“ Монголын Ногоон суваг” студийн гүйцэтгэх захирал П. Баттүвшин: Нийслэл маань дэлхийн дунджаас 8 дахин бага цэвэр усны нөөцтэй

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 09

Нийслэлийн хүн амын ундны усны эх үүсвэр болох Туул голыг хамгаалах хөдөлгөөнийг идэвхтэй явуулж буй төрийн бус байгууллага бол Монголын ногоон суваг.   Хатан Туул ба цаг хугацаа арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээний талаар   “ Монголын Ногоон суваг” студийн гүйцэтгэх захирал П. Баттүвшинөөс  тодруулга авлаа.

- Юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. “Ногоон суваг”-с санаачлан зохион байгуулах гэж буй “Хатан Туул баг цаг хугацаа аян”-ы  талаар ярилцлагаа эхлүүлье.
-“Монголын ногоон суваг” бол 2008 оноос эхлэн байгаль орчны салбарт дагнан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.  Амьдралын таван хүчин зүйл гэж байдаг.  Агаар, ус, гэрэл, дулаан, хөрс гээд энэ таван хүчин зүйлийн аль нэг нь байх ёстой хэмжээнээсээ  хэтэрвэл, аль нэг нь байхгүй болбол энэ хорвоо  ертөнц  дээр амьд амьтан байх боломжгүй гэсэн ойлголтын хүрээнд бид нар ажилладаг. Монгол улсын нийт хүн амын 50 хувиас дээш буюу 1,2 сая хүн ам оршин сууж байгаа нийслэл Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр болох  Туул голыг хамгаалъя гэж 2010 оноос эхлэн “Хатан Туул ба цаг хугацаа-2010” гэсэн аянг үндэсний хэмжээнд зохион байгуулсан. Энэ аяныг Нийслэлийн засаг даргын тамгын газраас албан ёсоор дэмжээд 7-р сарын 15-с 9-р сарын 15-ны хооронд зохион байгуулсан. Энэ аяны хүрээнд бид хоёр зорилт тавьж ажиллаж байна. Нэгдүгээрт, Туул голын асуудлыг олон нийтийн анхаарлын төвд байршуулъя.  Хоёрт, Туул голоо хамгаалах ажлаа хууль эрх зүйн орчинтой болгох.  Хэрэв хууль эрх зүйн орчинтой болбол Туул гол маань хуулийг хүрээнд хамгаалагдана.

- Энэ жилийн арга хэмжээний онцлог?
- Иргэд, аж ахуйн нэгжтэйгээ хамтраад энэ аянаа зохион байгуулъя. Нөгөө хууль эрх зүйн орчинтой болох асуудлаа амжвал энэ намрын чуулганаар хэлэлцүүлэх бодолтой байна.  Энэ жилийн аяны хүрээнд өнгөрсөн  жилийн аянаас эхлэн уламжлал болж байгаа Туул голын дагуу харуул хамгаалалт, хяналтын пост гаргаад ажиллаж байна.  ЗЦГ, МХЕГ, Нийслэлийн байгаль хамгаалах газар, “Ногоон суваг”-ийн бүрэлдэхүүнтэй  эргүүлийн багийг ажиллуулж байна.

-Хамтран оролцож байгаа байгууллага?
-Монголчууд  юу байна түүгээрээ дайлдаг. Бидэнтэй хамтарч ажиллаж байгаа нийгмийн хариуцлагаа  ухамсарласан олон аж ахуйн нэгжүүд байна. Нийслэлийн засаг даргын тамгын газар албан ёсны дэмжигчээр, бодлогын дэмжигчээр БОАЖЯ, ерөнхий ивээн тэтгэгчээр ЗИНДАА.мн,  ТАВАНТОЛГОЙ ТРАНС,  НОМИН КОНСТРАКШН, ЖЕНКО ТУР, ХАС БАНК, АПУ, ЮНИТЕЛ, МОДЕРН НОМАДС, ТЭНГИС, ТЭНҮҮН-ОГОО компаниуд оролцож байгаа. Энэ компаниуд маань Монголчууд юугаар баян байна түүгээрээ дайлъя гэдэгчлэн хамтарч ажиллах ямар боломж байна, тэрийгээ ашиглаж байгаа.  Жишээ нь, Номин констракшн Туул гол руу орсон орц гарцуудыг  өөрсдийнхөө хөрөнгө, хүч хөдөлмөрөөр хааж байна.  Юнител өөрсдийнхөө хэрэглэгчдэд  мессеж илгээж байна. ЗИНДАА.мн сайт гэхэд бүх төрлийн  мэдээ мэдээлэл тавьж байна.

 -Үр дүн?
- Өнгөрсөн жилийн аяны хүрээнд нилээд олон үр дүн гарсан. Олон нийт маань бидний хийж байгаа ажилтай нэгдэн нийлж, дуу хоолойгоо нэгтгэсэн. Мөн хууль эрх зүйн орчинтой болох асуудал маань УИХ дээр ажлын хэсэг байгуулагдаад тодорхой хэмжээнд ажил явагдаж байна. Мөн Туул гол руу ордог автомашины орц, гарцуудыг хааж байна. Энэ олон салаа замыг хааснаар  голын эрэг дагуух хур хогны асуудлыг давхар шийднэ. Мөн Туул орчмын ногоон бүсийн хөрсийг талхлагдахаас хамгаална гэсэн үг . 

-Өнөөдөр Туул гол ямар байна вэ?
- Өнөөдрийн хэмжээнд Туул голын сав дагуу бол 10 гаруй орд газарт 253 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. эндээс элс хайрга буталж ангилдаг 17 үйлдвэр, олборлодог 20 орчим аж ахуйн нэгж байгууллага байгаа.  Мөн бохирдуулж байгаа нийт 27 бохир ус цэвэрлэх байгууламж, арьс шийр, өлөн боловсруулах 79 үйлдвэр гэх мэтчлэнгээр  ийм олон аж ахуйн нэгжүүд Туулын сав газарт үйл ажиллагаагаа явуулж байна.  
Монгол улс дөрвөн жилд нэг удаа “ус”-аа тоолдог.  2004-2008 оны тооллогоор бол Туул голын савд 87 голоос 8 нь ширгэсэн, 58 нуураас 8 нь ширгэсэн, 106 булаг шандаас 16 нь ширгэсэн гэсэн тоо баримт бас байна. Энэ жилийн тооллогоор ширгэсэн тоо баримт нь нэмэгдэж магадгүй.
Нэг хүнд  оногдох  цэвэр усны нөөц дэлхийд 9800м3, Монголд 13840м3, нийслэлд 1243м3 гээд нийслэлчүүд маань дэлхийн дунджаас 8 дахин бага цэвэр усны нөөцтэй байна.
Магадгүй бид энэ хэвээрээ  Туул голтойгоо харьцаад байвал тун удахгүй цэвэр усгүй, цэвэр усны нөөцийн хомсдолд орох аюул бодиттойгоор нүүрлээд байна.  

-Бид хэрхэн хамгаалах вэ?
- Бүх нийтийн оролцооны асуудал юм.  Жишээ нь, хүн бүр Туул голоо хамгаалахад оролцож, байгаль орчинтойгоо хайр гамтай харьцаж,  гол усаа бохирдуулахгүй байхад өөрийн хувь нэмрээ оруулах учиртай.  
Энэ бямба гарагт бүгдээрээ Туулынхаа төлөө хамтдаа нэгдэж, бүх нийтээрээ оролцоцгооё.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top