О.Бум-Ялагч: Цөмийн хаягдлын асуудлаар Ц.Элбэгдорж, Г.Занданшатар, А.Ундраа нар Америкийн талд, С.Энхбат зэрэг нь Орост үйлчлээд байна

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 09

 Цөмийн хог хаягдлыг булшлах байгууламжийг Монголд барина гэсэн мэдээлэл үнэн болох нь нэгэнт нотлогдов. Нууц баримтуудыг дэлгэн тавьдагаараа алдаршсан “Викиликс” сайт сүүлийн үед энэ талаар дэлгэрэнгүй мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан  “Ногоон эвсэл” -ийн тэргүүн О.Бум-Ялагч, Ногоон намын дарга асан Л.Сэлэнгэ  нартай Zindaa.mn ярилцлаа.

Таныг “Викиликс” сайтын мэдээллийг нэлээд сайн судалсан гэсэн. Ер нь Монголд цөмийн хаягдал булшлах тухай яриа хэзээнээс эрчимтэй яригдаж эхэлсэн юм бэ?   

-УИХ-ын гишүүн С.Оюун Гадаад харилцааны сайд байхдаа энэ асуудлыг бас хөндөж ярьж байсан юм билээ. Викиликс сайдад тодорхой мэдээлсэн байна лээ. Энэ сайт Америкийн Гадаад харилцааны яам зэргээр дамжуулан мэдээллээ авдаг. Тэгээд Монгол руу хөрөнгө оруулах, бизнесийн үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах сонирхолтой Канад, Австрали зэрэг оронд байгаа Америкийн Элчин сайдын яамдуудтай бичгээр харилцсан мэдээллүүдийг авсан байсан. Хамгийн сүүлд цөмийн хог хаягдлын талаарх санамж бичиг байгуулах үндсэн эхлэлийг нь УИХ-ын гишүүн С.Баяр, Цөмийн эрчим хүний газрын дарга С.Энхбат нар тавьсан байна. Н.Энхбаярыг Ерөнхий сайд байхад ийм санал тавьж байсан л гэдэг. Гэхдээ тэр тухайн үед зөвшөөрөөгүй. Ингээд хойшилсоор байгаад С.Баярыг Ерөнхий сайд болонгуут эрчимтэй яригджээ.  2009 онд Н.Энхбаяр харин  Ерөнхийлөгчийн албанаасаа буухын өмнө дэмжиж эхэлсэн. Ер нь миний ойлгосноор бол манайд цөмийн хаягдлын талаар хоёр том бүлэг үүсээд байна. Нэг нь Цөмийн эрчим хүчний газрын дарга С.Энхбатын талын хүмүүс. Эд нар Оросын талыг баримталж байгаа. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, тус яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А.Ундраа, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Америкийн талд үйлчлээд байна. Ц.Элбэгдорж цөмийн хаягдлын талаар сайн мэдэж байгаа. Америкчууд түүнийг шагнасан нь үүнтэй холбоотой болов уу. Өөрөөр хэлбэл Ц.Элбэгдорж дэмжиж байсан байна. Тийм л биш бол цөмийн хаягдал хөөцөлдөөд гүйж яваа нөхдөд ядаж саад хийх хэрэгтэй байлаа. Гэвч тэр тэгээгүй. Ингээд Ерөнхий сайд Сү.Батболд Арабын Эмиратад очиж гэрээ байгуулсан.

Н.Энхбаяр бас Оросуудтай цөмийн хаягдлын талаар ярилцаж байсан гэдэг. Энэ үнэн үү?

-Тийм ээ. 2000 онд анх Оросуудтай уулзаж ярьж байсан гэсэн. Тэгээд 2008 он хүртэл яагаад ч юм бүү мэд, энэ яриа намжмал байдалд явж байгаад 2008 оноос дахин хүчтэй яригдсан байна.

Тэгээд хамгийн идэвхтэй ажилласан нь чухам хэн юм бэ. С.Баяр уу?

-Хамгийн идэвхитэй оролцсон хүн нь Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат юм уу даа. С.Баяр дараа нь орж байна. С.Энхбат энэ чиглэлийн хуулиудыг боловсруулахад оролцож, гадаад, дотоодгүй хөөцөлдөж яваад сүүлдээ Америкийн талд санаачлагаа алдсан бололтой. Тэгээд С.Энхбатыг албан тушаалаас огцруулах гээд Америкчууд шахаж эхэлсэн болов уу. Цөмийн асуудлаар Америкчууд Монголд ноёлоод эхэлбэл Оросууд зүгээр хараад сууж байхгүй шүү дээ. Киргизын асуудлыг харж байгаа биз дээ. Оросууд эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд тухайн улс оронд тогтворгүй байдал бий болгохыг хүсдэг. С.Энхбат бол цөмийн физикч Содном гуайн хүү шүү дээ. Бодвол аавынхаа хүслийг биелүүлэх гэсэн юм байлгүй. Чадраа гуай шиг бас атомын цахилгаан станц барихсан гэж боддог байсан хүн дээ, Содном гуай чинь.

Г.Занданшатар сайд Америкчуудтай цөмийн хаягдлын санамж бичигт гарын үсэг зурсан юм уу?  

-Санамж бичигт гарын үсэг зурсан нь үнэн байна. Бид энэ талаар цөмийн энергийн газрынхантай уулзаж ярилцсан. Тэд үүнийг нотолж, хүлээн зөвшөөрч байна. Г.Занданшатар сайд цөмийн хог хаягдлын менежментийн асуудлаар санамж бичигт гарын үсэг зурсан гэж Цөмийн энергийн газрын Дамдинсүрэн гэдэг хүн ярьж байна лээ.

Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа О.Чулуунбатыг Тайвань руу явуулж байсан гэдэг. Та бүхэн Тайваны  “Ногоонтон”-уудаас үүний учрыг асуусан уу?

-Цөмийн хаягдал авчирч булшлах асуудлыг судлах, гэрээ хэлцэл  хийх гэж Тайваньд очиж байсан нь үнэн юм шүү дээ. О.Чулуунбат гишүүн 2005 оны үед Тайваньд очиж холбогдох хүмүүстэй нь энэ талаар ярилцсаныг тэндэхийн Ногоон намынхан бидэнд албан ёсоор мэдэгдсэн юм. Манай Ногоон нам Тайваны Ногоон намтай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байсан. Тэд энэ гэрээнийхээ дагуу мэдээлсэн. Тэнд Монгол-Түвдийн хороо гэж байсан, одоо татан буугдаж байгаа. Түүгээр дамжуулан мэдээлэл өгсөн юм. Ер нь Н.Энхбаяр 2000 онд цөмийн хаягдлын талаар Оросуудтай юм ярьчихаад, дараа нь жаахан зайгаа авч байсан нь энэ юм болов уу даа. Дэлхийн 100 тэрбумтаны 43 нь Тайвань хүн байгаа. О.Чулуунбат бол ийм тэрбумтангуудад ойртохыг хүсдэг хүн. Мөнгө ихтэй хүнтэй харьцахыг боддог болохоороо О.Чулуунбат цөмийн хаягдлын санаагаа анх өөрөө олоод Н.Энхбаяртаа хэлсэн биз. Гэхдээ бид тэдний Тайвань дахь үйл ажиллагааг яг тэр үед нь хэвлэлийн бага хурал, жагсаал цуглаан хийж зогсоосон. Тайваньд ч бас том эсэргүүцлийн арга хэмжээ болж байсан юм. Ингээд энэ мөрөөдөл нь зогссон. Оросын мафиудын зуучлалаар Тайваньд цөмийн хаягдлын талаар ийм л юм болоод өнгөрсөн дөө. Тэр үед цөмийн хаягдлын асуудал маш нууц явагдаж байсан. Бодвол манай Мардайн ордын цооног руу авчраад булчихна гэж тооцоолж өбайх. Далай руу хаях ямар ч боломжгүй болоод байгаа юм чинь. Тиймээс тэдэнд өөр тооцоо байгаагүй байх. О.Чулуунбат бол сүрхий тоглоомчинхүн,  мөрийтэй тоглоомондоо бол сайн. Тэрүүн шиг одоо Г.Занданшатар ийм аюултай тоглоомын араас улайрч байна. Энэ нь маш хэцүү тоглоом юм л даа.

Сүүлд нь япончууд манайхны саналыг аль зэрэг дэмжсэн юм бэ?

-Япончууд бол Монголыг үлгэрийн орон шиг төсөөлдөг. Маш сайхан газар нутагтай гэхээсээ гадна Чингисийн үр сад гэдгээр нь хүндэтгэдэг юм билээ. Тиймээс эхлээд их гайхсан. Цөмийн хаягдал нутагтаа булшлана гэхэд итгэхгүй байсан. Харин явцын дундуур “Тошиба” корпораци нь санхүүгээр дэмжсэн юм шиг байна. Америкчууд гол дүрд нь тоглох болохоор тэд эхлээд эргэлзсэн ч гэсэн дараа нь хамтрах талаар ярьж эхэлсэн болов уу. Ингээд Америкийн ногоон карт авсан А.Ундраа гэдэг сайд эмэгтэй, Д.Зоригт сайдтай хамт урьдчилсан албан бус яриа хэлэлцээрүүдийг хийсэн байна. А.Ундраа бол М.Энхболдын нагацынх нь дүү юм гэсэн. Ингээд бодохоор буцах аргагүй болчихсон том мафийн сүлжээ бий болсон байна, цөмийн асуудлыг тойроод. Ер нь ийм хүнд ажилд буцах аргагүй болчихсон хүмүүсийг ашигладаг юм байна. Төрийн өндөр албанаас буувал шоронд орох магадлалтай тул тэд албаа өгөөд буухаас айж байна. Цөмийн хаягдал зэрэг аюултай юманд хутгалдаж түүнээсээ бултах боломжгүй болсон хүнийг л гадаадынхан барьж авч ашигладаг. Мафийн хатуу дүрэм гэх үү дээ.

Оросын эрх баригчид Монголд цөмийн хаягдал булахыг одоо дэмжиж байгаа гэсэн. Тийм үү?

-Тийм ээ. Оросын Ерөнхий сайд В.Путин ингэж мэдэгдсэн. Тэр Тайвань, Өмнөд Солонгос, Японы цөмийн хог хаягдлаас 20 мянган тонныг Монголд аваачиж булшлах юм бол бид дэмжинэ гэсэн. Мэдээж үүнийг Оросын нутгаар дамжуулахыг сонирхож байгаа байх. Герман, Францын цөмийн хаягдлыг Оросын Томск хотод булшлахыг В.Путин зөвшөөрөөд бөөн хэл аманд өртөж байсан. Орост нэг кг хаягдал булахад 1000 ам.доллар гэдэг. Манайд болохоор 500 ам.доллароор яригдаж байсан. Дээрх улс орнуудад 300 мянган тонн цөмийн хаягдал одоо булах газраа хүлээгээд байж байна. Үүний нэг хэсэг нь манайд орж ирэх магадлалтай боллоо. Энэ нь В.Путины нэр хүндэд цэвэрхэн, бас аль аль талдаа мөнгөний ашигтай болох жишээтэй байна даа.      

 

   

Цөмийн аюул Монголд бодитой болжээ гэж ойлгож болох уу?

-Болно. Монголд өнөөдөр экологийн дайн эхэлчихжээ. Та нар хөдөө орон нутгаар яваад хараарай. Нийт гол мөрөн нуур цөөрмийн 70 хувь ширгэж үгүй болоход хүрлээ. Тодорхой хэлбэл 887 гол горхи 2086 булаг шанд, 1166 нуур тойром ширгэж сураггүй алга болжээ. Одоо тэгээд дээр нь цөмийн энергийн аюул нүүрлэх гэж байна. Цөмийн хог хаягдал бол ашигтай бизнес гэж эрээ цээргүй ярьдаг улс төрчид байх юм. Манай төрийн эрх мэдэлтнүүд цөмийн хог хаягдлыг Монголын газар нутаг дээр булшлахыг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлээс эмээхдээ хийж байгаа гэрээ хэлцэлийнхээ нэрийг өөрчилж иргэдээ хуурч байна. тухайлбал шинэ техник технологи, дэд бүтцийн салбарт хамтран ажиллана гэх мэтээр ярих болсон. Шинэ технлоги гэдэг нь цөмийн хог хаягдал булшлах байгууламж, дэд бүтэц гэдгийг нь атомын цахилгаан гэж ойлгох хэрэгтэй болж байна. Манайх цөмийн хаягдал гаднаас авчирч булдаггүй юмаа гэхэд хэрвээ атомын цахилгаан станцтай болвол хүссэн хүсээгүй цөмийн хаягдлаа яах вэ гэдэг асуудал тулгарна. Цөмийн хаягдлын аюулгүй байдлыг хангах, мөнхөд харж хамгаалах зардал нь асар өндөр байдаг.    ---

Атомын цахилгаан станцаас тэгээд татгалзах хэрэг үү?

-Татгалзахаас өөр замгүй. Дэлхий нийт өнөөдөр сэргээгдэх эрчим хүчийг чухалчилж байхад бид яагаад заавал атомын цахилгаан станц, цөмийн хог хаягдал, уран гэсэн аюул хөнөөлийг өөр дээрээ татаж авчрах ёстой юм бэ. Монголын ногоонтнууд уран олборлохын эсрэг, атомын цахилгаан станцын эсрэг тууштай зогсоно. Тиймээс бид “Цөмийн аюулгүй Монголын төлөө” хөдөлгөөн байгуулж нийт иргэдийн дунд санал асуулга явуулан, гарын үсэг цуглуулж, үр дүнг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулна. Энэ бол нийт иргэдийнхээ дэмжлэгтэйгээр явуулж байгаа үйл ажиллагаа болж улам өргөжих учиртай. Энэ сарын 11-нээс бид Сүхбаатарын талбайд өдөрлөг зохион байгуулж, гарын үсэг зуруулах ажлаа эхэлнэ. Яагаад энэ өдрийг сонгов гэхээр Японд атомын аюул нүүрлэсэн өдөр шүү дээ. 2017-2021 онд Монголд атомын цахилгаан барих тухай яригдаж байна. Энэ бол маш осолтой ажил юм. Үүний гашуун сургамжийг бид Орос, Японд болсон атомын станцуудын дэлбэрэлтээс харж болно. Тэгвэл Европын орнууд, тухайлбал Герман улсаас эхлээд атомын эрчим хүчээс татгалзаж эхэллээ. Тиймээс Монголын ард түмэн Цөмийн энергийн газраас татгалзах хэрэгтэй. Мөн цөмийн энергийн тухай хуулиас ч бас татгалзахаас өөр замгүй. Харин оронд нь Сэргээгдэх эрчим хүчний газрыг бэхжүүлж энэ чиглэлээр тууштай ажиллах нь Монголд илүү үр ашигтай юм. 

 

Ярилцсан Б.Отгонбаяр

 

 

    

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top