Ч.Чимидсүрэн: Тойргийн хороонд ажиллаж байгаа хүмүүс дор бүрнээ анхааралтай ажиллах ёстой

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

Zindaa.mn сайт энэ жилийн сонгуулийн өнгийг 11 нам, хоёр эвслийн төлөөллөөс тодруулсан юм.  Энэ удаад уншигч та бүхэндээ МАХН-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ч.Чимидсүрэнгээс тодруулга авснаа хүргэж байна.  

- Энэ жилийн сонгууль ямар болох бол?

- 2012 оны  УИХ-ын сонгууль нэг талаас МАНАН, нөгөө талаас МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл"-ийн хооронд тэмцлийн талбар болно гэж эвслийн нэр дэвшигчид үзэж байгаа. Энд яагаад МАНАН гэж хамтатгаж хэлж байна вэ гэвэл энэхүү хоёр улс төрийн хүчин өнгөрсөн хугацаанд хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Хамтарсан Засгийн газар байгуулсан шалтгаан нь УИХ-ын 2008 оны сонгуулийн амлалтаа хамтарч биелүүлэх. Энэ амлалт өнөөдөр биелсэн үү гэвэл Монголын ард түмэн, тухайн орон нутгийн сонгогчид бүгд мэдэж байгаа.

- МАНАН-аас ялгарах МАХН-ын онцлог?

- “Шударга ёс” эвслээс нэр дэвшигчдийн ихэнх нь олигархийн сүлжээнд ямар нэг хэлбэрээр ороогүй, нэр цэвэр хүмүүс  байгаа. Энэ бол бидний онцлог, хамгийн том давуу тал гэж үзэж байгаа.

- Техникийн болон хүний аргаар  санал будлиантуулдаг жишээ энэ жил давтагдах болов уу?

- Нийгмийн дунд 2008 оны сонгуультай адил луйвар будлиантай явдал болох вий гэсэн болгоомжлол, хардлага байгааг аль аль талдаа үгүйсгэж болохгүй. Хүссэн хүсээгүй хүн сонголтоо хийлээ. Хийсэн сонголт нь баталгаажихгүй бол ямар ч хүн ууртай байх нь ойлгомжтой. Тэгэхээр сонгогчид, тойргийн хорооны дарга, ажилчид, хууль хяналтын байгууллагынхан луйвар будлиан оруулахгүй байх дээр онц анхааралтай байх хэрэгтэй.

- Сонгуулийн тойргийн бүтэц бүрэлдэхүүнийг харахад дутагдалтай тал ажиглагддаг?

- Тийм. Тухайлбал АН-ын  нэр дэвшигч орон нутагт ялсан бол тойргийн хороо тус намын гишүүдээр дүүрэн байдаг. Ардын намынхан ялсан бол ардын намынхнаар дүүрсэн байх зэргээс эхлээд өрөөсгөл зүйлүүд их ажиглагддаг.  Тиймээс долдугаар сарын нэгэн болгохгүйн төлөө дор бүрнээ сонор сэрэмжтэй ажиллахыг анхааруулж, зөвлөмөөр байна.  

- Долдугаар сарын нэгэн энэ сонгуулиар давтагдах болов уу?

- Шударга ёсны төлөө, хэн нэгнийг уриалаагүй байхад сонгогчид өөрсдөө эсэргүүцэх хандлага байгааг аль аль талдаа анхаарах хэрэгтэй.  Тиймээс тойргийн хороонд ажиллаж байгаа хүмүүс дор бүрнээ анхааралтай байх л ёстой. Сонгуулийн тухай хуулинд санал луйвардаж, будлиантуулсан үйлдлийг газар дээр нь илрүүлэх юм бол урамшуулалтай гэж заасан байгаа. Энэ нь иргэд сонгогчдын эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх, нийгмйин идэвхийг нэмэгдүүлэхэд асар их ач холбогдолтой гэж бид үзэж байгаа.

- Та аль тойрогт нэр дэвшиж байна вэ?

- УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Дорноговь, Говьсүмбэр аймагт нэр дэвшиж байгаа.

- МАН, АН-ын нэр дэвшигчдийг ажиглаж байхад тойргоо хувааж авсан нь ажиглагдсан. Та энэ тал дээр юу гэж бодож байна?

- Чимиддоржийн Чимидсүрэн миний бие намын бага чуулганы гишүүдийн 97,6 хувийн саналаар нэр дэвшиж байгаа. МАН-аас “Сод Монгол” группын захирал Анандбазар, АН-аас одоо УИХ-д сууж байгаа Я.Батсуурь нэр дэвшиж байгаа гэж сонслоо. Бүгдээрээ л адилхан нэр дэвшээд, өөрийн улс төрийн хүчний зорилго бодлогыг тайлбарлаж, тайлагнаад, амлалтаа өгөөд иргэдийнхээ саналыг авах болов уу гэж бодож байна.  

Миний хувьд Зүүнбаянгийн нефтийн орд газарт түшиглэсэн нефтийн үндэсний үйлдвэрлэл барих, байгуулах чиглэлээр урт хугацааны, бодитой төлөвлөгөөтэйгээр “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж байгаа. Миний гол хийх ажил Монголыг шатахуун, нефтийн хараат байдлыг гав гинжнээс салгах том ажлыг эхлүүлж байгаа хүний нэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top