Улсын Их Хурлын даргын 2024 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Улсын Их Хурлын гишүүн, ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний талаар судалгаа хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч О.Саранчулуун хэлэлцүүлгийг чиглүүлж, оролцогчдод хөтөлбөр, мэдээлэл, дэгийг танилцуулав. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Д.Бум-Очир, Д.Ганмаа, Ч.Лодойсамбуу, А.Ундраа нар ажиллаж байгааг дурдаад, Улсын Их Хурлын даргын 2024 оны 89 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн.
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд “Ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль тогтоомжийн өнөөгийн байдал, хэрэгжилт, бусад улс орны туршлага” сэдэвт илтгэл танилцууллаа. Ялгаварлан гадуурхах гэмт хэргийн тухай ойлголт, тодорхойлолтыг дэлгэрэнгүй тайлбарлав. Нийгмийн тодорхой бүлгийн гишүүнийх нь хувьд хүмүүстэй бусад хүмүүсийн адил эрх тэгш хандахгүй байх үйлдлийг ялгаварлан гадуурхалт гэж тодорхойлдог байна. Боловсрол, ажил хөдөлмөр эрхлэлт, бүх төрлийн үйлчилгээ авахад ямар нэг нийгмийн бүлэгт харьяалагдах мөн чанараар нь буюу үндэс, шашин, үндэс угсаа гэх мэт хүчин зүйлсээр хүмүүсийг ялгаварлан гадуурхах гэдэг нь тухайн хүнийг эрхээ эдлэх тэгш боломж олгохгүй байхыг хэлдэг хэмээн танилцуулсан. Үргэлжлүүлэн тэрбээр энэ талаарх олон улсын хэм хэмжээ, баримт бичгүүдийн талаар, Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн тусган зохицуулсан байдаг талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Хүний эрхийн дэд хорооны дарга илтгэлдээ сүүлийн 10 жилийн хугацаанд буюу 2016-2025 оны эхний хагас жилийн байдлаарх ялгаварлан гадуурхалт үйлдэгдэж буй нөхцөл байдлын талаарх тоо баримтыг танилцуулсан. Тухайн хугацаанд эрх бүхий байгууллагад ялгаварлан гадуурхалтад өртсөн гэх гомдол, мэдээлэл 186 бүртгэгджээ. Тодруулбал, үндэс, угсаагаар ялгаварлан гадуурхагдсан гэх 15, хэл, зан заншлаар ялгаварлан гадуурхагдсан гэх 2, насаар ялгаварлан гадуурхагдсан гэх 12, хүйсээр ялгаварлан гадуурхагдсан гэх 7, нийгмийн гарлаар ялгаварлан гадуурхагдсан гэх 5, нийгмийн байдлаар ялгаварлан гадуурхагдсан гэх 77, хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхагдсан гэх 4, эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварлан гадуурхагдсан гэх 30 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Мөн шашин шүтлэгийн улмаас ялгаварлан гадуурхагдсан гэх 2, үзэл бодол, боловсролын түвшнээс үүдсэн ялгаварлан гадуурхалтад өртсөн гэх 28 гомдол, мэдээлэл бүртгүүлсэн байна. Эдгээрээс 1 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэдий ч хэрэгсэхгүй болгосон байна. Монгол Улсад ялгаварлан гадуурхалтын хэргийг шийдэж байгаагүй гэдгийг дээрх баримт илэрхийлж байгаа аж. Иймд олон улсын жишгийн дагуу, хүний үндсэн эрхийн зөрчлийг хэрхэн шийдвэрлэх нь зохистой талаар иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, олон нийттэй зөвшилцөх шаардлага үүсэн хэмээн С.Эрдэнэболд гишүүн дурдсан.
Үргэлжлүүлэн тэрбээр энэ төрлийн гэмт хэрэг огт үйлдэгдэхгүй байна уу, эсхүл илрүүлж чадахгүй байна уу гэдэг асуудлын хүрээнд хийгдсэн судалгааны дүгнэлт, Монгол Улсад түгээмэл үйлдэгддэг ялгаварлан гадуурхалтын төрлүүдийг танилцуулсан. Ялгаварлан гадуурхах гэмт хэрэгт өртсөн хэдий ч гомдол гаргаж чадахгүй байгаа шалтгаан нь хувийн нууц задрах эрсдэл, гомдол, мэдээлэл хүлээн авагч эрх бүхий албан тушаалтнуудын харилцаа, хандлагаас болгоомжлох, эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны талаарх болон хүний эрхийн талаарх ойлголт дутмаг, хуулийн дагуу эрхээ хамгаалуулна гэдэг итгэл үнэмшил төрдөггүй зэргээс улбаатай байдаг гэжээ. Манай улсад бэлгийн чиг баримжаагаар, жендэрээр, хөдөлмөрийн насаар, цалин хөлсөөр, гадаад төрхөөр, хөгжлийн бэрхшээл, өвчний улмаас ялгаварлан гадуурхах нь түгээмэл байдаг гэжээ. Мөн шашин шүтлэг, хэл ярианы аялга, эдийн засгийн нөхцөл болон нийгмийн анги давхаргаар, сургуулийн орчинд ялгаварлан гадуурхалт түгээмэл байгаа бөгөөд эдгээр нь зөвхөн хэрэг бүртгэлийн тоо баримтад тулгуурласан төдийгүй төрийн аливаа шийдвэр, үйлчилгээтэй хамааралтай байгааг илтгэгч тодотгож байв. Үргэлжлүүлэн тэрбээр Дэд хорооноос хийсэн, АНУ, Канад Улс, ИБУИНВУ, ХБНГУ, Япон Улсын ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль тогтоомж, туршлагын талаарх судалгаа танилцуулаад, нэн тэргүүнд боловсрол, эрүүл мэндийн салбарт ялгаварлан гадуурхалтыг бууруулснаар нийгэмд нөлөөлөх, эерэг үр дүн гаргах боломжтой гэж дүгнэлтийг дурдсан юм. Мөн дотоодын хууль тогтоомжид холбогдох нэр томьёонуудыг оновчтой, нэг мөр жигдлэх шаардлагын талаар тайлбарлаж байв.
Ялгаварлан гадуурхах хандлага нь хүний үндсэн эрхэд халддаг бөгөөд хүнийг ямар нэгэн нийгмийн бүлэгт харьяалагддагийнх нь төлөө ялгаварлан гадуурхах, түүнийгээ туйлширсан байдлаар илэрхийлж буй үйлдэл Монгол Улсад түгээмэл байгааг С.Эрдэнэболд гишүүн тэмдэглэв. Иймд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар: “Цөөнхийн эрхийг хамгаалах: Ялгаварлан гадуурхахын эсрэг цогц хууль тогтоомж боловсруулах практик гарын авлага”-ыг боловсруулж, НҮБ-ын гишүүн орнуудыг тус гарын авлагын дагуу ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц зохицуулалт бүхий хууль тогтоомжтой болох зөвлөмж гаргасан байна. Бие даасан хуультай болсноор ялгаварлан гадуурхалтын ойлголт, ялгаварлан гадуурхагдахгүй байх эрхийн ойлголт, хамрах хүрээ, хуулиар заавал авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, хууль зөрчигчид хүлээх хариуцлага, хохирогчийг хамгаалах, хохирлыг барагдуулах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх асуудал, гомдол гаргах болон гомдлыг шийдвэрлэх ажиллагаа, нотлох баримтыг үнэлэх асуудал, хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдүүдийн чиг үүрэг, бүрэн эрх, хариуцлагын тухай зэрэг асуудлыг тодорхойлох ач холбогдолтой бөгөөд хэрэгжилт, ухамсар соёл бүрдэх боломжтой гэж үзсэн гэв.
Илтгэлийнхээ төгсгөлд Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд Улсын Их Хурлын түвшинд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах хүрээнд хэлэлцэж буй хууль тогтоолын төслүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөрийн төсөл, Хүний эрхийг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслүүд болон Улсын Их Хурлын 2024 оны 112 дугаар захирамжаар байгуулагдсан Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан эрүүдэн шүүхийн эсрэг арга хэмжээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн талаар дүгнэлт гаргах ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Мөн хэлэлцүүлгийн оролцогчдод Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн форумын байнгын уулзалт-хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өгч, хүмүүнлэг, иргэний нийгмийг цогцлоохын төлөө хамтдаа ажиллахыг уриалсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
manai eej turgen uurtai ,tegeed namaig dandaa ylgavarlan gaduurchdag nadad chechuu baidag