Н.Энхбаярын баривчилгаа ба Ц.Элбэгдоржийн тэмцэл

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26



МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болох байсан ч яллагдагч эрүүл мэндийн шалтгааны улмаас ирээгүй хэмээн шүүх хурал зургадугаар сарын 4-нийг  хүртэл хойшлов.  Сүр дуулиант баривчилгаа, хуурай  өлсгөлөн, үхлийн ком, салаавчтай бичлэг зэрэг Энхбаярын дуулиан намдаагүй байсаар ийнхүү шүүх хуралтай золголоо. Өлсгөлөнгийн сүүлийн өдрүүдэд түүний төлөө маш олон хүмүүс  мэдэгдэл хийж, өлсөж цангаж, уриалж жагссан. Тэд  Төр засгийн удирдах албан тушаалтнууд,  хууль шүүхийн байгууллагынхныг дайсан мэт үзсэн өдөр хоногууд байлаа. Харин ШШГЕГ-аас Н.Энхбаярын хоригдож байх үеийн салаавчтай бичлэгийг олон нийтэд дэлгэсэн нь   дэмжигч олны ихэнхийг нүүрээ буруулахад хүргэсэн  болов уу.  Яг үнэндээ  иргэн Н.Энхбаяр  луйвар хийчихсэн юм бол ялаа  үүрэх  нь зүйн хэрэг. Гэтэл шүүхийн процетур хуулийн цоорхойг  гарамгай ашиглан ял завшихаар зэхээд сууж байна.

  Ард түмэн  туйлдан ядуурч, эрх баригч цөөн хэдэн хүн ханаж цадахыг үл мэдэн баяжиж буй  өнөө цагт Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн ” Би энэ авлигачидтай тэмцэх гэж гарч ирсэн” гэсэн  үг Монголчуудад   таалагдсан. Гэвч  Ц.Элбэгдоржийн өөрийнх нь шударга биш байдал энэ шийдвэрийг үнэгүйдүүлэхэд хүргээд байна. Яагаад шударга биш гэж. Өнөөдөр АТГ-т  шалгагдаж байгаа Ардчилсан намын томоохон лидер хэн байна?    Нөгөө олон газрын наймаачид, тендерийн наймаачдыг АТГ хаагуураа өнгөрөөв?  Үнэхээр авлигад идэгдсэн төр засгийг сайжруулах гээд байгаа бол Монголын төрөөс тэрбум тэрбумаар нь хувьдаа завшсан нөхдүүдийг  зүгээр орхилгүй хийсэн хэргийнх дагуу ялыг нь үүрүүлэх л ёстой. Ганцхан нэг талыг бариад байгаа учраас шударга ёсны төлөө гэхээсээ илүүтэй улс төрийн захиалгат баривчилгаа болчихоод байгаа нь асуудал юм.

 МАХН-ын дарга Н.Энхбаярын асуудалд эргэж оръё. Зургадугаар сарын 4 хүртэл Н.Энхбаяр яллагдах нь хойшиллоо. Дахиад хоёр хойшлуулчих юм бол Энхбаяр ялна. МАХН сонгуулийн хуулинд заасан 7 хувийн квотыг өлхөн авчихна.  Урьдчилсан судалгаагаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс-Эвсэл” нийт сонгогчдын арав орчим хувийг  авах магадлалтай байгаа. Арван хувь авнаа гэдэг бол   28 суудлаас гурван суудлыг нь авнаа гэсэн үг. Тэгвэл Н.Энхбаяр зоолттой УИХ-ын гишүүн болж гишүүний халдашгүй байдал үүсээд ирнэ. УИХ-д ороод ирэх юм бол Энхбаярын толгой энэ хэдэн “тэнэг”-үүдийн толгойноос илүү сайн ажиллана. Төрийн гурван өндөрлөгийн өндөр албан тушаалыг ээлж дараалан хашиж байсан түүнд  туршлага ч бий, хорсол ч бий.  Тэрээр эвсэнэ.   Ардчилсан намтай тохиролцоно.  Энэ үед улс төрийн авлига хээл хахуулийн асуудал бүүр нарийн дээд шатандаа гарч, аалзны тор шинэ нэхээсээр, шинэ хэлбэр имижээр, төрөл жанрын  цоо шинэ сүлжээгээр нэхэгдэх биз.  Ийм байдлыг үүсгэж болзошгүй байгаа буруутан нь тэгвэл  Элбэгдорж өөрөө байна. Хэрвээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан нам, Ардын нам гэж ялгалгүй энэ олон луйварчин хулгайч хүмүүсийг  хорих юм бол түүний үйл хэрэг зөвтгөгдөнө. Ард түмэн дэмжинэ.  Энэ бүхнийг  давхар шийдэхгүйгээр Ерөнхийлөгчийн хэлсэн үг, хийсэн үйл нийгмийн дэмжлэгийг авч чадахгүй нь нэгэнт тодорхой  болжээ.  

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top