Дургүй байхад дарж байж “сахил хүртээх” нь, энэ намууд...

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

УИХ-ын ээлжит сонгууль болоход  ганцхан сарын хугацаа үлдэж буй энэхүү”торгон” агшинд намууд нэр дэвшигчдээ ээлжлэн тодруулж, сонгогч иргэдийн хувьд хэн хаана тавигдахыг ихэд сонирхон ажиглаж байна.  

Сонгуулийн хууль шинэчлэгдэн боловсронгуй болсноор хууль зөрчих үйлдэл бараг гарахааргүй шударга сонгууль болно гэж үзэцгээж байгаа ч хуулинд захирагддаггүй ганц гайтай зүйл нь энэхүү нэр дэвшүүлэлт бололтой. Хэн нэгэн арга сүйхээтэй, хөрөнгө мөнгөтэй, намынхаа удирдлагуудтай хэл амаа “сайн ойлголцдог” горилогч нэр дэвшчих магадлалтай. Тэгээд ард түмний огтхон ч хүсэн хүлээгээгүй байсан хүнийг гаргаж ирчихээд “та нар заавал сонгох ёстой” хэмээн тулгаж, нам нь таалагдаад байгаа мөртлөө нөгөө нөхөр нь таалагдахгүй байх жишээний. Уг нь ч “Бурхан” биш хүн л болохоор бүх хүмүүст 100 хувь таалагдана гэж хэзээ ч байхгүй, гэхдээ л ядаж массын 50-60 хувь хүсээд байгаа нэр дэвшигчийг гаргаад ирвэл хичнээн сайн байхсан, хаа хаанаа.

Саяхан АН Сонгинохайрхан дүүрэгт эрхэм гишүүн С.Ламбааг нэр дэвшүүлжээ. Энэ мэдээг сонсоод шүдгүй хөгшин, хүүхэд хоёр ч мэрчихээр “зөөлөн боорцог” тавьчихлаа гээд бусад өрсөлдөгч намууд  бөөн баяр болоод байгаа шинжтэй. Тухайн дүүрэгт оршин суудаг, бас энэ тэрүүгээр илүү хошуулж, чихээ дэлдийлгэж явдаг “мэргэжлийн өвчтэй” хүний хувьд жаахан тандалт маягийн юм хийж үзлээ. Эрхэм гишүүний хувьд сонгуулийн мундаг сайн менежмент хийж, гайхамшгийг эс бүтээж чадваас Сонгинохайрхнаас цухуйх нь ихээхэн эргэлзээтэй байна.

Баянгол дүүрэгт Х.Тэмүүжин унаж тойроггүй хоцрон, С.Одонтуяа нэр дэвшжээ. С.Одонтуяагийн хувьд тийм ч тааруу кандидат гэхээргүй, бас ч юм хийе, бүтээе гэсэн эрмэлзлэлтэй, монголын өнөөгийн нийгмийн эмзэг асуудлуудыг эх хүний, эмэгтэй хүний сэтгэлээр сайн мэдэрч чаддаг бүсгүй гэлцэнэ. Харин санаагаар болдог бол “Хонгио” хэмээн Монгол даяараа алдаршсан Х.Тэмүүжинг Сонгинохайрханд тавьчихсан бол Ламбаа гишүүнээс хамаагүй илүү шаанстай байсан гэж ярих хүмүүс ч байна.

Баянзүрх дүүрэгт МАН-аас Д.Арвин гишүүнийг нэр дэвшүүлжээ. Үүнд Баянзүрхчүүд зарим нь ихээхэн эгдүүцэж “бид тэр Хэнтийнхэн чинь биш, юм үзэж нүд тайлсан Хотынхон” хэмээн томорч, тоон дотор үсэг цохиж явна гэгчээр “цэргийн тойрогт” энэ авгай юучив дээ гэх хандлага гаргацгааж байна. Тэгж ярихдаа тулбал, Д.Арвин гишүүн баргийн муухан эрээс ч дээр байх шүү гэлцэх хүмүүс ч байна.

Зөвхөн Нийслэлийн хэмжээнд одоохондоо иймэрхүү шум дэгдэж байгаа бөгөөд хөдөөний тойргууд дээр дэвшиж буй нөхдүүдийг ч ард түмэн нилээн голж шилэх бололтой.

Мөн эсгий бор гэр доторх амьдрал байтугай стандарт орон сууцны нөхцлийг ч бараг мэдэхээргүй “шинэ үеийн баячуудын” баахан “памперстай бацаанууд” нэр дэвших магадлалтай байгаа ба хэр оновчтой шийдэл болох нь аяндаа харагдах буй заа.

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top