Монгол Улсаас Исламын Бүгд Найрамдах Иран Улсад суугаа Өргөмжит консул Арман Мухаггех Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой болон “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ираны нийслэл Тегеран хотноо хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгууллаа. Тэрээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ 2026 онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой, Ил хаант улс байгуулагдсаны 770 жилийн ойг тохиолдуулан Иран Улсад соёлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буйгаа илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимаар баярын мэндчилгээ дэвшүүлж, хоёр улсын түүхэн найрсаг харилцаа, соёлын хэлхээ холбоо болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэвшлийг онцлов.
Хүндэтгэлийн хүлээн авалтад Иранд суугаа олон улсын байгууллагууд, дипломат корпус, бизнес эрхлэгчид болон Монгол иргэдийн төлөөлөл оролцов.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ нь Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой болон Монголын ард түмнийг эв нэгдэл, бахархлаар нэгтгэдэг “Монгол бахархлын өдөр”-ийн утга учрыг гадаад орчинд тод томруун таниулж, Монгол–Ираны уламжлалт найрсаг харилцааг улам бэхжүүлсэн ач холбогдолтой боллоо.


Сэтгэгдэл ( 0 )