МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү, түүний эхнэр О.Цолмон нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр өмгөөлөгч О.Баасанхүү “Өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэгдсэн хоёрдугаар эмнэлэг рүү хүргэсэн. Сүүлд ирсэн мэдээллээр бол Н.Энхбаяр дарга шаардлагуудыг маань биелүүлтэл ямар ч албадан эмчилгээнд хамрагдахгүй гэдгээ мэдэгдсэн гэсэн. Тиймээс түүний биеийн байдал улам дордоод байна. Н.Энхбаярыг хууль бусаар хорихоо зогсоогооч ээ хэмээн би бүх хуулийн байгууллагад хандсан. Гэвч тэд хууль бус үйлдлээ зөвтгөж, суллах ямар ч арга хэмжээ авахгүй байна” гэлээ.
Харин О.Цолмон “Хуулийг хүний эрхийг хамгаалахын тулд зохиодог. Харин төрд үйлчилдэг хууль гэж байх ёсгүй. Манай хүнийг яаж баривчилсныг та бүхэн харсан. Хүнийхээ эрхийг дээдэлдэг улс хэзээ ч ийм баривчилгааг хийдэггүй шүү дээ. Цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлэх гэж байхад нь би хуулийнхнаас гуйсан. Харамсалтай нь тэд миний үгийг хүлээж аваагүй. Дахиад л дамжлаад авч явсан. Би хүнд муугаа үзүүлж, нулимсаа урсгаж, ард түмнээр өрөвдүүлэхийг хүсээгүй. Угаасаа манайхан хүнд муугаа үзүүлэх дургүй хүмүүс. Харин эр нөхрийг минь ингэж аймшигтайгаар тарчилгаж, хууль бусаар хорьж байгаад харамсаж байна. Би өчигдөр орой нөхөртэйгээ уулзсан. Тэгэхдээ чи одоо өөрийгөө бод, өлсгөлөнгөө зогсоо гэж гуйсан. Нөхөр маань бүр ярьж чадахгүй болтлоо доройтоод шивнэх төдий л хариу хэлсэн. “Эд нар намайг ингэж дарамталж байгаа юм чинь ард түмнийг минь ямар аймаар дарамталж байгааг би мэдэхгүй. Тиймээс би эцсээ хүртэл тэмцэнэ. Шаардлагуудыг маань биелүүлтэл өлсгөлөнгөө зогсоохгүй” гэж хэлсэн. Би Монгол Улсын хууль тогтоомж бусад хуулийг шүүж үзэхэд бүгдэд нь л хүний эрхийг дээдэлнэ, хамгаална гэж заасан байна лээ. Харин тэр заалтууд нь миний нөхөрт үйлчлэхгүй байна. Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад яг 174 цаг болж байна. Түүний амь нас дээсэн дөрөөн дээр байхад эрх баригчид юу ч хийхгүй зүгээр хараад сууж байна. Хуулийнхан нөхрийг маань алж байна. Цаазалж алж байна. Тэгэхдээ маш удаан хугацаанд тарчилган алж байна. Үнэндээ нөхрийг маань "намнах" ажлыг АТГ гардан зохион байгуулж байна" гэв.
А.ТӨМӨР
Сэтгэгдэл ( 0 )