“Ардчилсан намын цаг ирлээ” хэмээн тунхагласан АН-аас УИХ-ын нэр дэвшигчид үнэмлэхээ авлаа. Тус намаас УИХ-ын гишүүн Д.Одхүү, хамтарсан Засгийн газрын Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд асан Х.Золжаргал нар дэвшсэнээ баталгаажуулав. Тэднийг аймгийн захиргаанд байрлаж байгаа Сонгуулийн хорооны байранд ирэхэд намын гишүүд, дэмжигчид нь халуун дотноор хүлээн авч, туг далбаагаа хийсгэн, цэцэг бөмбөлөг барин угтсан нь содон харагдаж байлаа. Орон нутгийн ИТХ-ын байгууллагад дөрвөн суудалтай, сөрөг хүчний байр сууринаас ажилласан аймгийн АН УИХ-ын сонгуульд ач холбогдол өгч, хоёр тойрогт хоёуланд нь ялалт байгуулна гэж зорилт тавиад байгаа аж. Аймгийн Сонгуулийн хорооны албан ёсны ажиллагаа дууссаны дараа тус намынхан өөрийн байрандаа Хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлыг нээж, аймгийн АН-ын дэд дарга С.Сувдаа “Манай нам Орхон аймгийн тойрогт ач холбогдол өгч, гурван нэр дэвшигчээ илгээж байна. Гурав хэмээн онцолсон нь миний бие намаасаа “28”-ын жагсаалтад орсон. Бид хамтран зүтгэж, намынхаа ялалтын төлөө ажиллана.” хэмээн онцолсон. Нэр дэвшигч Х.Золжаргал “Сонгуулийн сурталчилгааны 21 хоногийн хугацаа хэдий богино ч гэсэн сонгогчидтойгоо хэвлэл мэдээлэл, мөлхөө ухуулга зэрэг сурталчилгааны олон хэлбэрээр уулзаж танилцан өөрийгөө таниулах болно” гэсэн юм. Х.Золжаргал хамтарсан Засгийн газрын ХХААХҮ-ийн дэд сайдаар сайн ажилласан гэж үнэлэгддэг нь өнөөдөр Орхон аймагт Үйлдвэрлэл технологийн паркын тухай хуулийг санаачлан Д.Одхүү гишүүний дэмжлэгтэйгээр батлуулсан нь амьдралд биелэлээ олж байна. Үүний тод жишээ нь Орхон аймагт “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэж Үйлдвэрлэл технологийн парк байгуулахаар болоод байгаа юм. Х.Золжаргал АН-ын өмнөх сонгуулиудад намынхаа ар тал болж хүчин зүтгэсэн улс төрийн туршлагатай нэгэн аж. Шинэ хүн, залуу хүн гээд Х.Золжаргалд олон онцлог зүйл байгаа нь тэрбээр Хэвлэлийн бага хурлын нээлтэнд багагүй сандарч хэвлэлийнхэнд хандаж “Та бүхэнд баярлалаа” хэмээн барьц алдсанаас харагдсан. УИХ-ын гишүүн Д.Одхүү “Сонгуульдаа шударга сайхан өрсөлдөцгөөе. Аливаа хар Пи Ар, сурталчилгаа хийхгүй байх, миний онцлог бол нэг ч удаа ийм муухай зүйлээр хөөцөлдөж явсангүй. Миний хувьд найман жил эрдэнэтчүүдээ төлөөлөн УИХ-д сонгогдсон. Зарим нэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр амлалтаа биелүүлэхийг шаардсан, нэхсэн тухай мэдээлэл гарсан. Би хуулийн дагуу маргаашнаас эхлэн эрдэнэтчүүдэд мөрийн хөтөлбөрийн биелэлтээ хүргэнэ. Мөрийн хөтөлбөр маань бүрэн биелэсэн гэж үзэж байгаа. АН-аас нэр дэвшсэн бид гурвын хувьд нэг баг болж ажиллана“ хэмээн өөрийгөө тодорхойллоо. “Хүн шиг амьдарч, улс шиг улс болгон хөгжүүлэх” мөрийн хөтөлбөртэй АН-ынхан Орхон аймагт намынхаа байранд нэг штабтай, хоёр нэр дэвшигч хамт ажиллана гэж мэдэгдлээ.
ОРХОН аймаг
Сэтгэгдэл ( 0 )