МАХН МҮАН-ын “Шударга ёс” эвсэл мэдэгдэл гаргалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан эмч нарын комисс  Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгчийн биеийн байдлын талаарх дүгнэлтийг бид анхлан мэдээлсэн билээ.  Тэгвэл энэхүү дүгнэлтийг уншаад МАХН МҮАН-ын “Шударга ёс” эвслээс мэдэгдэл гаргалаа.  Мэдэгдэлд Н.Энхбаярын амь нас цаг минутаар хэмжигдэж байгаа энэ цаг мөчид хилс хэрэгт гүтгэхээ зогсоо, хэрвээ амь эрсдэх юм бол Монгол улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж хариуцлагыг нь хүлээнэ гэжээ.

Одоо энэхүү мэдэгдлийг төрийн өндөрлөгүүд болон үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн гишүүдэд хүргүүлэхээр гурван тийшээ салж хөдөлсөн юм.

Энэ үеэр Н.Энхбаярын хүү Э.Батшугар мэдэгдэл мөн хийсэн.  Тэрбээр: Аавтайгаа өчигдөр уулзсан.  Надад маш хэцүү байна. Аав маань өчигдрийн байдлаар 15 кг турсан байна. Амнаас нь ацетон маш ихээр үнэртэж байна.  Эмч нараас нь асуухад тархины хордол буюу тархи нь өөрөө өөрийгөө шатааж, идэж эхэлж байна гэсэн. Бусад эрхтнүүд нь эргэн буцалтгүй устгагдаж байгаа. Надад маш хүнд байна.   Нэг талаас би аавдаа гомдож байна.  Миний аав яагаад миний болон ээж, дүү нарын төлөө амьдрахгүй, Монголын ард түмэн та  бүхний төлөө амиа золиосолж байна вэ? Нөгөө талаас харахад Монголын ард түмэн бол түүний хувьд амьдралын утга учир.  Тийм учраас би аавынхаа хүсэлтийг хүндэтгэж байна....Монголчууд та бүхэн аавыг минь хүндэтгэж байгаарай... Миний ойлгож байгаагаар аавыг минь соёлтой аргаар алах гээгүй юм бол өнөөдөр нэн даруй суллаач та нар” гэж мэдэгдлээ.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top