МАХН-ынхан Н.Энхбаярын салаавч гаргасан видео бичлэгийг бүрэн эхээр нь үзүүлэхийг шаардлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26


 

 Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын цагдан хоригдож байх хугацаандаа гаргасан ааш аяг, салаавч гаргасан  видео  бичлэгийг ШШГЕГ-ынхан өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчдэд дэлгэсэн. Энэ бичлэгийг бүрэн эхээр нь олон нийтэд үзүүлэхийг МАХН-ынхан шаарджээ. Тус намаас гаргасан мэдэгдлийг хүргэж байна.

Мэдэгдэл

 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн дарга Н.Энхбаярыг хүч хэрэглэсэн балмад баривчилгааг ямар ч найруулга, засваргүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүрэн эхээрээ хүргэсэн.

Энэхүү үйл ажиллагаа нь анхнаасаа өрсөлдөгч хүчнийг УИХ-ын сонгуульд оролцуулахгүй байх, тэдний үйл ажиллагааг тасалдуулах зорилготой, улс төрийн захиалгатай балмад үйлдэл болсон. Улмаар МАХН-ын дарга Н.Энхбаяр энэхүү хууль бус үйлдлийг эрс эсэргүүцэж,амь биеэ үл хайрлан хуурай өлсгөлөн зарласан билээ.Түүний бие өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээ эхэлж байгаа бөгөөд эрүүл мэнд нь бүрэн сэргэх хүртэл цаг хугацаа ихээхэн шаардлагатай хэвээр байна.

Н.Энхбаярын эх орон, газар шороо, ард түмнийхээ төлөө, олигархууд, авлигачдын эсрэг тэмцсэн тэмцлийг зориудаар гутаан доромжилж хууль бус мөрдөн байцаалтын өдөр хоног, цаг хугацаа нь үл мэдэгдэх урьдаас бэлдэн эвлүүлсэн видео бичлэгийг төлбөртэйгөөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр шөнөгүй цацаж байгаа нь сонгуулийн өмнө хийж байгаа улс төрийн захиалгат үйл ажиллагаа байлаа. 

Энэхүү улс төрийн захиалгат видео эвлүүлэг, урьдаар бэлтгэж найруулсан бичлэгээ баримт гэж нэрлэж байгаа бол дүрс бичлэгийн хальсанд байгаа бичлэгийн эх хувийг бүрэн эхээр нь олон нийтэд үзүүлэхийг шаардаж байна.

2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө иргэд сонгогчдын тархийг угаах гэсэн эрх баригчдын увиагүй үйлдэл нь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн нэр хүндийг зориудаар унагах оролдлого бүхий хар PR, хууль хяналтын байгууллагуудын  зохион байгуулсан хууль бус үйл ажиллагаа боллоо гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

 

МАХН-ын ХМОНХАлба

2012.05.22

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top