй хүн биш. Гэхдээ уул хайрхдадаа хүндлэлтэй ханддаг, уулаа сүсэглэдэг. Амь насаа даатгаад л гарна шүү дээ. Би гэлтгүй уулчид бүгдээрээ л уул хайрхад, хангай дэлхийгээ хайрлаж, хүндэтгэн харьцдаг юм. Өөрийгөө төдийгүй амь сорьсон зүйлд явдаг учраас энгийн үедээ ч гэсэн аливаа зүйлтэй зөв харьцах хандлагатай болчихдог юм билээ.
-Та ер нь хэдэн тивийн хэчнээн хайрханд гарсан бэ?
-Би одоогоор гурван тивийн уул хайрхдад авирчээ. Монголынхоо хамгийн өндөр хайрханд жилдээ 2-3 удаа гадаадын уулчдад хөтөч хийгээд явдаг. Түүнээс биш бид нарийн тоолоод байдаггүй юм.
-Та ихэвчлэн ямар төрлийн авиралт хийдэг вэ. Сүүлийн үед янз бүрийн челлэнж сонсогддог болжээ?
-Альпийн болон Гималайн авиралт гэж байдаг. Би ихэнхдээ Гималайн авиралт хийдэг. Энэ нь багийн авиралт гэхээсээ илүү хөтөчтэй ч юм уу, эхлээд олсоо бэхлээд нэг нэгээрээ явна гэсэн үг. Альпийн авиралт хийж байгаа нөхцөлд ямар ууланд гарч байгаагаасаа хамаараад олсны стандартаа мөрдөнө. Нэг олсонд 4-5 хүн хуваарилна. Үүнээс гадна цаг агаарын хүчин зүйлээс маш их зүйл хамаардаг. Үүний зэрэгцээ сүүлийн үед шерпагүй болон хүчилтөрөгчгүй авирах зэргээр өөрсдийгөө сорьдог экстрим челлэнжүүд ч байна. Энэ бол маш хэцүү. Угаасаа эрсдэлтэй зүйлийг улам өндөр эрсдэлтэй болгож байна гэсэн үг шүү дээ.
-Таныг одоо дэлхийн дээвэр Эверестэд авирах гэж байгаа гэж сонссон?
-Би дөрөвдүгээр сарын эхээр замдаа гарна. Ямартаа ч бэлтгэл хийх газраа ганцаараа ч хамаагүй очно гэж бодож байгаа. Хэзээ нэгэн өдөр дэлхийн дээвэр Эверестэд гарна даа гэдэг мөрөөдөл надад байсан. Би чинь бас хэдэн жилийн өмнө 8000 гаруй өндөртэй ууланд нэлээд өндөр зардлаар авирчихсан. Гэхдээ хэзээ нэгэн өдөр Эверестийг зорино доо гэдэг мөрөөдлөө орхиогүй. Гэтэл энэ жил 20 гаруй жил ажиллаж байгаа Иргэний нисэхийн маань 100 жил, төрж өссөн уугуул нутаг Ховд аймгийн Чандмань сумын маань 100 жил, Монголын уулчид буюу Орос-Монголын экспедиц Отгонтэнгэр хайрханд авирсны 70 жил, нөгөө "Horizon mountaineering" ТББ-ын маань 10 жилийн ой давхцан тохиож байгаа юм. Би үүнд сэтгэлийн бэлэг болгон дэлхийн дээвэр Эверестэд авирч Төрийнхөө алтан соёмбот далбаагаа мандуулъя гэж зориглоод, зорилго тавиад явж байна.
-Монголчуудын дийлэнх нь ус үзэж чаддаггүй. Зарим нь газрын сүрд дарагдаад өндөр уулын бүсэд амьдарч чаддаггүй юм билээ. Гэтэл ийм их эрсдэлүүдийг өндөр зардлаар даван туулж зорилгодоо хүрдэг хүмүүс бол уулчид байх юм. Тэдний нэг та. Уулчин хүн ер нь яаж бэлтгэлээ хангадаг юм бэ гэдгийг товчхон яриач?
-Тэгэлгүй яах вэ. Хүн хүний бие физиологи өөр шүү дээ. Энгийн нөхцөлд ч гэсэн хүнд агаар, ус нь таарахгүй газар, орчин нөхцөл гэж байдаг. Уулын спортоор хичээллэж байгаа хүн эхлээд бага багаар нь өөрийгөө дасгана. Эхлээд агаар салхинд гарна. Дараа нь жижигхэн толгой дээр гарахаас эхлээд уул, уулын оргил өөд явна шүү дээ. Зорилгоо бага багаар ахиулаад л явдаг. Шөнөөр голцуу авирна. Шөнө хагаслаад ууландаа авирвал эрсдэл багатай байдаг юм. Уулаасаа хамаараад өглөө 9:00-10:00 цагийн үед салхилж эхэлдэг учраас болж өгвөл нар тусах үед оргилд дөхөхийг хичээдэг. Энэ мэтийн дадал зуршлыг байнга суулгаж, өглөө эрт босож, үнэгэн харанхуйгаар ажилдаа гарахаас эхлээд энд байхдаа ч байнга бэлтгэл, сургуулилт хийдэг дээ. Бид одоо энд 100 хувь амьсгалж байлаа гэхэд 7000 метрийн өндөрт түүнийхээ 20 гаруй хувиар хүчилтөрөгч авдаг. Машинаар бол агааргүй болж, унтрах хэмжээний газарт явж байна гэсэн үг. Түүн дээр огцом очихгүй бага багаар дасгаж байгаад гарч байна гэсэн үг.
-Өндөр ууланд авирахад санхүүгийн хувьд ч өндөр зардал гардаг бололтой юм. Тэр бүхнийгээ яаж зохицуулдаг вэ. Эверестэд авирахад 35 мянган ам.доллар хэрэгтэй гэдэг тооцоо судалгаагаа гаргаад хандивын дансаа нээчихсэн байгаа харагдсан?
-Зардал бол хэдэн мянган ам.доллараар яригдана шүү дээ. Зардлыг задалж яривал нэлээд их юм болно. Монголчлоод хэлбэл, Гималайн ууланд авирахаар Монголоос нислээ. Очоод хотын төвөөс аймаг руу, аймгаас сум руу, тэндээсээ явганаар яваад, уул өөдөө гарна. Жишээ нь, бид Алтай Таван Богд өөд гарахын тулд Цагаан гол дээр очоод явган явдаг шүү дээ. Яг үүнтэй адилхан. Тэгээд, тэр том уул чинь нэг өдөр явахгүй, явганаар долоо хоног явна. Тэр долоо хоногийн байр, ачааны хөлсийг өгнө. Очсон хойноо сар бэлтгэл хийнэ, тэр хугацааны хоол хүнсний материал, тогоочийн цалин, ачаа үүрдэг хүмүүсийн хөлс, тэгтэл шерпа маань ахиад туслахтай байна, тэгж байж нөгөө хэцүү олсоо тавьдаг гээд энэ мэтчилэн зардал өндөр гардаг. Уулын хэрэгсэл маань ч өндөр үнэтэй. Чанартай, сайн хувцас, хэрэгсэлтэй байх тусмаа эрсдэл багасдаг. Нэг үеэ бодвол технологи маань хөгжиж сайжирсан. Энэ хэрээр үнэ өсдөг. Очоод эхний ээлжинд уулынхаа өндөрт дасах бэлтгэлийг сар хийнэ. Энэ бүгдийг хамгийн ихээр ойлгож дэмждэг Нисэхийн хамт олон, нутгийн зөвлөл, нутгийн иргэд, ах дүү нар, уулынхандаа маш ихээр баярлаж талархдаг. Та бүгдийн дэмжлэг тусаар өдий зэрэгтэй явна, би. Өөрөө ч гэсэн зарим нэгийг нь болгохыг хичээж байгаа ч маш их зардал, цаг хугацаа зарцуулагддаг. Үнэхээр өндөр эрсдэлтэй, өндөр зардалтай спортыг ойлгож дэмждэг та бүхэндээ маш ихээр баярлаж талархдаг шүү. Нөгөөтэйгүүр, маш олон хүний итгэл найдвар хамт явж байдаг, хариуцлага юм.
Сэтгэгдэл ( 3 )
Амжилт хүсье. Уулсын босоо хийморь ивээг
Амжилт хүсье. Уулсын босоо хийморь ивээг
Амжилт хүсье ❤️