Н. Энхбаярын САЛААВЧ ба Ард түмэн

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 03

    Тавдугаар сарын 18-ны өдрийн 16.30-д ШШГЕГ-аас мэдээлэл хийж  Хорих 461-р ангийн дарга, хурандаа Л.Өлзиймөнх,  ШШГА-ны дарга, хурандаа Л.Болд нар   экс Ерөнхийлөгч Н. Энхбаяр тус байгууллагын харьяа ангиудад хоригдож байхдаа эрх нь зөрчигдөөгүйгээр үл барам харин ч зарим үед шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтнуудтай зүй бусаар харьцаж байсныг нь нотлох нэгэн бичлэгийг тараасан нь  нийгэмд томоохон сенсааци дэгдээж байна.

     Зөвхөн ганц жишээнээс харахад, Zindaa.mn сайтад уг бичлэг 15 цаг байрших хугацаанд нийт 35000 гаруй хүн үзэж, 1400 гаруй сэтгэгдэл үлдээсэн нь ард түмэн хэрхэн “савлагаатсаны" тод жишээ болов. 

Уг бичлэгийг үзсэн хүмүүс "Монголын шоронгийн ялгаатай нөхцөл байдалтай танилцлаа.  “Том дарга” хүмүүс тусдаа хоолны өрөөтэй, модон шалтай камерт хоригддог  юм байна. Гэтэл  энгийн ардыг юун модон шал битгий хэл цементэн шалтай камерт хорьдог шүү дээ" гэж эгдүүцжээ.

    Мөн урьд өдөр нь аавтайгаа уулзаж хууч хөөрч суусан атлаа маргааш нь “Биднийг огтхон ч уулзуулахгүй байгаа” хэмээн өрөвдөлтэйгөөр хоолойгоо чичрүүлэн сэтгүүлчдэд мэдэгдэж байсан хүү Батшугарыг нь жинхэнэ худалч, жүжигчин гар байна гэсэн дүгнэлт өгчихөж.

    Ерөнхийлөгчийн алдартай САЛААВЧ болон “п..., баас, шээс” гэсэн үгсийн талаар янз бүрийн л бодолтой байна, хүмүүс. Зарим нь ЗӨВ, ЭР ХҮН хэмээн бахархаж байхад нэг хэсэг нь  АРАЙ Ч ДЭЭ, БИД ИЙМ Л БҮДҮҮЛЭГ ХҮНЭЭР УДИРДУУЛЖ БАЙСАН ХЭРЭГ ҮҮ хэмээн шогширсон байх юм.

     Бичлэг дээр харагдаж буй  нөхцөл байдлыг янз бүрээр дүгнэж байна, ард түмэн. Нэг бол тэгж муухай аашилж авирлахаас аргагүй байдал үүсгэсэн, эсвэл насаараа “ТОМ ДАРГА” байсан болохоор доорд хүн болгоныг тэгж загнаж хараагаад сурчихсан гэх.

     Бас энэхүү бичлэгийг эвлүүлэг хийсэн хийгээгүй гэж нэлээн маргалдаж. Техник технологи хөгжсөн өнөө  үед  юуг ч эвлүүлж болох ч, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САЛААВЧ-ийг яаж эвлүүлсэн байж болох талаар ой тоонд огт бууж өгөхгүй байна гэж нэг хэсэг нь үзжээ.

   Эцэст нь хэлэхэд бид ямар ч дүгнэлт хийхийг хүссэнгүй, ердөө л энэ үйл явдалтай холбоотой НИЙГМИЙН ТУСГАЛЫГ л илэрхийлэхийг зорилоо. МАХН-ын дарга Н.Энхбаярыг тойрсон энэ бүх дуулианууд түүний цаашдын улс төрийн карьерт ямар үр нөлөө үзүүлэхийг ЦАГ ХУГАЦАА харуулах биз ээ

     Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top