“Road Expo Mongolia 2026” олон улсын үзэсгэлэн үргэлжилж байна

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Авто замын салбарын дэвшилтэт техник технологи, шинэ шийдлүүдийг нэг дороос танилцуулж буй “Road Expo Mongolia 2026” олон улсын үзэсгэлэн "Мишээл Экспо" төвд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан оролцож, авто замын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд, техник, тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үйл ажиллагаатай танилцлаа.

Салбарын сайд энэ үеэр олон улсын геополитикийн нөхцөл байдлын улмаас газрын тосны үнийн өсөлт, хомсдол үүсэж буйг онцлон эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед төр, хувийн хэвшлийн байгууллагууд эдийн засаг, санхүүгийн уян хатан бодлого баримталж, автозамын салбарын үйл ажиллагаагаа тасалдуулахгүй, хариуцлагатай, тогтвортой хамтран ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм.

Түүнчлэн уул уурхай, авто замын салбарт ашиглагдаж буй том оврын техник хэрэгсэл, дэвшилтэт технологийг нийлүүлэхдээ төлбөрийн уян хатан нөхцөл санал болгох, даатгал, засвар үйлчилгээний цогц шийдлээр хангах, харилцагчидтай урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах нь нэн чухал болохыг түншлэгч, хамтран ажиллагч компаниудад зөвлөлөө.

 

 

Учир нь, улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед салбарын өнөөгийн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим аж ахуйн нэгж, байгууллагууд, жолооч тээвэрчид санхүүгийн хүндрэлд орж, өндөр хүүтэй зээлд хамрагдах, улмаар зээлийн дарамтад орох зэрэг хүндрэл бэрхшээл тулгарч байгааг мөн дурдсан юм. Иймд эдийн засгийн нөхцөл байдалд нийцсэн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, байгууллагууд хоорондын уялдаа холбоотой ажиллаж, хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага байгаа талаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.

Мөн ЗТЯ-ны зүгээс зам, тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, компаниудыг төрийн бодлогоор дэмжин нээлттэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Үзэсгэлэнд ЗТЯ-ны харьяа "Зам тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ авто замын салбарт хэрэгжиж буй норм стандартуудаа сурталчлах, шинэ техник технологиудыг бодлогын хэрэгжилттэй уялдуулах, "Зам тээврийн хөгжлийн төв"-ийн үйл ажиллагааг сурталчлах, автозамын салбарын байгууллагуудад үйл ажиллагааны чиглэлээ таниулах, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, судалгааны цар хүрээг тогтоох зорилготой оролцож байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top