Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд сэтгүүлчдэд хаалттай, цагдаагийн өндөр хамгаалалтан дор болов. Шүүхийн даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг нар томилогдон ажиллалаа. Н.Энхбаяр энэ үеэр өмгөөлөгч нараас татгалзах хүсэлт тавьсанаар шүүхээс хуралдааныг энэ сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс эхлэн Н.Энхбаяр өмгөөлөгч Н.Шинэн, Г.Ганбаатар нараас татгалзаж, өмгөөлөгч Б.Оюунбилэгийг сонгожээ. Хуралд АНУ, Хонг-Конгоос ажиглагчид оролцож байгаа бөгөөд ВВС мэдээллийн агентлагийн сурвалжлагч хүрэлцэн ирсэн байлаа.
Шүүх хурлын дараа өмгөөлөгч Б.Оюунбилэгээс тодруулга авлаа.
- Шүүх хурал хэдний өдөр болтол хойшлов?
- Зургаадугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагт шүүх хурал болохоор хойшиллоо.
- Ямар шалтгаанаар хойшлов?
- Н.Энхбаярын хувьд өмнөх хоёр өмгөөлөгчөөс татгалзаж бүх шатны шүүхэд намайг оролцуулах хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу шүүх хурал хойшилсон.
- Яагаад өмгөөлөгч нараасаа татгалзсан юм бол?
- Хэргийн материалтай танилцах хугацаа богино байсан. Мөн мөрдөн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгчийн үйл ажиллагаагаа явуулах боломжийг хангаагүй.
- Сая хоёр материалын тухай яриад байсан. Тэр ямар материал байсан юм бэ?
- Өөрөө хэргийн материалтай гүйцэд танилцаагүй болохоор танилцах хүсэлт гаргасан. Миний хувьд өнөөдрөөс хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа болохоор хэрэгтэй танилцах хүсэлт гаргасан.
- Сонгуулийн Ерөнхий хороо луу явуулсан бичиг хэрхэн шийдэгдсэн бэ?
- Нийслэлийн прокурорын газрын орлогч Ё.Сагсай Сүхбаатар дүүргийн шүүх рүү бичиг явуулсан байна лээ. Шүүх уг бичгийг үндэслээд Сүхбаатар дүүргийн ерөнхий шүүгч н.Соёмбо-Эрдэнээс СЕХ руу бичиг явуулсан. Энэ бичиг Сонгуулийн тухай хуулийн 27.5.2-т заасны дагуу Н.Энхбаяр гэдэг хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхийг харгалзаж үзээч гэсэн утгатай юм билээ. Энэ хуулийн заалтын утга нь тухайн нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлага, ёс зүй, хууль дээдлэх чадвар, ард түмний итгэлийг хүлээх чадвартай эсэхийг харгалзана гэсэн байдаг. Үүнийг харгалзан үзэж бичиг явуулсан. СЕХ-нд иргэн, аж ахуйн байгууллага, хэн ч бай хөндлөнгөөс нөлөөлж болохгүй. Гэтэл СЕХ шүүхийн энэхүү бичгийг хүлээж аваад, нэр дэвшигчээр бүртгэх ажлыг одоо болтол хийгээгүй байгаа. Мөн нам руу нь энэ асуудлыг тодорхойлж өгөөч гэсэн бичиг явуулсан байна лээ. Энэ нь Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг юм. СЕХ шүүхээс бичиг аваад нам руу явуулна гэдэг нь шүүхийн нөлөөнд СЕХ орсон байна гэж үзэх үндэстэй.
- Тэгэхээр Н.Энхбаярыг СЕХ бүртгэх асуудал “бүрхэг” болж байна?
-Уг нь бүртгэл зургааны өдрийг дуустал явагдах ёстой. Бид өчигдөр СЕХ хууль зөрчсөн үйлдэл гаргаж байна гэж намын зүгээс хэвлэлийн хурал хийсэн. Одоо бид нарт ажиглах л үлдлээ. Яагаад гэвэл шүүхийн энэ бичгийг СЕХ үндэслээд нам руу бичиг явуулсан нь өөрөө хууль зөрчиж байгаа юм. Үүний дагуу бид СЕХ болон бусад холбогдох байгууллагад гомдол гаргана.
Н.Энхбаярыг 605 сая төгрөгийн үнэтэй нийслэлийн өмчийг үнэгүйдүүлсэн, 2.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нийслэлийн өмчит үйлдвэрийг завшсан, 113.4 мянган ам.долларын үнэ бүхий телевизийн 11 нэр төрлийн 46 ширхэг тоног төхөөрөмжийг албан тушаалаа ашиглан хувьдаа авсан, төрийн өмчийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар гэм буруутайд тооцон шалгаж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150-р зүйлд бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх гэсэн байдаг бөгөөд экс Ерөнхийлөгчийг яллаж байгаа заалтаар бол “Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )