Сүхбаатар дүүргийн шүүхээс тавдугаар сарын 21-ний 11.00 цагт МАХН-ын дарга Н.Энхбаярт 36 хавтаст хэрэг бүхий яллах тогтоол болон шүүх хуралдааны товыг зарласан зарлан дуудах хуудсыг албан ёсоор гардуулж өгсөн байна.
Энэ товын дагуу маргааш буюу тавдугаар сарын 24-ний Пүрэв гаригт Н.Энхбаярыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан улсад долоон тэрбум 268 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутан болох эсэхийг шийдэх шүүх хурал болно. Хурлын даргалагчаар Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, бүрэлдэхүүнд нь шүүгч М.Алдар, Л.Оюунчимэг нар оролцох юм байна.
2009 оны энэ өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ц.Элбэгдоржид ялагдаж байсан, түүний хувьд билэг дэмбэрэл муутай онцгүй өдөр. Тохиолдлоор таарсан уу, эсвэл хэн нэгэн зориуд түүнд сэтгэл зүйн дайралт хийхээр сонгож авсан уу бүү мэд.
Өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ экс Ерөнхийлөгч: “Тийм ээ, би салаавч үзүүлсэн. Гэхдээ мэдээжийн хэрэг ард түмэндээ, жирийн иргэддээ үзүүлээгүй. Хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө хийсэн энэхүү дотоод бичлэгээ тайрч танаж гаргахдаа санаатайгаар хүмүүст тиймэрхүү сэтгэгдэл төрүүлсэн бол ард түмнээсээ шуудхан уучлал гуйж байна. Би энэхүү салаавчаа хууль хяналтынхан нэртэй ч алхам бүртээ хууль, хүний эрх чөлөөг зөрчдөг байгууллагынхан, тэдний дарга нар, “ЭЗДЭД” үзүүлсэн юм” гэж хэлжээ.
Мөн түүнийг хэргээ задлах гэж байгаа гэсэн мессиж таран ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай тэргүүтэй нөхдүүд түгшүүрийн байдалтай байгаа гэсэн шум сонсогдоод эхэлжээ. Хэрвээ үнэхээр тийм бол одоо л жинхэнэ ард түмний хүсэн хүлээгээд байсан “шоу” эхлэх нь дээ...
Д.Мөнхөө
Сэтгэгдэл ( 0 )