Мөрөн-Улиастайн замын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 27

 

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн барих, ашиглах, шилжүүлэх гэрээний төрлөөр хэрэгжих "Мөрөн-Улиастай чиглэлийн 261.89 км авто замын төсөл"-ийг баталж, сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, журамд заасны дагуу зохион байгуулж, үр дүнг таницуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт даалгалаа. 

Төслийг хувийн хэвшлээс санаачилжээ. Бүтээн байгуулалт хоёр хэсэгтэй, замын эхний хэсэг Мөрөн-Булган чиглэлийн улсын чанартай авто замаас Омпуугийн давааны өвөр хүртэлх 190.2 км авто замыг гэрээ байгуулсны дараах эхний хоёр жилд, авто замын хоёрдугаар хэсэг Омпуугийн даваа орчмоос Согоотын даваа Тосонцэнгэл сумын баруун талын А603 дугаартай авто замтай огтлолцох дөрвөн замын уулзвар хүртэлх 71.69 км хэсгийг гэрээ байгуулсны дараах гурав дахь жилд барьж дуусгахаар төлөвлөжээ.

Эхний хэсгийн бүтээн байгуулалт дууссаны дараа буюу гурав дахь жилээс 23 жилийн турш тус авто замын менежмент, засвар арчлалт зэрэг үйл ажиллагааг хувийн хэвшил хариуцна, орлогын эх үүсвэр нь нүүрсний ачаа тээврийн хэрэгслээс замын хураамж авахаар тооцоолсон байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Асуулт(172.91.182.247) 2025 оны 08 сарын 27

Нүүрс зөөхөд л ашиглах зам биз дээ. Төсвийн хөрөнгөөр бариагүй биз дээ

0  |  0
Top