МТҮТЗ Ё.Сүхбаатар: Олон улсын төвшинд ажиллах боломжтой болно

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 14


Жил бүр уламжлал болгон зохиогддог  Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт  ээлжит бүртгэлээ эхэлсэн байна. Энэ талаар Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал Ё.Сүхбаатараас тодрууллаа.

-Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын бүртгэл эхэлсэн гэсэн. Хэднийг хүртэл үргэлжлэх вэ?

-Шалгалтуудын  бүртгэл эхлээд сар гаруй болж байна. Аравдугаар сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ. Хүссэн иргэд онлайнаар www.it park.mn сайтад, эсвэл    иргэний үнэмлэхтэйгээ Мэдээллийн технологийн үндэсний парк  дээр  ирж бүртгүүлж болох юм.

-Энэ удаагийн шалгалт хэзээнээс эхлэх вэ?

 - Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх олон улсын төвшинд хүргэх зорилгоор Мэдээлэл Шуудан Харилцаа Холбооны Технологийн Газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Азийн орнуудын  мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн  шалгалтын Зөвлөл/ ITPEC/-тэй /хамтран “Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт”ыг арван нэг дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Шалгалтыг дээрх Зөвлөлийн гишүүн  улс орнуудын  хэмжээнд жилд хоёр удаа, нэг өдөр, нэг цаг хугацаанд, ижил асуулгатай, нэгдсэн зохион байгуулалттайгаар зэрэг явуулдаг. Энэ намрын шалгалтууд өвөрмөц онцлогтой. Учир нь уламжлалт  Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын өмнөх болон дараагийн түвшний   мэдлэгийг сорих  Мэдээллийн технологийн ерөнхий мэдлэгийн Паспорт шалгалт, Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалт манай улсад   анх удаагаа,  аравдугаар сарын 23-нд авах гэж буй юм.

-Энэ шалгалтыг өгч тэнцсэнээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг гардан авна гэж байсан?

- Мэдээллийн технологийн инженерийн  шалгалтын сертификатыг  Япон, Тайланд, Филипин, Вьетнам, Малайз, Мьянмар,Монгол гээд дээр дурьдсан зөвлөлийн гишүүн орнуудад төдийгүй   Энэтхэг, БНСУ, Хятад, Тайланд, Тайван Сингапур зэрэг 12 оронд хүлээн зөвшөөрдөг. Энэ шалгалт нь Мэдээллийн технологийн  мэргэжилтнүүдийн ур чадварын төвшинг тодорхойлж, баталгаажуулан олон улсын стандартыг хангасан боловсон хүчинг бэлтгэх зорилготой. Дээрх шалгалтуудыг   амжилттай өгсөн  иргэд, инженерийн ур чадвар нь ITPEC-н бүх гишүүн орнуудад ажиллах боломж олгодгоороо маш их давуу тал, ач холбогдолтой  юм.

-Тэгэхээр шалгалт ямар хэлбэрээр, хичнээн өдөр явагдах юм бол?

- Тест хэлбэрээр шалгалтыг авах бөгөөд өглөө, үдээс хойш гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Өглөөний ээлжинд ерөнхий мэдлэг, мэдээллийн технологийн стратеги, менежмент, технологи, үдээс хойш мэдлэгээ практикт хэрэглэх ур чадварыг шалгана.

-Их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын тест задарч гэнэ ээ гэсэн яриа үе үе гардаг, Танай авдаг шалгалтын тестийн талаар иймэрхүү тохиолдол  гарч байв уу

Та тун чухал зүйлийг хөндөж асуулаа. Олон улсад зөвшөөрөгдсөн ,маш өндөр нууцлалын аргачлалыг хэрэглэдэг тул дээрх шиг яриа, гомдол нэг ч удаа гарч байгаагүй гэдгийг хэлье.

 

-Шалгалтын талаар сонирхох залуус их байгаа байх. Мэргэжлийн бус хүмүүс хамрагдах боломжтой юу?

- Эхний түвшний буюу мэдээллийн технологийн паспорт шалгалтанд бүхий л  салбарт  ажиллагсад хамрагдаж болно. Мөн төрийн болон хувийн хэвшил, олон нийтийн байгууллага бусад газарт  ажилд орохоор өөрийгөө бэлдэж байгаа хэн боловч мэдээллийн технологийн ерөнхий мэдлэгээ сорьж баталгаажуулах боломж бүрдэж байгаа юм.  Харин 2-р түвшний шалгалтанд МТ-ийн чиглэлээр төгсөх курст суралцаж байгаа оюутан, инженерүүд, 3-р буюу ахисан түвшний шалгалтыг  өөрийн ур чадвараа  баталгаажуулахыг хүссэн инженерүүд өгөх юм.

 Эдгээр шалгалтууд нь  мэдлэгт суурилсан эдийн засгийг эрхэмлэж буй өнөө үед үр дүн, үр ашиг,бүтээмж өндөртэй   хүний нөөцийн “эрэлд хатаж”  буй   хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангахад чиглэсэн, ажил олгогч, ажил эрхлэгчийн хэрэгцээнд зэрэг нийцсэн, ур чадварыг нь  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар тодорхойлж баталгаажуулж өгдөг  шалгалтын систем  л дээ.

Таны яриад буй эдгээр   шалгалтанд тэнцсэн хүнд  “ наалдах юм”  юу байх болоо.

.  Энэ шалгалтын систем нь дэлхийд тэргүүлэх өндөр хөгжилтэй орнуудын нэг болох Япон улс  анх нэвтрүүлж, алдаа оноог нь  60 жилийн туршид “шүүж ирсэн” баялаг  туршлага дээр суурилж байдаг онцлогтойг, мөн бидний  хувьд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, туршлгага  гээд олон зүйл дээр  “хэмнэж”  “амдаж” “хожиж” явааг хэлэх нь зүйтэй л дээ. Одоо ч Японд  энэ шалгалтыг авдаг,гэхдээ их  олон түвшинтэй, МТ-ийн инженерүүдийг  байгууллага, компани, улс, олон улсын улсын түвшинд ажиллах боломж, чадварыг нь   баталгаажуулж өгдгөөрөө их чухалд тооцогддог. Толгойд байгаа мэдлэгийг  “эдийн засгийн эргэлтэнд” оруулахад   шууд  дэм үзүүлдэг шалгалт гэж хэлж болно. Саяхан болсон салбарын удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөлгөөн дээр МШХХТГазрын дарга Бат-Эрдэнэ “харьяа байгууллагууд дотоод журамдаа нийцүүлэн дээрх шалгалтанд тэнцсэн ажилтнуудыг дэмжиж, урамшуулах системтэй болж, бид өөрсдөөсөө эхлэх нь  зүйтэй” гэсэн чиглэл өгсөн нь олон улсад байдаг жишгийг  нутагшуулахад үлгэр жишээ үзүүлсэн   эхний алхам боллоо гэж бодож байгаа. Дээр дурьдсан даа, гишүүн орнуудад очиж  мэргэжлээрээ ажиллах эрхтэй болдог гэж.  Бас нэг зүйлийг  нэмж хэлэхэд  саяхан Манила хотод болсон Шалгалт нэвтрүүлэгч байгууллагуудын Захирлуудын уулзалтанд Япон улсын Эдийн засаг,худалдаа,үйлдвэрийн Яам /METI/ болон  Мэдээллийн Технологийг Дэмжих Агентлаг /IPA/-аас төлөөлөл оролцож  МТ-ийн инженерийн суурь шалгалт, МТ-ийн инженерийн ахисан түвшний  шалгалтанд тэнцсэн Монгол инженерүүдэд Япон улсад  зорчих  визийг  хялбаршуулсан маягаар олгох   асуудал Япон Улсын холбогдох байгууллагуудын хүрээнд  яригдаж, ирэх оны 4-р сараас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж буйгаа хэлсэн   нь бидэнд   олдох бас нэг том боломж юм.      Буцаж ирэх хөрөнгийн баталгаа, Японд очоод ажлын байр олох баталгаа нь уг инженерийн дээрх  шалгалтуудад тэнцэж авсан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  сертификат нь болж болох шүү дээ. Японоос МТ-той холбоотой ажил авч хийдэг Монголын компаниудын хувьд дээрх шалгалтанд  тэнцсэн ажилтантай   байна гэдэг нь чухал шалгууруудын нэг  болдог. Тэд шалгалтанд ажилтнуудаа бодлоготойгоор бэлтгэж, тодорхой хөрөнгө мөнгө зарцуулдаг 

 

  -Бүртгэлийн хураамж авдаг уу?

-Бүртгэлийн хураамж  50 мянган төгрөг байдаг.  Гэхдээ шалгуулагчид шалгалтандаа тэнцсэн тохиолдолд хураамжийг нь буцааж олгодог. Учир нь бид улсынхаа МТ-ийн хүний нөөцийг хөгжүүлэхийн төлөө л яваа болохоос   шалгалтаар далимдуулан мөнгө олох зорилго тавьдаггүй. Шалгалтыг нэвтрүүлж буй он жилүүдэд зардлын хувьд дандаа л хасах байж, үүнийг нь МТҮП өөртөө үүрч ирсэн, 2-3 жилийн дараа энэ байдал өөрчлөгдөнө гэх хандлага харагдаж байгаа.    Энэ жилийн  хувьд МШХХТ-ийн  салбарын 90 жилийн ойг тохиолдуулан Агенлагын  даргын  өгсөн үүргийн дагуу Зөвлөлтэйгээ зөвшилцөөд шалгалтын хураамжинд хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэр гаргасан. Энэ талаарх мэдээллийг мөн  www.itpark.mn  вэб сайтаас  авч болно.

Манай уншигчдад чухал мэдээлэл өгсөнд  баярлалаа

Хэвлэл мэдээллийн байгууллагууд, Та бүхнийг    мэдээллийн технологийн ололт,амжилт, түүнд суурилан бүтээгдсэн техник, хэрэгслийг  сайтар ашиглаж байж,  ширүүн өрсөлдөөний талбарт “амь зуухын” төлөө  хором бүртэй “дайтаж”  явдаг хүмүүс  гэж боддог. Тиймээс танай салбарынхан ч гэсэн зохих  түвшинг нь  сонгож, шалгалт өгөөд өөрийгөө сориод үзэхийг урья.

 Ярилцсан Г.Чулуун.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top