Өлсгөлөн зарлах “моод” ойрын өдрүүдэд ихэд дэлгэрээд байна. Зарлах зарлахдаа бүр хуурай өлсгөлөн шүү. Хуурай өлсгөлөн гэж юу болох талаар тайлбарлах нь илүүц байх. Хэлэн дээрээ огт юм тавихгүй, дусал ус ч уухгүй шүлсээрээ хооллож байгаа хүмүүсийг хар буюу хуурай өлсгөлөн зарлагсад гэж байгаа юм. Төв аймгийн мөрдөнгөөс эхлээд өлсөж эхэлсэн экс Ерөнхийлөгчийг өлссөнийх нь хувьд баатар гэж хэлмээр. Тэр одоо хүртэл өлссөөр байгаа. Гэхдээ бүр хуурай өлсгөлөн гэдгийг жинхэнэ утгаар нь үзүүлж байгаа хүн. Ямар сайндаа арав гаруй кг турах вэ дээ. Үүнийг өлсгөлөн гэнэ.
Харин үнэн худал нь мэдэгдэхгүй өлсгөлөн зарлаад байгаа хүмүүсийг ер ойлгохгүй юм. Н.Энхбаярыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гарсны маргааш нь хуурай өлсгөлөн зарлахаа мэдэгдээд “Цаазын ялгүй Монгол улс” хөшөөний нөмөрт өлсөж эхэлсэн хүмүүс анх тавуулаа байсан одоо арван хэдүүлээ болчихож.
Тэд өлсөөд тав хонож байгаа гэвч хэн нэгнийх нь биеийн байдалд ноцтой өөрчлөлт гарсан юм одоогоор алга. Ёстой “төмөр хүмүүс” гэж нэрэлмээр. Үнэхээр бие сайтай, өл сайн даадаг хүмүүс юм. Уг нь дандаа хөгшин настай өвөө, эмээ нар болон эмэгтэйчүүд, ахимаг насны эрчүүд харагдана лээ.
Өнгөрөгч өдөр өлсгөлөн зарлаж байгаа иргэд дээр очиж байр байдлыг нь бага зэрэг тандлаа. Хуурай өлсөөд тав хонож байгаа гэхэд тэд ихэд цоглог харагдсан. Зарим нэгэн нь бохь зажилсан шиг сонин уншаад хэвтэж байх. Уг нь өлссөн хүн бохь зажлах бол тийм сайн явдал биш л баймаар. Хуурай өлсгөлөн зарлаад тав хонож байгаа хүмүүст ядаж ямар нэгэн шинж тэмдэгүүд илэрмээр санагдах юм. Гэвч тэд огт тийм биш тос даасан царайтай,амандаа бохьтой, сонин уншсан шиг хэвтэцгээж харагдсан. МАХН-ын гишүүд Н.Энхбаярыг суллуулахаар өлсгөлөн зарлалаа гэсэн хэдий ч тэдний нэг Б.Цэрэндорж : “Бид ямар ба нэгэн намын харьяалалгүй. Эхнэр хүүхдүүд маань Энхбаяр даргыг сулласангүй гээд уйлж унжаад гэрт суулгахгүй байгаа учраас өлсөж байна” гэж хэлжээ. Тэгэхлээр энэ хүмүүс хэний төлөө, юуны тулд яах гээд өлсөөд байгаагаа ч өөрсдөө сайн ойлголгүй сэтгэлийн хөөрлөөрөө байгаа мэт.
Дээхнэ ардчилал, эрх чөлөөний төлөө хүсэн тэмүүлэгчид өлсөж байсан бол сүүлийн үед өлсгөлөн зарлах нь моод, захиалга, төлбөр мөнгөтэй болсон байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө нэг хүнийг өлсгөлөн зарлуулахын тулд дөрвөн сая төгрөг төлдөг байсан бол одоо энэ мөнгөний хэмжээ өсч арван саяд хүрсэн сурагтай. Мэдээж хэрэг хуурай юу нойтон уу гэдгээс шалтгаалж үнэ ханш нь хэлбэлзэж байгаа.
Цаг үеэ дагаад инфляци, шатахууны үнээс болж өлсгөлөн ч бас үнээ нэмсэн бололтой. Ханш нь нэгэнт иймээс хойш мөнгө авдаг байх нь. Харин эрүүл мэнд гэгч юугаар ч солишгүй эрхэм баянаа хэдэн төгрөгөөр золиосолдог “моод” дэлгэрчихжээ.
Ардчилал эрх чөлөөнийхөө төлөө бол жинхэнэ утгаар нь өлсөж, зулын гол болох явдал дэлхий нийтэд байдаг. Тэд нараар ч бахархдаг. Харин хэн нэгэн даргыг өмгөөлж хайран цагаа гарздаад өлсөөд хэвтдэг хүмүүсийг "хөөрхий минь" гэж хэн ч хэлэхгүй дээ.
А.ТӨМӨР
Сэтгэгдэл ( 0 )