Украины мөргөлдөөнийг зохицуулах яриа хэлэлцээ даруй эхлэх шаардлагатай

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 11 сарын 23

Украины мөргөлдөөнийг цэргийн хүчээр дуусгах ёсгүй бөгөөд талууд яриа хэлэлцээ хийж эхлэх шаардлагатай гэдэгт АНУ итгэлтэй байна гэж НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Майк Уолтц Украины асуудлаар хийсэн Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр мэдэгджээ.

“Гагцхүү дипломат харилцаа л мухардлаас гарах боломж бүрдүүлнэ. Орос, Украины удирдагчид яриа хэлэлцээ хийх ёстой. Хоёр улс гал зогсоохыг зөвшөөрөх ёстой” гэж тэр тэмдэглэсэн байна.

Түүний хэлснээр, хэрэв Орос улс гал зогсоох уриалгыг үл ойшоосоор байвал АНУ тус улсын эсрэг шахалтыг цаашид үргэлжлүүлэхэд бэлэн байгаа бөгөөд Украинд батлан хамгаалах зориулалттай зэвсэг нийлүүлсээр байх ажээ.

Дайны галыг зогсоож, хямралыг улс төрийн аргаар зохицуулахын төлөө Украины мөргөлдөөнд татагдан орсон бүх талтай ажиллахад Хятад улс бэлэн байна гэж НҮБ-д суугаа БНХАУ-ын Байнгын төлөөлөгч Фу Цун мэдэгдсэн байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас танилцуулсан мөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөний талаар эрс шүүмжилсэн мэдэгдэл хийхээс зайлсхийхээр шийдсэн бөгөөд ойрын үед Америкийн удирдагчтай утсаар ярих бодолтой байгаа гэнэ.

Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Кэролайн Ливиттийн мэдээлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон тус улсын ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф нар хямралыг зохицуулах Вашингтоны төлөвлөгөөний талаар Оросын ч, Украины ч талтай ярилцаж байгаа ажээ.

“АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ төлөвлөгөөг дэмжиж байгаа. Энэ нь Орост ч, Украинд ч ээлтэй төлөвлөгөө юм. Уг төлөвлөгөөг хоёр тал хүлээн авах боломж бүрдүүлэхээр бид ажиллаж байна” гэж Кэролайн Ливитт онцолсон байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Украины мөргөлдөөнийг зохицуулах Америкийн шинэ төлөвлөгөөг Европын түшмэдтэй өнөөдөр хэлэлцэх ажээ. АНУ-ын ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслахын үүргийг давхар гүйцэтгэж байгаа тэрбээр Европын орнуудын үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан өндөр албан тушаалын төлөөлөгчидтэй уулзаж ярилцах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top