2025 оны аравдугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотноо болсон “Дэлхийн хүнсний өдөр”-ийн арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, нээлтийн үг хэллээ.
Сайд хүн төрөлхтөн өлсгөлөн, хүнсний хаягдал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн тогтворгүй байдлын улмаас хүнсний тогтолцоонд урьд өмнө байгаагүй сорилтууд тулгарч буйг дурдаад, эдгээрийг даван туулахын тулд улс орон бүр хамтын хүчээр ажиллах шаардлагатайг онцлов.
Тэрбээр Монгол Улс хүнсний аюулгүй байдлыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлж, Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж буйг танилцууллаа. Мөн нүүдлийн мал аж ахуйгаа хадгалан хамгаалахтай зэрэгцэн шинжлэх ухаан, техник технологи, инновацыг нэвтрүүлж, тогтвортой хүнсний системийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгааг тэмдэглэв.
Түүнчлэн 2026 онд “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн эрхлэгчдийн олон улсын жил” тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд дэлхий дахинд бэлчээрийн тогтвортой менежментийн ач холбогдлыг харуулах чухал боломж болохыг онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )