Том хотын нүргээнт гудамжнаас нэг их холгүй ч гэлээ тэрүүхэндээ буйдхан газарт таван давхар саарал байшин нүүгэлтэн орших бөгөөд түүний том модон хаалганы нугас хуурайшиж аргасан хоолойгоор хүч мэдэн дуугарах адил чихэнд чийртэй нь аргагүй чийгтнах авч олны дуу чимээнд үл анзаарагдана. Гагцхүү үйлтэйгээрээ хаалганы модон самбар л орж гарах хүмүүсийн аясаар нааш цааш саван өөрийнхөө элэгдэж хуучирсан модон хүрээг хайр найргүй балбана.
Уг саарал байшинд жаргаж цэнгэсэн хүн цуглах нь үгүй. Учир юунд вэ гэвэл энэ бол улсын төв эмнэлэг. Доороосоо эхний хоёр давхар нь нилээд их хөл хөдөлгөөнтэй байх агаад түүнээс дээшлээд ирэхээр зөвхөн хэвтэн эмчлүүлэгч нар байх тул хүний хөл татарч, чимээ шуугиан намсана.
Давхаруудад зүрхний, эрүү нүүрний, бөөрний гэх мэт өвчнийхөө ангилалаар тасгууд байх бөгөөд гуравдугаар давхарын нэгэн жигүүрт байрлах тасгийг нүдний тасаг гэнэ. Тасгийн өвчтөнүүд эрэгтэй эмэгтэй болон өвчнийхөө хүнд хөнгөнөөр ангилагдан хэд хэдээрээ тасалгаанд хуваагдан хэвтдэгийг хэн хүн мэдэх байлгүй дээ. Үүнийг палад гэх орос үгээр нэрлэх боловч бид ийн нэрлэж хэрэглэсээр монгол үгсийн санд орчихож дээ.
За тэгээд найман паладтай энэ тасгийн мухраасаа гурав дахь хаалган дээр нэгэн бүдэг бадагхан сүүмийх пайзыг сайн харвал тэнд “палад-6” гэж харагдана. Угаас эмнэлэг юм болохоор тэр үү хаалга цонх хана туурга гээд бүгд цагаан өнгөтэй. Бодвол цэвэр цэмцгэр харагдуулах гэсэн нь тэр байх. Хэдийгээр асрагч нар ээлж болгондоо арчиж цэвэрлэх авч цагийн аясаар цагаан будагны өнгө хүртэл бүүдийдэг нь жам. Жилийн жилд будаг нэмэхдээ хаалганы дугаарыг хальт мультхан будсаар уг пайзыг харагдахтай үгүйтэй болгочихсон нь тэр. Гэхдээ өвчтөн болон эмч, сувилагч гээд энд байгсад хэдэн хаалганыхаа дугаарыг албан ёсны бичиг цаасан дээр л тэмдэглэх үү болохоос үнэндээ бол тэдгээр пайз нэг их хэрэгтэй эд биш л дээ. Хэрэгтэй бол тэд аль ч палад руу бараг зөндөө хөтлөгдөөд шахуу очиж чадна. Үхэр мал ч гэсэн дээ ус бэлчээр, хашаа саравч руугаа нэгэн жимээр явчихдагтай агаар нэг юм л даа.
Нүдний зургадугаар палад буюу бидний мэдэх болсон өнөөх хаалганы цаана пүрш нь сунасан зургаан ор, эвгүйхэн татвал уначихаж мэдэх зургаан цагаан шүүгээг сөөлжүүлэн тавьсан харагдана. Зарим нэг нь догонцдог бололтой дөрвөлжин эвхсэн цаас юмханаар хөл доор нь ивээс хийсэн нь эв дүй муутайхан харагдах боловч дээр нь тавьсан цай хоолыг цалгиулаад байхгүй тул үүргээ гүйцэтгэж байна л гэсэн үг.
Миний хэвтэх ёстой газар энэ эмнэлэг, тэр тусмаа энэ зургадугаар палад. Би палад руу орохоосоо өмнө нэг их гүн амьсгаа авч байсан юм даг. Бодвол энд иртлээ бодсон бодлын сүүдрээс болсон хэрэг байх. Би урд нь ганц нэг эмнэлэгт хэвтэж байсан боловч ингэтлээ түгшиж, ингэтлээ олныг бодож, өөрийгөө зовоож байснаа үл санана. Намайг ороход өрөөний хоёр ханаар нь гурав гурван ор байсан бөгөөд нэг талын гурван орон дээр надаас дүү хүмүүс, харин нөгөө талын гурван орны хоёр дээр нь хоёр өвгөн үлдсэн ганц ор нь минийх болох нь тодорхой байлаа. Тэд намайг анх харуутаа яг л ямар нэгэн шинэ сонин юм харж буй мэт болох боловч бас ч гэж түүнээ мэдэгдэхгүй гэсэн шиг дор бүрнээ дуугаа хурааж бүүр гэм хийчихсэн хүүхэд болцгоох нь хүний бас л нэг сонин чанар. Миний хувьд ч гэсэн тэднийг хараад тийм ч аятайхан байгаагүй. Учир юунд вэ гэвэл тэд бүгд өрөөсөн нүдээ боосон байсан бөгөөд олон хүмүүс өрөөсөн нүдээрээ зэрэг шахам харах нь бас тийм ч сайхан зүйл биш шүү дээ. За тэгээд хичнээн эвгүй байсан ч энэ ертөнцийн зовлон нэгтүүд хэзээд бие биенээ ойлгодогийн адилаар бидний цэрвээ ч гэсэн төд удалгүй арилж, хоорондоо танилцах нь мэдээж биз. Эрчүүд хүүхнүүдээ бодвол энэ тал дээр арай хурдан ч байж мэдэх юм.
Миний хэвтэх ёстой талын захын орон дээр нилээд өндөр ёхигор хөх өвгөн хэвтэнэ. Нэрээ Пэлжээ гэж их л цовоо танилцуулсан тэр өвгөн залуудаа эр хар махтай, хурдан шалмаг хөдөлгөөнтэй байсан байж болохоор. Ахмад дайчин тэрээр Байтаг богд, Алтай таван богд, алс баруун хязгаарт Гоминданы болон Османы хилийн хулгайч нартай өөрийнх нь ярьснаар бол ёстой л нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж явсан, нилээн яриасаг нэгэн ажээ. Гэнэт нэг өглөө л баруун нүд нь бүрэлзээд холын юм харахаа байж, тэр ч бүү хэл хэдэн мялангаа ч үзэхээ байсан тул түүнийгээ эмчлүүлэх гэж ирсэн эр. Мялан гэдэг нь хэдэн үхрээ хэлсэн байх.
Дунд талын ор нь минийх байж таарав. Нөгөө захын орон дээр нилээд махлаг хөдөлгөөн удаан, үгээ зөөж ярьдаг гонзгой улаан хүн хэвтэнэ. Нэр Чойнхор. Тэр угаас үсгүй халзан. Гэхдээ бүр гялгар халзан. Халзангаас гадна түүний толгойны хачин этгээд шоовон хэлбэр нь бусдын сонирхолыг татахгүй байхын аргагүй. Ялангуяа Пэлжээ гуай энд хэвтсэн өдрөө түүнийг хараад, гайхахдаа дуу алдсан гэдэг. Одоо ч гэсэн өглөө болгон Чойнхор гуайн толгойг харж ганц нүдэнд нь чөтгөрт гижигдүүлсэн мэт хүн шоолохын ад гийсэн гэрэл цовхчидог нь хэвээрээ.
Чойнхор хаа нэг арц хүж уугиулж, элдэв үнэр тараасан хэргээр асрагч сувилагч нарт загнуулах боловч засрана гэж үгүй. Амандаа юм гуншин гараа магнайдаа авч харагдах нь олонтой. Гэвч тэрийгээ хүнээс их нууна. Арга ч үгүй юм байх. Ичдэг үү, эсвэл эмнэлэгийн газар болохоор цааргалдаг ч байж болох юм. Тэрээр хоёр нүдэнд нь цагаан унасан учир юмс үзэгдэхээсээ бүрэлзэх нь их тул түүнийгээ авхуулах гэж иржээ. Тэрээр хэдэн хүүхдийн заяа хаячих нь гэж баймгүй юм даа гэж үглэх үе ч бий.
Нөгөө талын гурван орны эхнийх дээр өндөр туранхай залуу хэвтэнэ. Нэр нь Соронзон. Хорвоогийн хамгийн азгүй залуу гэвэл Соронзонг хэлэхэд нэг их зөрөхгүй. Модны үйлдвэрт ажилладаг тэрээр, тэр их үртэс зоргодосон дунд шөнө өдрийн аль ч ээлжинд нойртой нойргүй зүтгэж явахдаа хааяа нэг гарт нь өргөс орохоос өөрөөр гэмтэж яваагүй юм. Харин тэр хоёр долоо хоногийн өмнө ажлынхаа хамт олонтой зугаалж явахдаа цехийнхээ хэдэн хүүхнийг голын тохойд усанд орж байхыг бургасан дотроос харж суутал гэнэт нэг хүүхэн нь
- Хүүе ээ яанаа. Тэнд нэг хүн биднийг хараад байна шүү дээ. Хэн бэ тэр одоо? гэж хашгиран хамгийн боломжтойгоор нь хоёр гараараа нүцгэн цээжээ дарсан аж. Бусад газраа чухам яасныг бүү мэд. Тэр нь ч надад юуны хамаа байхав. Гэтэл Соронзон хүү ичсэн үү, цочсон уу нуугдаж байсан бургасан дотроосоо гарах гэж ухасхийхдээ... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )