Сүүлийн үед АТГ-аас явуулж буй үйлдлүүд ард түмний талархлыг хүлээж эхэллээ. Одоо л жинхэнэ утгаараа ажиллаж байна хэмээн хүмүүс дэмжин, экс Ерөнхийлөгчийн эгэл бус баривчилгаанаас хойш унаад байсан нэр хүнд нь аажмаар өссөөр байна.
Н.Энхбаяраар эхэлсэн авлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгчдийн цуваа өдрөөс өдөрт нэмэгдэн, хахуулийн замаар хууль бус лиценз олгосон хэргээр АМХЭГ-ын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, кадастрын хэлтсийн дарга Л.Даваацогт (харамсалтай нь батлан даалтанд гаргаад алдсан), Увс, Орхон, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нар гээд нилээн хэдэн нөхдийг шалгаж зарим нь шийдэгдэн ялаа авлаа. Ийнхүү төсвийн хөрөнгөөр туйлж байсан олон Засаг дарга нарын зүрхэнд шар ус хуруулж, ээлжээ хүлээж буй хүмүүс ч бас мэр сэр байгаа бололтой.
УИХ-ын сонгуульд МАН-аас Дорноговь,Говьсүмбэрийн тойрогт нэр дэвших эрхээ авчихаад байсан бензин, кинотеатрын босс “Сод монголын” Ц.Анандбазарыг АТГ баривчиллаа гэсэн мэдээ өчигдрийн сенсааци болж, араас нь мөдхөн Дундговийн тойрогт АН-аас нэр дэвшээд байгаа “Мон-Ураны” Б. Наранхүү залрах сураг сонсогдон олон нийтийн дунд шударга ёсны харанга дэлдэж, Хурц даргын нэр хүнд ч суга өсөх маягтай боллоо. Үүнээс үзэхэд “но”-той нөхдийн нойргүй хонох шөнүүд эхэлж буй бололтой. Цаг цагаараа байдаггүй ээ гэж...
Энэ эрчээ алдалгүй цаашаа үргэлжлүүлэх аваас АТГ-т хандах ард олны итгэл үнэмшил бүр ч нэмэгдэж, "Аавынхыг” зорих авлигач, луйварчдын зам улам тодрон, Монгол оронд маань цэвэршлийн эрин эхлэх итгэл найдварын гал дүрэлзэн асах биз ээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )