Энэ жил анх удаа сонгуулийн саналыг автомат машинаар тоолж явуулна гэж байна. Гэвч автомат машинд эргэлзэх зүйл байна аа. Юутай ч Монгол Улсын төрийн тэргүүн Улсын бүртгэлийн газрын үйл ажиллагаатай танилцаж, автомат машины үйл ажиллагааг сонирхож үзээд, “сонгууль будилаангүй, сайхан явагдах юм байна” гэж ам бардам хэлнэ лээ.
Энэ сонгуульд 11 нам, хоёр эвсэл өрсөлдөнө. 17 тойрогт 31 бие даагч бүртгүүлжээ. Улсын хэмжээгээр сонгуулийн тойргийн 26, салбар 333, хэсгийн 1908 хороонд 16 мянган хүн ажиллах юм. Техникийн ажилтнуудтайгаа 20 орчим мянган хүн ажиллахаар байна. Санал тоолох автомат машиныг доргилт, тоосжилтоос хамгаалж холын аймаг, сумдад онгоцоор хүргэхээр болжээ.
Мянган сонгогч тутамд нэг автомат машин ноогдохоор тооцжээ. Автомат машины талаар дурдахаасаа өмнө сонгуулийн санал хураалт ямар процессоор явагдахыг эхлээд сонирхъё.
Саяхан СЕХ, Парламентын сэтгүүлчдийн холбоотой хамтран “Сонгуулийн эрх зүйн орчин” сэдвээр хэлэлцүүлэг явуулсан. Сонгогч сонгуулиа хэрхэн өгөхийг, автоамат машиныг хэрхэн ажиллуулах талаар нэг бүрчлэн тайлбарлаж байна лээ.
Энэ жилийн УИХ-ын сонгуульд нэг сая 839984 сонгогч оролцоно. Сонгогчид энэ удаа санал өгөхдөө хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй болжээ. Юуны өмнө иргэдэд Сонгогчийн үнэмлэх тараахгүй. Сонгуулийн санал авах өдөр сонгогчид хэсгийн хороон дээрээ очиж нэрээ шалгаад сонгуульдаа оролцоно. Энэ жилийн сонгууль ажлын өдрийг амралтын болгон санал хурааж байгаагаараа онцлогтой. Санал хураах хугацаа хоёр цагаар багассан. Өөрөөр хэлбэл 07.00-20.00 цагийн хооронд санал авах юм. Хэсгийн хороодод шинэчилсэн бүртгэлд хамрагдсан сонгогчдын хурууны хээний санг хүргүүлээд байгаа юм байна. Сонгогч саналаа өгөхөөр хэсгийн хороон дээрээ очоод юун түрүүн хурууны хээгээ шалгуулна. Сонгогчийн хурууны хээ тухайн хэсгийн хороонд очсон хээтэй тохирсон тохиолдолд өөрийнх нь талаарх мэдээлэл гарч ирэх юм байна. Ингээд иргэний үнэмлэхтэйгээ тухайн мэдээлэлдээ тулгуулаад саналын хуудсаа авах юм байна.
Саналын хуудасны дээд хэсэгт тойрогт нэр дэвшигчдийн, доод хэсэгт нам, эвслийн нэр, ар талд нь нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийн нэрсийг бичжээ. Дэмжиж байгаа нэр дэвшигчээ урьдын адил өмнөх дугаарыг дугуйлж зурахгүй, харин нэрийн өмнөх дугуй дүрсийг тусгай зориулалтын балаар дүүргэн будах юм байна. Сонгогч тухайн тойргийн мандатын тоонд тохируулан нэр дэвшигчийг тэмдэглээд, бас нам, эвслээс зөвхөн ганцыг тэмдэглэнэ.
Дараагаар нь саналын хуудсаа гялгар хавтсанд хийж хэсгийн хорооны ажилтанд хянуулаад тухайн хавтасны сонгогчийн тэмдэглэл хийх ёстой хэсгийг харлуулсан байх тул саналын нууцлал алдагдана гэж зовох асуудалгүй гэнэ. Хэрэв саналын хуудас хүчингүй болохоор байвал дахин нэг удаа хуудас авч бөглөх бөгөөд өмнөх хуудасны дээд өнцгийг хайчлан хүчингүй болгож бүртгэх ажээ.
Үүний дараа сонгогч хавтаснаас саналын хуудсаа гарган машинд хийх юм байна. Энэ бүх процессыг дүрсжүүлж хадгалахаас гадна машин хуудасны хоёр талын зургийг авч санах ой болон флашинд давхар хадгалах гэнэ.
Сонгогч хэсгийн хорооноос гарахдаа хуруугаа будуулахгүй, харин санал өгсөн тухай тасалбар авна. АНУ-аас авчирсан автомат машин тусгай түлхүүр цоожтой юм байна. Автомат машины түлхүүрийг хэсгийн хорооны даамал хариуцаж, нууц үгийг зөвхөн хэсгийн хорооны дарга л мэднэ.
Ингээд санал хураах ажиллагаа дуусч, тооллогын шат эхлэхэд цаг хугацаа аваад алдаад байхгүй шаардлагагүй гэнэ. Учир нь санал хураах ажил дууслаа, автомат машин даруй саналыг тоолон гаргах юм байна. Санал хураалт 20.00 цагт дуусахад тэр даруйдаа л санал тоологдон гарч ирэх боломжтой юм байна.
Нэгэнтээ сонгуулийн санал хураах өдөр автомат машин ямар нэг сааталгүйгээр ажиллажээ гэж бодъё. Хэрвээ цахилгааны саатал гарлаа гэхэд 13 цаг ажиллах нөөц цэнэгтэй гэж байна лээ. Харин сонгууль явагдаж дуусаад ямар нэг зөрчил гарвал хариуцлагыг хэнд хүлээлгэх вэ гэдэг асуудал тулгараад байгаа юм. Ялагдсан хүн бүрт л гомдол бухимдал байдаг. Тиймээс ялагдсан нэр дэвшигч, нам эвсэл өмнө сонгуулиар ялсан тал руугаа дайрах, эсвэл СЕХ-г ялагдлынхаа буруутанг болгосоор ирсэн.Тэр дундаа хэсгийн хорооны ажилтнуудыг сонгууль будилиантуулсан гэж чичлэх нь бий. Тэгвэл энэ удаад ялсан нэр дэвшигч, нам эвслүүд ч яах вэ сонгуулийг сайхан боллоо, сонгогчдын санал мэргэн байлаа гэхээсээ илүүтэй санал тоолох автомат машины ид шидийг гайхан биширч, бурханчлан тахих нь холгүй юм болно биз. Харин ялагдсан хэсгийнхэн гомдол мэдүүлэх нь гарцаагүй. Тэгвэл тэд хэнд хандах юм бол. Ямар нэг зөрчил дутагдал илэрлээ гэхэд сонгуулийн автомат машинд буруу тохох уу. Үнэхээр аль нэг шатанд нь машин гацаж, саатаад хэн нэгний саналын хуудас тоологдоогүй байвал яах билээ. Манайд мэдээллийн эрин үе ирж, бүх зүйл цаасан дээр байхаа больж. компьютер, программыг шүтдэг болсон л доо. Эдүгээгийн Ерөнхийлөгч 2006 онд Ерөнхий сайд байхдаа “бидэнд одоо цаас хэрэггүй, одоо бүх зүйл цахим сүлжээгээр явагдана” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Үнэхээр ч зургаан жилийн өмнө түүний хэлсэн үг өнөөдөр биеллээ олж, цаашлаад сонгуулийн саналыг ч автомат машинаар тоолох гэж байна. Харин цахим сүлжээнд файл хадгалах сайхан ч, вирустэхдээ хамаг хөдөлмөрийг минь ор мөргүй, гол харлатал устгаж орхидог юм билээ. Үүнийг олон хүн мэдэх биз. Тиймээс л анх удаа автомат санал тоологч ашиглахад миний санал устгагдчих вий дээ гэж сэрэмжлэхэд илүүдэх юун. Санал тоологч машинд найдаад саналаа өгтөл алдаа гарвал хариуцлагыг хэн хүлээх билээ. Америкаас өндөр үнээр худалдан авч, нандигнан хадгалж, онгоцоор хүртэл зөөж зөөвөрлөн суурилуулсан автомат машинаас алдаа гарвал техникийн хэдэн ажилтнуудыг шалгаад, байцаагаад байх уу, өнөөдөр өнгөрсөн сонгуулийн үймээн самууны хэрэг нэг тийшээ болоогүй байна. Атал дараагийн асуудал сөхөгдвөл хэн хариуцлага хүлээх вэ. Үүнийг л сонгуулиас өмнө тодорхой болгомоор санагдах юм.
Н.Нягт
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )