Сонгууль ойртож буй энэ үед хэн, хаана нэр дэвшихийг сонирхож байхад урд нь хашиж байсан болон одоо эрхэлж буй албыг нь бодвол яах аргагүй л нийслэл хотын бидэнтэйгээ “хувь заяа” нь холбоотой байхаар хүмүүс бүгд хөдөө орон нутгийг зориод байгаа нь гайхал төрүүлнэ. Үүнд: Улаанбаатар хотын мээр асан М. Энхболд –Төв аймаг, Нийслэлийн ерөнхий менежер асанТ.Бадамжунай - Архангай аймаг, мөн хотын ерөнхий менежер, Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Э. Мөнх- Очир – Булган аймаг, ЗТБХБ- ын сайд Ц.Дашдорж- Говь-Алтай аймгаас нэр дэвших гээд нам дотроо “хор” найруулаад завгүй байгаа бололтой. Уг нь эдгээр хүмүүс нийслэл хотоос нэр дэвшиж, Улаанбаатарчуудынхаа эрх ашгийг Их хуралд төлөөлөөд сууж байвал өөрсдөд нь илүү, ойр дөт баймаар санагдана. Гэтэл яагаад хөдөө рүү зүтгээд байна вэ?
Нийслэл хотын захирагч, ерөнхий менежерээр ажиллаж байсан нөхдүүдэд Улаанбаатарчууд их тааруу амтай. М.Энхболдыг бүр газрын наймааны”Загалмайлсан эцэг” гээд нэрлэчихэж. Т.Бадамжунайтай хоршиж хоёулаа Улаанбаатарын газар олголт дээр “ажиллан” төрөөс төрсөн тэрбумтнууд болсон гэлцэнэ. Мөн замбараагүй газар олголтоос шалтгаалан Улаанбаатар хотын хувьд хот төлөвлөлт гэж бараг байхгүй болчихсон гэхэд хилсдэхгүй.
Иймэрхүү байдлаас нь харахад Нийслэлд нэрээ дэвшүүлбэл сураггүй нь ойлгомжтой учраас гэнэт л төрсөн газар нутагтаа “хайр зарлан” хөдөөг чиглээд байгаа бололтой. Юм үзэж, нүд тайлан, доль цохисон хотынхныг бодвол хөдөөний хөөрхий малчдыг хулхидан “чихэн дээр нь сарнай ургуулж” сонгогдоход арай хялбар гээд тооцоолчихож. Тэгээд ч урьд өмнийн сонгуулиас харж байхад нэр дэвшигчид хөдөөнийхний тухайн үеийн хэрэгцээн дээр тулгуурлан бүтэх, бүтэхгүй хамаагүй зүйлс амлан их “хошгируулдаг” юм билээ. Нөгөөдүүл нь ч “гэнэн туулай” шиг хууртагдаж ханана гэж үгүй.
ЗТБХБ- ын сайд Ц.Дашдорж Говь- Алтайд арай л байр, орон сууц амлаж яваагүй байгаа даа гэж найдья. Тэгээд явахаасаа ч сийхгүй маягийн нөхөр гэлцэхийн байна, хүмүүс.
Та бид хангалттай олон жил хууртлаа. Бидний амьдрал биш, харин бидний дэмжлэгээр сонгогдсон тэдгээр хүмүүсийн амьдрал асар хурдтайгаар дээшилж байгааг бид нүдээрээ харцгааж байна. Хойшид хэрхэн амьдрах нь зөвхөн бидний сонголтоос шалтгаална!
Д. Мөнхөө
Сэтгэгдэл ( 0 )