7-р сарын 1-ны үймээнд 8000 иргэн жагссан бол 3000 орчим цагдаа үүрэг авчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 07

УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн захирамжаар УИХ-ын тусгай ажлын хэсэг 7-р сарын 1-ний өдрийн хэрэг явдлын талаар шалгалт явуулж дүгнэлт гаргажээ. Дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэлж байна. 
Нэг. Ажлын хэсгийн зорилго, удирдамж
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл 2009 оны долдугаар сарын 24-ний өдөр 126 дугаар захирамж гаргаж УИХ-ын ажлын хэсгийг байгуулсан билээ.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан энэхүү ажлын хэсгийн гол зорилго нь 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад онц байдал тогтооход хүргэсэн үед нийгмийн дэг журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагууд хэрхэн ажилласан, тэдгээрийн харилцан үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхөд чиглэж байсан юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын найман гишүүн, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Тамгын газрын болон байнгын хорооны зөвлөхүүд зэрэг 14 хүн орж ажиллалаа.
Уг захирамжаар ажлын хэсгийн удирдамжийг баталсан бөгөөд түүнд Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар гэсэн нийгмийн дэг журам сахиулах болон онцгой нөхцөлд ажиллах чиг үүрэг бүхий зургаан байгууллагыг хамруулахаар заасан болно. УИХ-ын даргын уг захирамж нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн (цаашдаа ҮАБЗ гэж товчилъё) 2008 оны долдугаар сарын 05-ны өдрийн 17/18 дугаартай зөвлөмжийг үндэслэж гарчээ.
Тэрхүү шийдвэрээр Улсын Их Хуралд зөвлөмж болгохдоо “Онц байдал тогтооход хүргэсэн нийтийн эмх замбараагүй байдлын үед нийгмийн дэг журам сахиулах чиг үүрэг бүхий байгууллагууд хэрхэн ажилласан, тэдгээрийн харилцан үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх өргөн төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж ажиллуулах” гэжээ.
Журмаа хэрхэн хангаж ажилласан зэвсэг, галт хэрэгсэл, хүчтэй үйлчлэх химийн хорт бодит бодис, согтууруулах ундааны зүйл худалдах тараахыг хориглосон онц байдлын тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх талаар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн дээрх байгууллагуудад тухайн үед шаардлагатай тоног төхөөрөмж, тусгай хэрэгслийн хангалт, үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоо хэр байсан хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн тусгай хэрэгсэл ашиглах эрх үүргийг эдлэхдээ хуулийн хүрээнд тогтоосон дүрэм журмыг хэрхэн хэрэгжүүлсэн онц байдлын үед галт зэвсэг тусгай хэрэгсэл хэрэглэхдээ хууль зөрчсөн, эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, иргэний эрх, эрх чөлөөний баталгааг зөрчсөн цагдаагийн ба цэргийн албан хаагч, төрийн бусад ажилтнууд бий эсэх, тэдгээрт хариуцлага хүлээлгэсэн эсэх зэрэг асуудалтай танилцаж үнэлэлт дүгнэлт өгөхийг үүрэг болгосон юм.
Хоёр. Удирдамжийг хэрэгжүүлсэн ажлын арга, хэлбэр
Энэ хугацаанд ажлын хэсэг нийтдээ 12 удаа хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын алба хашиж асан Н.Энхбаяр, Д.Лүндээжанцан, С.Баяр мөн дээр дурдсан зургаан байгууллагыг эдүгээ толгойлж байгаа болон өмнө толгойлж байсан албан тушаалтнууд, тэдгээрийн шууд удирдлагын дор үүрэг гүйцэтгэсэн ажилтнууд, өмнөх УИХ-ын зарим байнгын хороодын дарга нар зэрэг нийт 50 шахам хүний тайлбар, тодруулга, санал бодлыг сонсч мэдээлэл авав.
Тагнуул, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Цагдаагийн гэсэн дөрвөн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас удирдамжид заасан асуудлаар бичгээр илтгэх хуудас, тодруулга авч судалж танилцлаа.
Мөн Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд хадгалагдаж байгаа нууцын зэрэглэлтэй материалуудтай танилцсан болно.
Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд тус тусын байгууллагуудад гүйцэтгэх ажлын шугамаар авсан нэлээд материал байдаг тухай бидэнд ярьсан боловч тэдгээртэй танилцах эрх ажлын хэсэгт байгаагүй гэдгийг дашрамд тэмдэглэе.
Гурав. Эмх замбараагүй байдалд хүргэсэн зарим хүчин зүйл
Онц байдал тогтооход хүргэсэн эмх замбараагүй байдлын үндсэн шалтгаан юу вэ, зөвхөн УИХ-ын 2008 оны ээлжит сонгуулийн үр дүнтэй холбоотой юу гэдэг асуудлыг ажлын хэсэгтэй уулзсан бараг хүн бүр хөндөн ярьж байлаа. Энэ тухай асуудлыг авч үзэж тогтоох үүргийг манай ажлын хэсэгт захирамжаар тусгайлан өгөөгүй юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дээрх зөвлөмжөөр “Нийтийн эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэсэн нийгэм, улс төр, эдийн засгийн учир шалтгаан, нөлөөлсөн нөхцөл байдлыг тогтоож дүгнэлт гаргах, үүнтэй холбогдуулан цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийг байгуулж ажиллуулах”-ыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргад даалгасан учир УИХ-ын дарга өөрийн эл захирамжаараа ажлын хэсэгт зориуд үүрэг болгоогүй болов уу гэж бодсон. Гэхдээ захирамжаар өгсөн үүргийг хангалттай биелүүлэхийн тулд уг асуудлыг тодорхой хэмжээгээр авч үзэхээс өөр аргагүй байлаа.
Уг үйл явдал сонгуультай холбоотой байсан уу гэвэл холбоотой байжээ. Хугацааны хувьд сонгуультай давхцаж байгаагаараа, зохион байгуулж турхирсан хүмүүсийн олонхи нь нэр дэвшээд “өвдөг шороодсон” улстөрчид байснаараа, тавьсан гол шаардлага нь сонгуулиар олонхи болсон хүчний эсрэг шууд чиглэж байснаараа УИХ-ын ээлжит сонгуультай аргагүй холбогдож байна. Гэхдээ сонгуулийн үр дүнг сонсоод дургүйцэж бухимдсан олон түмний шууд төлөөлөл болсон хүмүүсийн үйл ажиллагаа байжээ гэж үзэх баримт нотолгоо алга байна. Цагдаагийн байгууллагын албан ёсны мэдээлэл, илтгэх хуудсанд бичсэнээр долдугаар сарын 1-ний тэр өдөр Нийслэлийн төв хэсэгт 8000 орчим хүн цугларсан бөгөөд гол идэвхтэй хэсэг болсон (зохион байгуулагчид, өдөөн турхирагч машин дотроос архи, мөнгө тараасан болон, байр байшин, цагдаа руу довтолж, бусдад хүнд хөнгөн гэмтэл учруулсан, чулуу, бензин, будаг шидэж байсан иргэд зэрэг) 998 хүнийг баривчлан саатуулж шалгалт хийжээ. Тэгэхэд тэдний 715 нь сонгуульд оролцож саналаа өгөөгүй иргэд байжээ. Ингэхлээр тэрхүү 8000 шахам хүн бүгд сонгуульд оролцсон ба тэдний өгсөн санал сонгуулийн дүн хоёр илт зөрүүтэй байснаас бухимдаж хэний ч нөлөө, хатгалга, турхиралтаар биш өөрийн итгэл үнэмшил, сайн дураар цугларч нэгэн зэрэг нэгдэж тэмцсэн гэж дүгнэх боломжгүй байна.
Энд зориуд тэмдэглэх нэг зүйл бол, тэр өдөр архи, согтууруулах бусад ундааг их хэмжээгээр хэрэглэсэн хүмүүс мөн давтан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд тэнд олон байсан нь эмх замбараагүй байдлыг улам дэвэргэж илүү хэрцгий, балмад шинжтэй болгожээ. Өмнө нь дурдсан 998 хүний 91 нь давтан гэмт хэрэг үйлдсэн, 282 нь саатуулагдах үедээ согтуу байсан нь тогтоогджээ. Гэхдээ тухайн эмгэнэлт үйл явдлын нөхцөл шалтгааныг зөвхөн ийм хүрээнд авч үзэж тайлбарлах нь өрөөсгөл бөгөөд харин цаашдаа, түүнийг бүр тусгай том асуудал гэж онцолж тал бүрээс нь нухацтай шинжлэн судалж үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй юм.
Дөрөв. Хууль, тогтоомжийн хүрээнд ажилласан эсэх тухайд
Үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журмыг сахиулах чиг үүрэг бүхий гол байгууллагууд нийтийн эмх замбараагүй байдал үүссэн болон онц байдал зарласан өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хууль, Онц байдлын тухай хууль, Жагсаал цуглаан хийх журмын тухай, Цагдаагийн байгууллагын тухай, Тагнуулын байгууллагын тухай, Зэвсэгт хүчний тухай зэрэг хуулиудыг эрх зүйн гол үндэс, удирдамж болгон ажилласан байна.
Цагдаагийн байгууллага онц байдал зарлах хүртэлх хугацаанд нийгмийн хэв журам сахиулах үүргийг Цагдаагийн байгууллага дотоодын цэрэгтэй хамтран гүйцэтгэсэн байна. УИХ-ын санал хураалт дууссаны дөнгөж дараахан буюу 2008 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 23 цаг 30 минутаас эхэлсэн хууль бус (бүртгүүлээгүй) жагсаал цуглаан шатлан өргөжиж байсан тэр өдрүүдэд цагдаагийн байгууллага хүч хэрэглэн тараах үйл ажиллагаанаас аль болох зайлсхийж төр, хувийн хэвшил, олон нийт, санхүү, аж ахуйн байгууллагууд, улсын онцгой объектуудыг хамгаалалтад авах, цагдаагийн анги, хэлтэс, тасгуудыг бэлэн байдалд зохион байгуулах, жагсагчдын бөөгнөрөл, үйл хөдлөл, маршрутад ажиглалт дүрс бичлэг хийх, хяналт тавих, гал түймрээс хүмүүсийн амь насыг хамгаалахын тулд нүүлгэн шилжүүлэх, хориглон хамгаалах хууль бус жагсаал, цуглааныг зогсоохыг шаардах, анхааруулах зэрэг аргуудыг голчлон хэрэглэж байсан нь ҮАБЗ, Цагдаагийн ерөнхий газарт хадгалагдаж буй тухай үеийн цагийн байдлын талаархи илтгэх хуудас, бусад мэдээллээс тодорхой харагдаж байна. Зөвхөн долдугаар сарын 1-ний өдөр гэхэд, цагдаагийн байгууллага жагсаал, цуглааныг зохион байгуулагчид оролцогчдод хандан хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг 12 удаа бичгээр шаардаж байжээ.
Мөн хууль бус жагсаал, цуглааныг тараах захирамж гаргахыг хүссэн бичиг, тоотыг Нийслэлийн болон дүүргүүдийн Засаг дарга нарт удаа дараа хүргүүлж байжээ. Хүч хэрэглэхээс аль болох зайлсхийх гэсэн энэхүү арга тактик нь эмх замбараагүй байдлыг санаачлан зохион байгуулагчдыг улам хөөргөж зоригжуулсан гэж олон хүн үздэг. Байдал улам хүндэрч МАХН-ын байрыг шатааж, цагдаа нар руу довтолж бэртэл, гэмтэл учруулж эхэлсэн үед цагдаагийн хүчээр тараах гэж хэд хэд оролдсон боловч нааштай үр дүнд хүрээгүй ажээ.
Нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг хууль тогтоомжийн хүрээнд ердийн аргаар зөвхөн цагдаагийн хүчээр таслан зогсоох боломжгүй боллоо гэдгийг цагдаагийн удирдлага нэлээд хожуу, тодорхой хэлбэл, долдугаар сарын 1-ний өдрийн 23 цагийн орчмоос, нарийвчилбал, “Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү дайран орлоо”, “Зэвсгийн агуулах руу нэвтрэх гэж байна” гэсэн мэдээлэл авсан үеэс ойлгож эхэлсэн нь тодорхой байна. Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзэж байсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн генерал Ч.Амарболд энэ үед Ерөнхийлөгчид хандан даруй Онц байдал тогтоох тухай зарлиг гаргаж өгөхийг хүссэн байдаг.
Долдугаар сарын 1-нээс 2-ны өдөрт шилжих мөчид Ерөнхийлөгчийн 194 дүгээр зарлиг гарч Цагдаагийн болон дотоодын цэргийн хүч дээр Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн зарим анги, салбаруудыг нэмж дайчлан татан оролцуулах боломж бүрджээ.
Онц байдал тогтоосон өдрүүдэд цагдаагийн болон бусад байгууллага Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онц нөхцөлд ажиллах шуурхай штабын удирдлага, зохицуулалтын дор ажил үүргээ гүйцэтгэсэн байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2008 оны 310 дугаар тушаалаар Нийслэлийн Цагдаагийн хүрээний 29 анги, байгууллагын 3000 орчим офицер, цагдааг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top