Монголын өнөөгийн эрх баригчдын хийж буй зарим үйлдлүүд, ард олныхоо амьдарч байгаа царайг харахаар өөрийн эрхгүй дээрх үгс сэтгэлд бууж байна.
Өнгөрсөн 20 жилийн турш төрийн хүндтэй алба хашиж байсан нэлээн хэдэн эрх мэдэлтнүүд зөвхөн луйварчид байсан нь өнөөдөр өрнөөд буй үйл явдлуудаас тодорхой харагдаж эхэллээ. Загас толгойноосоо эхлэн өмхийрдөг шиг төр засгийн эрх баригчдаасаа эхлэн авлига хээл хахууль, луйвар хийхэд үлгэрлэснээр ард түмэн, нийгэм тэр чигээрээ буруу замаар амьдрах хандлага бий болсныг хэн хүнгүй мэдэж байгаа. Төв банкны валют, алт, эрдэнэсийн санг тэд хоосолж, ард түмний нэрийг барьж гадаадаас авсан зээл тусламжийг ойр дотно хамаатан саднаараа хуваан идэж шамшигдуулдаг, тендерүүдийг хахуулийн замаар шийдвэрлэдэг байсан нь бүгдэд ил тод болсоор байна. 20 жилд хэн нь ямар жүжиг тавьж, Оюу толгойн ашиггүй гэрээг хэн харийнхны эрх ашигт нийцүүлэн хийсэн, Халх голын сав газрыг хэн Солонгосчуудад зарсан, үр хойчид маань аюул занал авчрах цөмийн хаягдлыг хэн хэдэн халтар ногооноос болж Монголд булах гэж улайрч байгааг мэдсэн.
Фрийдланд мэтийн үндэстэн дамнасан акул-луйварчдын тавьсан занганд мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй зарим улс төрчид орсоны уршгаар манай улс гадаад, дотоодын луйварчдын “Жаргалын орон” болж хувирчээ. Тэдгээр луйварчид ардчилалын сайн сайхныг 20 жилийн турш хүсэн мөрөөдсөөр туйлдаа хүртэл цөхөрсөн ард түмний цус, нулимсан дээр тааваараа тарвалзан жаргацгааж байна. Монгол дахь улс төрийн өнгө аясыг Р.Фрийдланд тун нарийн анзаардаг, торгон мэдрэмжтэй эр гэлцэнэ. Эрх баригч хоёр том нам нь ард түмэндээ мөнгө амлаж сонгуульд ялж гарч ирсэнд мань хүн хятадуудаас илүү баясан хөгжсөн гэдэг.
Монголын ардчилал үнэн хэрэг дээрээ замбараагүй анархизм болж хувирчээ. Учир мэдэх нэг нь үүнийг эрт мэдэрсэн ч шийдвэр гаргах эрхгүйдээ хий дэмий бухимдсаар өнөөг хүрсэн. Ард түмэн нийтээрээ оюун санааны тураалд орж, эмс охид нь “янхан”, эрчүүд хөвгүүд нь архичин хэмээн цоллогдохдоо тулсан нь хэний буруу вэ? Ромын эзэнт гүрний мөхлийн бүх шинж тэмдгүүд Монголд биеллээ олоод байхад төр засгийн зүгээс яагаад санаа зовниж дорвитой шийдмэг арга хэмжээ авахгүй удаашраад байна вэ? Монголчуудын энэхүү мөхөл сүйрэл хэнд ашигтай вэ? Америкийн уугуул Индианчуудыг архи, хар тамхиар мансууруулан хөнөөж газар нутгийг нь эзэлж авсан гашуун түүх Монголд давтагдах юм биш биз?
Ард түмэн нь эрдэм мэдлэггүй, харанхуй бүдүүлэг байх тусмаа луйварчдад ашигтай байдаг. Тэд хэзээ ч ард олны оюун санааг хөгжүүлэхийг хүсэхгүй. Учир нь ард түмэн юм ойлгох чадвартай болчихвол тэднийг дураар нь дургиулахаа больчихно. Нэгэнтээ хэн нэгний гаргасан "Нийт олноороо хүртэх ёстой баялгийг нэгээхэн хэсэг хүмүүст өгчихөөд өөрсдөө гол зогоон амьдардаг өрөвчхөн ч юм шиг, тэнэг ч юм шиг хүмүүсийн нэгдлийг ард түмэн гэнэ" гэсэн тодорхойлолт орчин үед яг тохироод байх шиг.
Газрын доорхи баялгаа бусдад зүгээр өгч, газар нутгаа худалдахыг Монголоо гэсэн сэтгэлтэй хэний ч зүрх зөвшөөрөхгүй ээ! Эрх мэдэлтнүүдийн яриад байгаачлан ард түмэндээ 21000 төгрөг өгөх гэж газар нутгаа зарж байгаа бол тэр чинь бидэнд хэрэггүй!
Луйварчид дахин хуурч зальдахын тулд мөдхөн болох сонгуульд ямар ч аргаар хамаагүй ялан УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээр хамгаалагдахаар улайран зүтгэж эхэллээ.
Монголчуудад одоо ганцхан зөв гарц байна. Энэ сонгуулиар юунд ч хуурталгүй тэдгээр луйварчид болон тэдний гар хөл бологчдоос зоригтой салцгаая! Ахиж алдах эрх бидэнд байхгүй, алдвал сөнөнө!
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )