Жүжигчин П. Баттөр: Өглөө болгон ханьтайгаа анх уулзаж байгаа юм шиг гэгээлгээр харж, хайрлаж, халамжилж амьдрахыг хүсдэг

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 20

Сүүлийн үед уран бүтээлийн олз омог арвин байгаа хүмүүсийн нэг бол “Тусгай салаа” киноны  Түвшингийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин П.Баттөр билээ. Тэрээр саяхан Франц улсад зураг авалтаа хийгээд дууссан “Хөх толбот хүмүүс” киноны гол дүрийг бүтээжээ. Тиймээс жүжигчин П.Баттөрийг зорин очиж уран бүтээл болон хувийн амьдралынх нь талаар илэн далангүй яриа өрнүүллээ.

- Саяхан “Хөх толбот хүмүүс” киноны гол дүрд тоглосон гэсэн. Энэ кинонд ямар дүр бүтээсэн бэ?

- Би Францад “хараар” ажиллаж амьдарч байгаа залуугийн дүрд тоглосон. Монгол дүр нь дөрөв, бусад нь гадаад дүрүүд байгаа. “Тусгай салаа” кинонд хамтран тоглосон Дэндэв бас энэ кинонд дүр бүтээсэн. Киноны утга санаа их гоё л доо. “Хөх толбот хүмүүс” гэдэг нэрийг Монгол хүн бүр хөх толботой төрдөг гэсэн утгаар нь өгсөн юм. Эх орон бол юугаар ч сольшгүй үнэ цэнэтэй зүйл юм шүү гэдгийг харуулахыг зорьсон сайхан уран бүтээл болсон. Энэ кинонд би урьдын дүрүүдээсээ их өөр дүрд тоглосон байгаа. Намайг дүрээ хэрхэн бүтээснийг киног дэлгэцэнд гарах үед ард түмэн маань л шүүх байх даа. Энэ миний тоглосон тав дахь дэлгэцийн бүтээл болон гарч байна.

- Киноны нээлт хэзээ болох вэ?

- Энэ сарын сүүлээр нээлтээ хийнэ гэж яригдаж байгаа. Гэхдээ яг хэзээ хийх нь тодорхойгүй л байна. Одоогоор монтажныхаа ажилд орчихсон байгаа. Киноны зураг авалтыг Францад хийсэн. Тиймээс аравдугаар сарын сүүлээр “Хөх толбот хүмүүс” кино Францын кино театрт нээлтээ хийнэ. Ингэснээр Францад гарсан анхны Монгол кино болох юм.

- Анх ямар кинонд дүр бүтээсэн бэ?

- Миний анхны дэлгэцийн бүтээл бол “Хархны өгөөш” гэдэг кино байсан. Энэ кинонд би эсрэг дүрд тоглосон л доо. “Хархны өгөөш” гэдэг нэрнээс нь болоод ч тэр юмуу тухайн үедээ хүмүүсийг шууруулж, массыг хамарч чадаагүй юм. Харин саяхан телевизээр цацагдсаныг нь нэлээн олон хүн үзсэн байна лээ. Кино театрт гарч байх үедээ олон хүний хүртээл болж чадаагүй болохоор хүмүүс телевизээр үзчихээд нөгөө Францад хийсэн кино чинь юмуу гээд л андуураад байна лээ.

- “Хархны өгөөш” кинонд эсрэг талын ширүүн зан араншинтай дүрд тоглосон. Харин “Тусгай салаа” кинонд даруухан, ноомой залуугийн дүрийг бүтээсэн байсан. Ингэж тэс өөр дүрд хувирах нь жүжигчнээс ихээхэн чадвар, зүтгэл шаарддаг байх. Тийм үү?

- Тэгэлгүй яахав. Миний хувьд хийсэн бүтээл болгон минь нэгэн хэвийн биш байгаасай л гэж хүсдэг. Хамгийн том шүүгч бол ард түмэн шүү дээ. Сүүлийн үед жаахан хүүхэд хүртэл өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж, шүүмжилж чаддаг. Хүүхдүүд юу ч бодолгүй таны бүтээсэн дүр муу байна, сайн байна гээд л шулуухан хэлчихдэг. Миний хувьд хамгийн шударга шүүгч бол хүүхэд юм шиг санагддаг. Хүмүүс намайг эерэг дүрээр минь илүү хүлээж авсан байна лээ. “Хархны өгөөш”-ийг үзчихээд чи яасан муухай юманд тоглосон юм бэ. Ахиад ийм дүрд битгий тоглоорой гэж хэлж байсан. Миний хувьд өөрийнхөө тоглосон киног ихэд шимтэж үздэг. Бусад хүмүүс киног кайф авах гэж үздэг бол жүжигчид хаана нь алдсан байна, учир дутагдалтай, засч залруулах юм юу байна гэж хардаг. Тоглосон киногоо үзэж байхдаа үргэлж суралцаж байдаг юм.

- СУИС-ийг төгссөн байх аа. Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?

- Би есдүгээр ангид байхдаа жүжигчин болохоор шийдсэн. Тэрнээс өмнө жүжигчин болно гэж бодож байгаагүй. Гэхдээ цэцэрлэгт байхдаа Сүхбаатарт хор өгөөд алчихдаг ламын дүрд тоглож байснаа сайн санадаг юм. Иймэрхүү байдлаар цэцэрлэг, сургуулийн арга хэмжээнд л оролцож байсан. Намайг есдүгээр ангид байхад жүжигчин Чаминчулуун багш сургууль дээр маань ирж тоглолт хийсэн юм. Чамиа багш өгүүллэгийг гайхалтай уншдаг шүү дээ. Ээжийн тухай өгүүллэг уншихад нь яг л миний ээж харагдаад, үгийн урлаг гэдэг ямар агуу хүчтэй юм бэ гэж бодогдсон. Яг Чаминчулуун багш шиг сайн жүжигчин болох хүсэл тэр үед төрсөн юм. Хүссэн орчиндоо амьдарч, хүссэнээрээ хувирч чаддаг нь манай мэргэжлийн давуу тал шүү дээ. Тэгээд л шалгалт өгөөд СУИС-д орсон доо. Сургуулиа төгсөөд Драмын театрт шалгалт өгөөд шууд тэнцсэн. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог юм. Төгссөн жилдээ Драмын театрт тэнцээд их баярласан. Би арван жилээ төгсөөд заавал СУИС-д орно гэж нэг найздаа тангараглаж байсан юм. Бас сургуулиа төгсөөд энэ улаан байшинд заавал ажиллана гэж ам гарч байлаа.

- Тэгээд яагаад Драмын театраасаа гарчихав аа?

- Энэ сайхан байгуулагад ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Бас “амьд домог” болсон сайхан хүмүүсийн дунд байж багагүй ч юм сурлаа. Миний хувьд яагаад ийм шийдвэр гаргасан гэхээр... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top