Сүүлийн өдрүүдэд өрнөж буй намуудын нэр дэвшүүлэлтийн сургаар бол ард түмний хүсэн хүлээж байсан парламент бүрдэх эсэх нь ахиад л бүрхэг болчихлоо.
Улсын Их Хурал мөн чанартаа хууль баталдаг, эдийн засгийн бодлого тодорхойлдог, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн чигийг заадаг, иргэдийн амьжиргааг дээшлүүлдэг хууль тогтоох дээд байгууллага учраас парламентад бизнесмэнүүд шургуулахыг дэлхийн олон улс орон дэмждэггүй. Учир нь нийгмийн баялаг хэдхэн цөөн олигархиудын гарт төвлөрөх учраас тэр. Тэгээд ч улс орны эдийн засаг өсч байгаа мэт өнгөн дээрээ харагдавч цаанаа эрх мэдэлтнүүдийн гарт бүх баялаг ордог учраас улс төр, бизнес хоёрыг нэг хөнжилд байлгахыг зөвшөөрдөггүй.
Гэтэл манайд бол яг эсрэгээрээ, парламентдаа жинхэнэ улс орны сор болсон хуульч, эдийн засагчдаа оруулдаггүй, нөгөө л мөнгө төгрөгөөр туйлсан, мораль ёс суртахуун нь мянгантаа эвдэрсэн баахан бизнесмэнүүдийг цуглуулчихдаг. Тэгээд төрийн эрх барилцаж буй хүмүүсийн олонхи нь бизнес эрхэлдэг учраас эрх баригчдаас гаргаж байгаа ихэнх хууль, тогтоомж тэдэнд ашигтайгаар батлагдаж, асар их хөрөнгө мөнгийг зөвхөн өөрсдөдөө хуримтлуулсаар хорин оныг үдлээ. Ийм учраас ямар нэгэн хууль гарах бүрт л цөөнх сэтгэл хангалуун үлдэж, ард түмэн золиос болдог билээ. Нийгмийн баялаг хэдхэн хүмүүсийн гарт төвлөрч, үүнийгээ мэдэгдэхгүйн тулд халамжийг баруун, солгойгүй цацдаг ажээ. Үгсэн тохиролцож юмны үнээ нэмэх үзэгдэл ч газар авна, яг одоо манайд болоод байгаа шиг.
Тийм учраас өнөөгийн Монголын нийгмийн давхаргын харьцаа алдагдаж, баян нь хэт дээшлэн тэнгэрт хувийн онгоц хөлөглөтлөө баяжиж, ядуу нь хэт доошлон траншейнд амьдартлаа уруудсан эмгэнэлтэй дүр зураг бол яалт ч үгүй Монголын парламент хэрхэн ажил үүргээ гүйцэтгэж байсны яруу тод жишээ мөн. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олдоггүй жамтай.
Тэгвэл одоо бид яах вэ? Тэнэг сонголтоо хийсээр, “траншейндаа” амьдарсаар л байцгаах уу?
Аль ч нам эвсэл, бие даагч хамаагүй, зөвхөн шилдэг хуульчид, эдийн засагчдаа энэ сонгуульд дэмжвэл ямар вэ ... МАНАН-гаас л лав тийм гэрэл гэгээтэй хүн цөөхөн харагдаж байна. Авлигатай тэмцэх газар яг одоо АН, МАН-ын дарга нар хэнийг хаана нэр дэвшүүлж байгааг судалж, хэргийн материал бүрдүүлбэл дорвитой ажиллах боломж бүрдээд байгаа юм биш үү. Энэ сонгууль нэг л биш ээ, яах вэ та минь ээ.
Д.Мөнхөө
Сэтгэгдэл ( 0 )