-МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ДЭЭР УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛИЙН ХЭЛСЭН ҮГ-
/Сэдэв: Хүрэн эдийн засгаас Ногоон эдийн засаг руу/
2012.03.06 Улаанбаатар хот
Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ,
Зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,
Та бүхний энэ өглөөний амар амгаланг эрж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.
Эдийн засгийн чуулга уулзалтад идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй хуваалцаж буй Та бүхэнд талархлаа илэрхийлье.
Эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, ард иргэдийнхээ амьдралыг эрс дээшлүүлж, хөгжингүй орнуудын түвшинд хүргэх боломж нөхцөл манай оронд бүрдээд байна.
Уг боломжийг сайтар ашиглах стратеги зорилтоо бид хэрэгжүүлэх асуудлаар Та бүхэнтэй ярилцаж байгаа нь энэ. Энэ талаар хүний эрүүл мэндэд хоргүй, эх дэлхий, байгаль орчинд ээлтэй эдийн засгийн бүтцийг бүрдүүлэхийг бид зорьж байна. Бидний өнөөдөр ярилцах ногоон эдийн засаг маш өргөн хүрээтэй асуудал аа. Ийм болохоор би зөвхөн Монгол орны амьдралаас үүсэлтэй эх дэлхийтэй ойрхон, “ногооруулж” болох, мөн саад болж буй тулгамдсан үндсэн 3 асуудлын талаар санал бодлоо илэрхийлье.
Нэгд, Хөдөө аж ахуй ба уул уурхайн харилцан уялдаа, нөлөөллийг аваад үзье.
Монголын мал аж ахуй хүн төрөлхтний нүүдлийн соёл иргэншлийн сүүлчийн голомтын нэгд тооцогдох байх аа. Манай орон 113 сая мянган га малын бэлчээрийн талбайтай. Энэ нь нутаг дэвсгэрийн 72 хувийг эзэлдэг. Үүнийг зөв хамгаалж ашиглах нь Монголын нөхцөлд ногоон эдийн засгийн хамгийн том суурь асуудал гэж би үзэж байна. Монгол хүн байгальтай зохицсон бэлчээрийн технологийг олон мянган жилийн тэртээгээс боловсруулан мөрдсөөр өдий хүрсэн юм. Энэ суурь асуудлыг зөв шийдвэрлэхээс бусад салбарын хөгжил шууд хамаарна.
Дулаарлаас үүдэлтэй цөлжилт бэлчээрийг улам хумих болов. Ургамлын гарц муудах болсноор мал сүргээ тоо толгойн хувьд өсгөх боломжийг бууруулж байна. Нөгөө талаар уул уурхайн үйлдвэрийн хөгжил, газар тариаланг өргөтгөн зохион байгуулсантай бэлчээрийн асуудлыг холбон авч үзэх хэрэгтэй боллоо. Энэ талаархи зохицуулалтыг бид шийдвэрлэх шатанд ирээд байна. УИХ газрын хуульд өөрчлөлт оруулж, бэлчээрийн хуулийг гаргахаар ажиллаж байна.
Бэлчээрийн даацыг тохируулах талаар байгаль өөрөө бидэнд нэг зүйлийн сануулга өгсөн. 2009 оны өвлийн зуднаар манай орны 10 сая мал хорогдож, хавар нь урьдынхаасаа цөөн төл авах болсон юм. 45 сая малыг ганцхан жилийн дотор 35 саяд буулгалаа. Нөхцөл байдал зөвхөн цас, хүйтнээс болсон юм биш. Бэлчээр хэтэрхий давтагдан ургамлын гарцыг муутгасан нь ноцтой нөлөөлжээ. Үнэндээ өнөөгийн бэлчээрийн даацыг монголд байгаль 35 сая малаар тогтоох санал өгч байх шиг. Үүний цаад утга нь мал сүрэг 45 сая хүрч даац хэтэрч, өвс ногоо ховордсоныг байгаль эх цаанаас “зохицуулсан” мэт харагдаж байгаа.
Өнөөдрийг хүртэл бидний явуулж ирсэн мал аж ахуйн бодлого чиглэл бол малын тоо толгойг өсгөхөд чиглэгдэж ирлээ. Бидний магтаал, уриа лоозон бол “аймаг сум бүр малаа таван төрөл өсгөн нэмэгдүүллээ, аварга сайн малчид мал сүргээ 2, 3 мянгад хүргэлээ” гэдэг. Газар тариалан дээр ч мөн адил олон мянган га газар хагалж, өдий төдий олон тонн тариа ногоо авлаа хэмээн ярьж сурталчилдаг. Сайн малчин, тариаланчдыг шалгаруулдаг болзол нөхцөлийг авч үзсэн ч бас нөгөө “тооны хойноос хөөцөлдөх”-ийг чухалчилдаг. Олгодог урамшуулал нь нэг га-гаас хэдий хэмжээний ургац авсныг үл харгалзан тонн тутамд 50,0 мянган төгрөг олгоно гэсэн үнэндээ хатуу дүрэмтэй байх жишээтэй. Хүн их газар хагалаад ургац авбуу эсвэл га-гын гарцыг нэмэгдүүлэв үү гэдэг нь төдийлэн хамааралгүй байна.
Ийм болохоор байдлыг бүхэлд нь өөрчлөн ногоон эдийн засаг гэсэн бодлогын бодит хөрсөн дээр ажлаа явуулах нь чухал байна.
Мөн хөдөө аж ахуйн мөнгөн сангуудын зорилго, өөрөөр хэлбэл, зарцуулах хөрөнгө маань уг агуулга чиглэлээр өөрчлөгдөх ёстой.
Эдийн засгийн гол механизм: татвар, татаас, урамшууллын аргуудыг шинэ байдлаар авч үзэх нь чухал. Эдгээр нь ногоон эдийн засагт шилжих болон энэ талаар тавьсан зорилтыг хангах урьдчилсан нөхцөл болно.
Уул уурхайн орлогын нэг хэсгийг хөдөөгийн хөгжилд гэсэн бидний зорилго ийнхүү хөдөө аж ахуй, газрын гадаргуугийн бэлчээр, тариалангийн талбайн “бор” бодлогыг өөрчлөхөд туслах ёстой болно.
Хоёрт, Бидний хөгжлийн үндэс болсон уул уурхайн талаар цөөн үг хэлье.
Манай оронд байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцийг эрчимтэй ашиглах үе эхлээд байна. Энэ нь хөгжилд шинэ эрч хүч, түлхэц өгч, сайхан боломж олгож буй хэрэг ээ. Яг үүнтэй зэрэгцээд байгаль, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах явдал нь зөвхөн ашгийн төлөө улайран зүтгэхтэй харшилдах боллоо. УИХ гол усны эх сав, ойн сан бүхий газруудад ашигт малтмал хайх, ашиглахгүй байх нь зүйтэй гэж үзэж, хориглосон хууль гаргасан. Гэсэн ч энэ хүрээнд, хөрөнгө мөнгөний заргыг төртэй үүсгэж, үнэндээ хуулийн хэрэгжилт хутганы ирэн дээр л байна. Энэ байдлыг харсан хүн чухам л мөнгөний эрх ашиг, сүр хүч давамгайлж, “хууль гууль” болж байна гэж хэлэхэд хилсдэхгүй байх аа.
Уул уурхай өөрөө газрын хэвлийг хөндөхдөө ногоон орчин бүрдүүлэх орчин үеийн зохих технологитой юм.
Байгалийн баялгийн зүй бус ашиглалтын зэрэгцээ хөрсний гэмтэл, тоосжилт, нөхөн сэргээлтийн ажил, орчны үнэлгээ хоцорч байна. Судалгаагаар 4250 га газарт хөрсний сэргээлт хийлгүйгээр орхигдуулсан байна. Одоо ашиглаж байгаа уурхайнуудад 17 мянган га газар нөхөн сэргээлт хийгээгүй байна. Өнөөдөр лицензтэй хайгуулын талбай 21.7 сая га, ашиглалтын лицензтэй талбай 720 мянган га, нийтдээ 22.4 сая га болж нийт нутгийн 14 хувийг эзэлж байна. Бас нэг зүйл бидэнд ойлгомжтой байгаа. Байгаль орчин, уул уурхайг сэргээхэд оруулж буй хөрөнгө оруулалт нь хомс, тодорхойгүй, харин байгалиас авч байгаа нь “үлэмж их” гэдгээр асуудал тодорхойлогдож байна.
Энэ талаар манай оронд зохих тэмцэл өрнүүлснээр эхний ээлжинд ашигт малтмалын эрэл хайгуулын ажилд хямгатай хандахаар болж, хайгуулын лицензийг түр зогсоогоод байгаа билээ.
Бидний хийх ажил нь:
- Юуны өмнө, эрх зүйн зөв орчин, баялаг ашиглах стандарт, норм норматив, оновчтой бодлого, шийдвэр гаргаж, нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй байна.
- Нэмж орд ашиглахаас илүүтэй одоогоор ажиллаж байгаа томоохон ордууд дээр хүчээ төвлөрүүлэх нь зүйтэй.
- Өмнөговийн ордуудыг дагуулан төмөр зам, цахилгаан, дулааны төслүүдийг хэрэгжүүлэх ажил эрх ашгийн зөрчилд орж удаашран тэр бүс нутагт тоосжилт, хөрсний эвдрэл ямар хэмжээнд хүрч байгааг зогсоох бэрхтэй болсонд дүгнэлт хийх ёстой. Үүнээс дэд бүтцийг бүрдүүлэхгүй уул уурхайд орно гэдэг байгальд үлэмж хохиролтой болох анхны гашуун сургамжийг амсч байна.
- УИХ Улаанбаатарт 2012 оноос утаагүй машин явуулах, нийлэг уут үйлдвэрлэхийг хориглох, цаашлаад хүнсний бүтээгдэхүүнийг нийлэг уут, саванд хийхийг хориглох хууль гаргасан. Шургаагийг барилгын тулгуур материал болгон ашиглахгүй байх, мөн ой, ус хамгаалах талаар зүйлчилсэн бодлого, чиглэл, хууль гарсан. Энэ бүхнийг ёсчлон хэрэгжүүлэхийн оронд ашиг олж байвал байгаль сүйдэж бохирдох нь хамаагүй юм шиг байдлаар ажиллаж байна. Хууль хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн байгууллагуудад, хууль хяналтынханд шийдвэр хэрэгжүүлэхэд юу нь болохгүй байна гэсэн асуулт аяндаа гарч ирдэг. Энэ бол авилга, хээл хахууль. Ногоон эдийн засагт юу саад болж байгаа нь эндээс тодорхой байна. Шалгадаг, гэвч “өгч авалцаад өнгөрдөг” гэсэн яриа үндэстэй байх нь.
Ашигт малтмалын хайгуул, ашиглалт, боловсруулалтад, нэн ялангуяа байгаль орчинд ээлтэй байх талаас төр өндөр шаардлага тавих болно. Хаврын чуулганаар Байгаль орчны багц хуулийг хэлэлцэнэ. Үүнд нийтдээ 10 хууль багтаж байгаа юм. Эрх зүйн орчинг зөв бүрдүүлэх талаар та бүхний санал зөвлөмжийг бид хүлээж байна.
Бид баялгаа олборлоод түүхийгээр гаргаад, шавхагдахыг нь харж суухыг хүсэхгүй байна.
Их нөөцтэй баялаг ордуудыг түшиглэн бүхэл бүтэн аж үйлдвэрийн цогцолбор байгуулахыг зорьж байна. Энэ нь эдийн засгийг олон тулгууртай, бүх хүнд хүртээмжтэй, ажлын байр олноор бий болгох юм. Холбогдох салбарууд ч дагалдан хөгжих боломж ч гарна. Зэс хайлах, нүүрс боловсруулах, газрын тос нэрэх шийдвэрүүдийг энэ удаагийн УИХ гаргасан. Цаашдаа төмөр хайлах болон аж үйлдвэрийн түүхий эдийг ашиглан гүн боловсруулалт хийж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад дотоодын зах зээлийн хэрэгцээг хангахыг чухалчилна.
Уул уурхайн ашиглалт, байгаль орчныг хамгаалах ажилд иргэд, олон нийтийн байгууллагуудыг аль болохоор оролцуулах, ажлын ил тод байдлыг хангах чиглэлд УИХ илүүтэй анхаарал тавьсан. Ганцхан жишээ хэлэхэд, байгаль орчинд хохирол учруулсан бол зөвхөн төр, захиргааны байгууллага гэлтгүй иргэн, төрийн бус байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гаргаж байхыг дэмжиж хуульчилсан. Ингэж чадвал уул уурхайг ногоон болгож чадна.
Гуравдахь миний хөндөн ярих гэсэн зүйл бол агаарын бохирдолтой холбоотой асуудал юм. Эрчим хүч, дулааныг агаарын бохирдолгүйгээр үйлдвэрлэх явдал нэн тулгамдсан асуудал болоод байна. Энэ нь өрх гэр, албан байгууллага, төр засаг бүгдэд хамааралтай асуудал.
“Шинэ бүтээн байгуулалт”-ын төсөл, хөтөлбөрүүдийг баталсан. Улаанбаатарын утааг арилгахад зориулан сүүлийн 3 жилд ихээхэн хөрөнгө хүч гаргасан. Энэ чиглэлээр Үндэсний хороо ажиллаж байна. Энэ ажлыг хэд дахин эрчимжүүлэх шаардлагатай.
Нөгөө талаар манай эдийн засагт эрчим хүчний үрэлгэн хэрэглээ ноёрхож байна. Үйлдвэрлэлийн зардалд эрчим хүчний зардлын эзлэх хэмжээ Европын ижил төстэй үйлдвэрүүдтэй харьцуулахад 3-4 дахин их байна. Юуны өмнө эрчим хүчний хэмнэлттэй технологи, горимд шилжих шаардлагатайг байдал харуулж байна. Энэ бол бусад орнуудад аль эртний эхэлсэн ажил. Хэмнэлттэй ажиллана гэдэг нь зөвхөн үр ашгийн төдийгүй, байгаль, экологийн хортой нөлөөллийг багасгана гэсэн үг.
Монгол орны цахилгаан дулааны өсөн нэмэгдэж буй хэрэглээг эхний ээлжинд нүүрснийхээ нөөцийг ашиглан хангахаас өөр аргагүй байгаа юм. Тэгэхдээ сэргээгдэх эрчим хүчний хөгжилд анхаарал тавихгүй байж болохгүй. Харин бидэнд салхи, усны хүчийг ашиглан эрчим хүчний хэрэгцээг хангах гэж 20-иод жил ярихдаа алдсан, оносон жишээ, сургамж байгаагаа сайтар судалж баймааж шийдэх асуудлын гогцоо тайлагдана.
Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, боломжтой бүс нутаг, газруудыг эрчим хүчний сүлжээнд холбох, хэмнэлттэй технологийг ашиглах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, Улаанбаатарын утааны бохирдолыг эрчим хүчинд суурилж шийдвэрлэх зорилтыг тавин ажиллах нь өнөөгийн зорилт болж байна.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, хүний нийгэм байгаль эхтэй хүйн холбоотой амьдарч байна. Дэлхий дахин, улс гүрнүүд энэ талаар ихээхэн анхаарал тавьж хөрөнгө зарж, төсөл хөтөлбөр олныг хэрэгжүүлж байна. Японд 3 А буюу байгалийн нөөц ашиглалтыг хэмнэх, дахин ашиглах, дахин боловсруулах; Хятадад агаар бохирдуулдаг үйлдвэрийг хаахад хүрч, Герман сэргээгдэх эрчим хүчийг ашиглахыг тэргүүлэх зорилт гэж үзэх босон зэрэг жишээ туршлага бидэнд үлгэртэй байна. Манай эрдэмтэн, судлаачид ногоон эдийн засгийн талаар олон санал, санаачилга дэвшүүлэн ажиллаж байна. Малчид, газар тариаланчид ногоон эдийн засагт чухал үүрэгтэй гэдэг нь бас тодорхой юм. Энэ бүхэн нь ногоон эдийн засаг бүх нийтийн шинжтэй үйлс болохыг харуулж байна. Бүх хүний анхаарал, санал санаачилгыг энэ зүгт хандуулахаас эцсийн үр дүн шалтгаална.
Үйлдвэрлэл, үйлчилгээний аливаа үйл ажиллагаа нь хүн, байгальдаа ээлтэй гэсэн зарчимд тулгуурлах нь зүйд нийцнэ.
Анхаарал тавьсанд баярлалаа. Чуулганы үйл ажиллгаанд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )