Л.Мөнхбаатар: Ард түмэндээ хандаж байна гэсэн "ахадсан" мэдэгдлээс сайдаас чөлөөлөгдөж байгаагаа мэдсэн

2025 оны 10 сарын 07

Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл тус томилгоотой холбогдуулан ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар дараах тайлбарыг өгчээ. 

Тэрбээр "Хууль зүй дотоод хэргийн яам хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байгаа гэдгээ хэлье. Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилогдоод удаагүй байгаа ч гэсэн бодлогын олон асуудал дээр төвлөрч ажиллаж байна. Г.Занданшатар даргатай олон жил хамтарч ажилласан. ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилж байгааг та бүхэнтэй адилхан мэдэгдлээс мэдсэн. Өглөө нь Г.Занданшатар сайд бид хоёр таарсан. Ажил яриад, гар бариад салсан юм. Гэхдээ Засгийн газрын танхимын гишүүнээ чөлөөлөх бол өөрийнх нь эрх. Энэ шийдвэрийг гаргахдаа надад хэлэх ёстой байсан гэж бодож байгаа юм. Зөвхөн Г.Занданшатар, Л.Мөнхбаатар гэдэг хоёр хүний харилцаа биш, төрийн харилцаа. Тийм учраас Засгийн газрын гишүүнтэй холбоотой ажлыг холбогдох хүнд нь танилцуулаад шийддэг байвал зөв байх. Эргээд уулзах нүүртэй, дахиад уулзах даваатай амьдарвал зүгээр гэж би боддог. Хувь хүнийхээ хувьд хүртэл хударгагүй зүйл хийчихэв үү дээ гэж харж байна. 

Намын даргын өрсөлдөөнөөс л үүдлээ шүү дээ. Нэг зүйлийг хатуу хэлмээр байна. Улс төрийн зодооны талбар индрийг хуулийн байгууллага дээр аваачиж болохгүй. Энэ бол хараат бусаар ажилладаг газар. Улстөрчдийн зодооны талбар болчихвол нийгмийн шударга ёс алдагдана. Шударга ёс хүч, сүр биш.

Би ХЗДХ-ийн сайд болоод нэг л зүйлийг хэлсэн байдаг юм. Хэрэг ярихгүй, бодлого ярина, сайдын хувьд эрүүгийн хянан шийдэх ажиллагаанд оролцохгүй гэдгээ зарласан. Энэ бодлого Ерөнхий сайд Г.Занданшатарын явуулах гэж буй улстөрийн үйл ажиллагаанд саад болсон байна гэж би ойлгож байна. Тийм учраас намайг чөлөөлсөн гэж үзсэн" гэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
GANAA(178.174.229.45) 2025 оны 10 сарын 08

za za chi zugeer dald or muu kommunist

0  |  1
Top