Ц.Элбэгдорж: ”Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө өлсөж байгаа”

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, нарийн бичгийн дарга Ч.Улаан, О.Чулуунбат нар өнөөдөр Н.Энхбаярыг суллуулах асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулсан. Энэ үеэр Ерөнхийлөгчийн илэрхийлсэн байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна.

-Хүний амь насны асуудал бол чухал байгаа. Гадаа манай иргэд бас өлсгөлөн зарлаж байна. Энд санаа зовж байгаа гэдгээ хэлэх нь зөв байх. Ер нь амь насаараа дэнчин тавьсан тэмцлийн хэлбэр сонгохгүй байх талаар бодох ёстой гэдгийг би өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаярт сануулсан, хэлсэн. Ийм арга замыг битгий сонгоорой гэж. Тэгэхээр энд нөлөөлж болох боломж байвал та бүхэн энэ өлсгөлөнг зогсоох тал дээр арга хэмжээг авахад тусламж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа юм л даа. Ер нь өлсгөлөнг хүн өөрөө эхэлж санаачлан зарладаг. Өөрийнх нь л зогсоох шаардлагатай асуудал. Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө өлсөж байгаа. Түүнийг ямар нэгэн төрийн байгууллага, хэн нэгэн хүн өлсөхийг шаардаагүй. Тэгэхээр амь насанд нь ийм эрсдэл учирч байгаа үед би эмчилгээ хийлгэх ёстой гэж бодож байна.

Хоёрдугаарт,  хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, саяын асуудалд хууль хяналтын байгууллага нь шалгаж байгаа учраас энэ асуудлыг тусад нь авч үзээч гэсэн зүйл байх ёсгүй гэж бодож байна. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Н.Энхбаяр гэдэг хүн илүү эрхтэй гэсэн заалт хуулинд байхгүй. Хуулийн шударга хэрэгжилтээс зугтах хэрэггүй. Хуулийн тэгш хэрэгжилтийг л шударга ёс гэж нэрлэж байгаа.  Тэгэхээр өлсгөлөнг өөрөө зогсоож болно. Бас батлан даалтанд гаргах асуудал тавиад байгаа юм билээ. Энэ бол яг одоо Ерөнхийлөгчийн шийддэг асуудал биш. Аль нэг эмнэлэг, нам, эсвэл дарга хуулийн  байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй, нөлөөлөх ёсгүй. Харин хууль хяналтын байгууллагын зүгээс тэдний хийж байгаа ажлыг дэмжих ёстой. Ийм л бодолтой байгаа. Өмнө нь байр сууриа илэрхийлж, эрүүл мэнддээ халтай ийм алхам битгий хийгээч ээ гэж өөрт нь хандаж тавьж байсан. Та бүхэн ч бас өөрт нь хандаж хэлж, өлсгөлөнгөө зогсоох арга хэмжээг авах хэрэгтэй байх. Амь насанд нь халтай нөхцөл үүссэн бол эмчилгээ хийх хэрэгтэй гэсэн ийм л байр суурьтай байна.

Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр, би ч, жирийн иргэн ч адилхан хандах ёстой. Тэгэхээр хуулийн дагуу хүний эрхийг хангана гэдэг чухал зүйл. Үүнийг л ардчилал гэж байгаа. Хуулийн дагуу хууль зөрчсөн хүмүүстэй хариуцлага тооцох энэ ажлыг хийхэд бид нөлөөлж болохгүй. Тэгэхээр үүнийг ардчилал гэж байгаа. Энэ хүнд энэрэнгүй хандах ёстой, үүнд энэрэнгүй бус хандах ёстой гэдэг маягаар харах ёсгүй. Харин эвтэй байх  ёстой, асуудлаа ойлголцдог байх ёстой гэж би ойлгож байна. Энэ бүхэн хууль, шударга ёсны үндсэн дээр тогтож байх ёстой. Миний тавьж байгаа асуудал бол эрүүл мэнддээ халтай ийм үйл ажиллагааг битгий цаашаа үргэлжлүүл, ийм зүйл цаашид гаргах хэрэггүй. Хууль хяналтын ажиллагаанд  ямар нэгэн хүндрэл учруулсан, хүмүүсийн сэтгэл санааг тогтворгүйжүүлсэн ийм зүйл гаргаж хэрэггүй. Асуудал байгаа бол, хуулийн байгууллагын үйл ажилагаанд буруу зөрүү зүйл  байгаа бол шийддэг газар нь нэг л байгаа. Шүүх дээр очоод шийдэгддэг. Н.Энхбаярын хувьд өмнө нь хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан. Дуудахаар ирдэггүй, шалгах, асуух гээд болдоггүй. Батлан даалтанд гаргана гэдэг хууль шүүхийн үйл ажиллагаанд би саад учруулахгүй гэж тодорхой хүмүүс батлан даадаг. Батлан даалтыг хүсч байгаа хүн өөрөө хүсэлтээ бичгээр гаргадаг. Шүүх хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан хүнийг батлан даалтанд гаргая гэж байгаа бол та бүхэн шууд хуулийн байгууллагад хандах ёстой. Хууль журмын дагуу, хүндрэл учруулахгүйгээр. Монголд хууль тэгш хэрэгждэг байвал үүн дээр би асуудал хүндрэл үүсэхгүй гэсэн байр суурьтай байгаа.

Би хууль хяналтын байгууллагад шаардлага тавьж байгаа. Хүний эрхийг та бүхэн дээд зэргээр хүндэтгэх ёстой, хуулийг ягштал хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй гэж. Дээрээс нь олон улсын байгууллага, гадны хуульчид манай нөхцөл байдалд санаа зовоод ирж байгаа бол хүлээж авах хэрэгтэй. Манай хууль ийм байдаг, хуулийн дагуу ингэж ажиллаж байгаа гэдгээ хэлж байх ёстой. Бид аль болох нээлттэй байх ёстой. Үүнд бид санал нэг, энэрэнгүй хандах ёстой. Шалгуулж байгаа иргэн ч үүнд хүндэтгэлтэй хандаж байх ёстой гэж ойлгож байгаа. Төв аймгаас хорих ангид ирж, тэнд эмчилгээ сувилгааны ажлыг зохих хуулийн байгууллага хийсэн. Тэндээс дахиад эмч нарын дүгнэлт гаргаад Клиникийн хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлэх шаардлагатай болсон. Монголын эрүүл мэндийн шилдэг баг энд хэрэгтэй гэсний дагуу үйлчилж байна. Тэгэхээр энэ хүмүүс амь нас нь эрсдэх гэж байгаа бол, нэгэнт тангараг өргөчихсөн бол албадан эмчилгээ хийнэ гээд Монголын дотоодын хууль тогтоомжуудад байгаа. Бас нэгдэж орсон олон улсын конвенциудаа ч харах ёстой. Эмчилгээг эмч нарын хэлсний дагуу шат шатаар хийх шаардлагатай гэж бодож байна. Ийм зүйлүүд хийгдэхгүй цаг аваад байгаа нь буруу гэж харж байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top