ЭЗБХ | Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 07

 

Улсын Их Хурлын Эдийн засгийн  байнгын хороо өнөөдөр (2025.10.07) хуралдаанаа 09 цаг 55 минутад, гишүүдийн 56.3 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухайҮндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухайЭрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Б.Найдалаа, Г.Лувсанжамц, С.Цэлмүүн, Ө.Шижир, О.Батнайрамдал, Х.Булгантуяа, Г.Очирбат, Э.Одбаяр, Ц.Баатархүү, Р.Сэддорж нар Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хууль санаачлагч, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлэв.

 

 

Тухайлбал, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилт, биржийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг тодруулсан. Энэ оны 9 дүгээр сарын байдлаар биржээр 12.5 сая тонн нүүрс, 4.1 сая тонн төмрийн хүдэр, 35 мянган тонн зэсийн баяжмал, 43 мянган тонн жоншны хүдрийн баяжмал арилжаалсан байна.

Улсын төсвийг төлөвлөхдөө арга хэмжээнүүдийг хэрхэн эрэмбэлдэг талаарх асуултад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал сайд хариулахдаа “Засгийн газрын 14 мега төсөл 4 жилийн хөтөлбөрт орсон 149 төслийг Тэргүүн шадар сайдын тушаалаар баталсан макро эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ, төслийн бэлэн байдлын үнэлгээ, санхүүжилтийн эх үүсвэрийн үнэлгээ, нийгмийн нөлөөллийн үнэлгээ зэрэг 4 бүлэг, 14 шалгуур үзүүлэлтээр 1-5 оноогоор үнэлж, эрэмбэлсэн” гэлээ.

 

 

Гишүүд багш, эмч тэргүүтэй төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийлж, энэ чиглэлээрх төрийн бодлогыг тодорхойлох шаардлагатай гэдэг санал хэлж байсан. Мөн бодлогын баримт бичгүүдийн уялдааг хангах, улмаар тэр бүрийг шат дараатай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагын талаар байр суурь илэрхийлж байсан. Ипотекийн зээлийн бодлого, хүртээмж, үр дүнгийн талаар, Үндэсний баялгийн сангийн хөрөнгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх санаачилгын эрсдэлийг, нийслэл дэх цахилгаан, дулаан хангамжийн эх үүсвэрийн хүчин чадлаас давсан бүтээн байгуулалт хийж, түүнийгээ дэд бүтцийн дээрх эх үүсвэртээ холбоод байгаагийн эрсдэлийн талаар тодруулж ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан юм.

 

 

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан тул Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийн хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top