“Сод монгол”-ын Ц. Анандбазар Дорноговиос нэр дэвшихээр боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

      “Сод монгол” группийн ерөнхийлөгч Ц. Анандбазар Дорноговь-Говьсүмбэрийн тойрогт МАН-аас нэр дэвшихээр болжээ.

     Соёлын төв өргөөг луйвардаж аваад, эзэмшил хэсгийнхээ подвалийг нь ухаж, суурь ханыг нь нурааж, даацын баганыг нь хөндөн гараж хийснээс болоод Театрын музей нурахад хүрээд байгаа, Өргөө кинотеатрынхаа салбарыг Мэдээлэл технологийн үндэсний паркад хийхээр болж, үзэгчдэд аятай тухтай нөхцөл бүрдүүлэхэд шаардлагатай хэмээн нүүрэн талын ханыг бүрэн нурааж, Төрийн өмчид хууль бусаар халдсан гэх мэтээр нэг хэсэг мэдээллийн хэрэгслүүдээр шуугиан тарьж байсан энэ эрхэм экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Соелын сайд байхад нь туслах болж, тэр цагаас түүний бизнес, улс төрийн карьер хүчээ авч эхэлсэн хэмээн хүмүүс үздэг аж.

      Сүүлийн үед Дорны говь нутагт Анандбазаргүй зүйл бараг үгүй болсон гэхэд хилсдэхгүй.  Өнгөрсөн жил “Стандарт чарт” банк, Сингапурын “Эс Би Эйч Винчес” компаниудын хөрөнгө оруулалттай нефть нэрэх үйлдвэрийн шавийг Сайншандад тавьж, Дорноговь аймгийн нийт сумдаар гурил, будаа, элсэн чихэр тараажээ. Тус аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сумын нийт есөн багийн эмч тус бүрт мотоцикль, нийт сумдын өрхөд 60 тонн гурил. Замын-Үүд, Өргөн, Улаан-Уул сумын 11 багийн эмч нарт тус бүр мотоцикиль. Өргөн, Улаан-Уул сумын иргэдэд 40 тонн гурил. Хар-Айраг, Даланжаргалан сумдын найман багийн малын эмчид тус бүр мотоцикль, тус сумдын өрхүүд болон зам дагуух зургаан зөрлөгийн өрхүүдэд 60 мянган тонн гурил тараасан байна. Хөдөөгийн малчин ардуудын дунд хурал хийж, өрх тус бүрт гурил олгосон нь  малчин ардуудад ихэд таалагдан түүнийг магтан ярьж байна. 

    Энэ мэтчилэн мөнгөтэй хүн нутаг орныхондоо тусалж буй нь хэдийгээр сайшаалтай ч, УИХ-д сонгогдоод улс төрд ороод ирэхээрээ юу хийх бол оо гэсэн бодол бас төрөхөөр.  Гэвч энэ бүхэн хэрхэхийг цаг хугацаа аяндаа харуулаад өгөх буй заа.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top