Хэрвээ би их хурлын гишүүн болвол хийх юм их байна даа. Ард түмнийхээ төлөө л бүгдийг хийнэ. Ард өөрийхөө төлөө юу ч хийхгүй би.
Хамгийн түрүүнд ард түмнийхээ төлөө ан агнаж сурна. Ард түмнээрээ чоно хөөлгөж гаргаж ирээд би өөрөө сайхан зуу татаж нэг газар сууж байгаад л буудаад унагаана. Ард түмэн чоно хөөж сурах нь биеийн тамирт нь хэчнээн хэрэгтэй гээч. Нөгөө талаар чоно алж ард түмнийхээ мал аж ахуйгаас хороодог гэмтнийг устгана. Энэ бол яалт ч үгүй их хурлын гишүүн хүний хийх ажил. Алсан чоноо жийп машиныхаа хамар дээр хаяж олон түмэндээ хэрхэн юм хийж байгаагаа харуулнаа. Гэхдээ би хамгийн сайн чоночин анчин байж чадахгүй л байх л даа. Саяны хурлын ганц нэг гишүүн хэдэн зуун чоно алж гэртээ хэчнээн буутайгаа ярьсан байна лээ. Гэхдээ би давуулан биелүүлэхийн тулд л явна шүү дээ.
Хэрвээ би их хурлын гишүүн болвол морь уяна. Уях ч гэж дээ өөрийгөө уяач болгон нэрээ бичүүлж уралдуулна. Тэрнээс би үхсэнээрээ уяхав дээ. Хэрвээ намайг энүүнд ямар хурдан морь байхав дээ гэж бодож байвал наадамд түрүүлсэн морийг эзэнтэй нь хүүхэдтэй нь худалдаад авчихна шүү дээ. Миний ажил гэвэл өвөг дээдсээ хэрхэн морь уядаг байсан өөрөө одоо хэрхэн моринд дуртай байгаа, энэ бол эзэн Чингисийн үеэс ирсэн цусанд байхаас гарцаагүй тухайгаа хэвлэлд ярих л болно шүү дээ. Ард түмний тусын тулд юу байна вэ гээд үзье. Унаач хүүхэд гэж ард түмэн байна. Би юу гэж өөрийхөө хүүхдийг тийм эрсдэлтэй юманд явуулхав дээ. Асрамжийн газар, траншэй гээд зөндөө хүүхдүүд байхад. Нэг ч болсон ард түмний хүүхэд миний морьдтой хамт машины ачаан дээр явж хийморио сэргээгээд явах тэдэнд сайхан л байгаа шүү дээ. Мөн тэднийг жингийн илүүдлээс сэргийлнэ. Хоол бага өгч жинг нь барихгүй бол лаглайчаад морь даахгүй там зүгээр. Хүүхдүүдээс гадна миний ард түмэн миний морь уралдахыг харж баярлана шүү дээ.
Гишүүн болвол би бас өөрийн нэг бөө нэг ламтай болно. Энэ бол бас л ард түмний тусын тулд байх болно. Лам бөө хоёр яагаад заавал байх ёстой вэ гэвэл нэгнийхээ чадахгүй юмыг нөгөө нь аргалаад явах байх гэсэн миний итгэл. Уг нь болдог бол христийн нэг сайн лам, мусалман бас нэг ламтай болчмоор л байна. Даан ч олдохгүй л дээ. Энэ хоёр болбоос миний гишүүний суудалдаа суух зам мөрийг тэгшилж байхаас гадна хийсэн нүглийг ариусгаж байх учиртай. Нүгэл хийхгүй хүн байхгүй. Тэгэхэд гишүүн чинь бөөн хар нүгэлтэй амьтан яваад байвал ямар сайн байхав. Мөн манай гэр бүлийн эрүүл мэндийг даатгахаас гадна өрсөлдөгчийг маань зам мөрөөс минь зайлуулж байх учиртай. За тэгээд миний нүглийг наминчлахаас гадна зав гарвал ард түмний төлөө ном уншиж, онгод тэнгэрээ буулгаж болно. Ард түмний төлөө гэдэг нь их хурлын гишүүнийх нь нүгэл наминчлагдаж, эхнэр хүүхэд нь сайн сайхан, өрсөлдөгч нь миарч байвал миний ард түмэнд л сайн шүү дээ.
Мөн би ард түмнийхээ төлөө суврага босгоно. Ард түмэн маань хий дэмий явж байхаар тэрийг тойроод алхаж байг. Мөн ард түмнийхээ төлөө би засгийн дугаартай машин унаж, 11-тэй гар утас барина. Их хурлын гишүүн нь энгийн дугаартай машин уначихаад картны утас бариад явбал хэчнээн муухай. Ард түмнээ баясгахын тул үүнийг би зоригтой хийнэ. Мөн би ихэмсэг алхаж хүн бүрт “чи гишүүнээ танихгүй байна уу” гэж хэлж онгирч байна. Их хурлын гишүүн нь уруу дорой нэгэн бол хэчнээн муухай.
Би гишүүн болвол байнга зурагтаар гарч, сонинд ярилцлага өгнө. Сонгууль дөхөөд ирвэл би өдөн дэр мэтийн сээгс нэвтрүүлэг ч байсан оролцоно. Би л ард түмэндээ харагдаж баясгаж, сайхан ярьж тайвшруулж байхгүй бол өөр хэн ард түмэнд маань ийм юм үзүүлж харуулж уншуулж чадна гэж. Мөн гадаад дотоодоор гишүүн байх хугацаандаа чадах чинээгээрээ явна. Ард түмнээ төлөөлж явах хэчнээн сайхан. Би явахгүй бол жирийн хүн явалтай биш. Тэгээд ч би эхнэр хүүхдээ дагуулж дэлгүүр хоршоо хэсэхдээ ард түмнийхээ нүүрийг баастахгүй, үнэтэй дэлгүүрээр орж тансаглана гэж бодож байгаа.
Мөн ард түмэн маань намайг болж өгвөл цааш нь сонгоод л байх учиртай. Тэхгүй бол гишүүнээ байвал авилгалтай тэмцэх газар яаж ч мэднэ. Хэрвээ гишүүн чинь элдэв нэр дуулаад хэцүү нэртийнд орвол та бүхэнд хэчнээн муухай байхав дээ. Ингээд сонгууль дөхөж байгаа энэ үед ард түмэн минь та нарын минь төлөө надаас илүү ихийг хийх хүн гарахгүй гэдгийг хэлчий.
Нийтлэлч GUMP
www.baabar.mn
Сэтгэгдэл ( 0 )