Сонгууль болоход сар гаруйхан хугацаа үлдээд байна. Үүнтэй холбогдон хаа сайгүй ашиг сонирхлын зөрчил үүсэх болжээ. Эдгээрээс нэг жишээ дурьдвал, Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хэвлэл мэдээллийн зарим хэрэгслийн эрх чөлөөг боогдуулсан журам гаргасан байна. Уг журам нь кабелийн сувгаар нэвтрүүлгээ цацдаг 14 телевизэд хамааралтай. УИХ-ын 2012 оны сонгууль, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг агаарын долгионоор цацдаг телевиз, радиогоор л гаргахыг хүсчээ. Энэ нь кабелийн телевизүүдэд УИХ-ын 2012 оны сонгууль огт хамаагүй гэсэнтэй ялгаагүй.
Өчигдөр энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа нийт суваг телевизүүдийг төлөөлж Монголын суваг телевизүүдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Амгалан, “Шонхор” телевизийн ерөнхий захирал Л.Мөнхбаясгалан, “Шууд” телевизийн захирал Ж.Соёл-Эрдэнэ, “Парламентын суваг” телевизийн захирал Т.Төрмаа нар мэдэгджээ. Эдгээр суваг телевизүүдээр сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглосноороо Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Монополийн тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байгаа юм. “Шонхор” телевизийн ерөнхий захирал Л.Мөнхбаясгалан хэлэхдээ “Харилцаа, холбооны зохицуулах хороо нь Ерөнхий сайдын мэдэлд байдаг Засгийн газрын тохируулагч агентлаг. Тийм учраас бид энэхүү журмаа цуцлах шаардлагыг Ерөнхий сайдад тавина. Хуулиас давсан журам гэж хаана ч байхгүй. Хэвлэлийн эрх чөлөөнд шууд халдаж байгаа энэ үйлдлийг таслан зогсоохыг Ерөнхий сайдаас хүсье” гэсэн юм.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )