Өнөөдөр улс төр мэдээллийн төвд Ногоон намаас нэр дэвшигч О.Бум-Ялагч, н.Наранбаатар, Ц.Сарантуяа нар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.
Уг мэдэгдэлдээ "Тэнцвэртэй мэдээллийг ард иргэдэд хүргэх үүрэгтэй сэтгүүлчид зарим нэг нь хууль зөрчөөд байна. Сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр Монголын ногоон намыг Иргэний зориг намтай зориудаар болон санамсаргүй байдлаар хольж хутгах нь ихэссэн. Тухайлбал, өчигдөр СЕХ-ноос Монголын ногоон намаас нэр дэвшигч 16 гишүүн батламж, үнэмлэхээ гардан авсан. Гэтэл NBS телевизээр С.Оюун, О.Бум-Ялагч тэргүүтэй Иргэний зориг Ногоон намынхан сонгуулийн батламжаа авлаа гэж мэдээлж байна. Энэ нь Иргэний зориг ногоон намаас хийж буй сонгуулийн PR юм. Тэд манай намын гишүүдийг Иргэний зориг намын хуралдаа суу гэж утсаар ярих болсон. Ийм байдлаар хүний хоол руу битгий дайраач ээ" гэж Ногоон намын сонгуулийн ерөнхий төв штабын зохицуулагч О.Бум-Ялагч хурлын үеэр онцлон мэдэгдлээ.
Мөн ТВ8 телевизээр манай намаас нэр дэвшиж буй Даваанямыг СХД-ээс үнэмлэхээ гардан авахад титер дээр нь Иргэний зориг ногоон намаас нэр дэвшигч гэж бичсэн байгаа юм. Уг нь Давааням яриа өгөхдөө Ногоон намаас нэр дэвшиж байна гэж мэдээлжээ.
Үүнийг үндэслэн Монголын Ногоон намаас СЕХ-нд албан бичиг хүргүүлсэн. Энэхүү албан бичигтээ Монголын ногоон нам 1990 оны тавдугаар сарын 13-нд үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл хуулийн хүрээнд ажилласаар ирсэн юм. Улсын дээд шүүхэд бүртгэлийн дарааллаар гуравдугаарт бичигддэг, ууган намын нэг билээ. 2011 оны нэгдүгээр сараас эхлэн Монголын ногоон нам болон иргэний зориг намуудыг нэгтгэх тухай эрчимтэй яригдаж эхэлсэн. Уг асуудлыг ардчилсан зарчмаар шийдвэрлэх үүднээс 2011 оны наймдугаар сарын 28-ны өдөр ээлжит их хурлаа хийн бусад намтай нэгдэхгүй гэсэн шийдвэрт хүрсэн юм. Үүнийг 2011 оны аравдугаар сарын 14-ний өдрийн Улсын дээд шүүхийн 12-р тоот тогтоолоор бүртгэн баталгаажуулсан. Харин Иргэний зориг нам нь 2012 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр ээлжит их хуралдаанаараа намынхаа нэрийг Иргэний зориг ногоон нам болгон өөрчилснийг Улсын дээд шүүхийн гуравдугаар сарын 12-ны шүүх хурлын 2-р тогтоолоор бүртгэжээ. Иймд Монголын ногоон нам, Иргэний зориг ногоон нам гэж хоёр тусдаа нам болохыг тогтоосон байхад NBS, TV8 зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа хоёр намыг нэгдсэн мэт мэдээллийг шууд болон шууд бус байдлаар цацаж байна. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь үнэн бодитой, тэнцвэртэй мэдээлэх үүргээ умартан, хууль бус үйлдэл гаргасан хэрэг болж байна. СЕХ, Харилцаа холбооны хамтран баталсан олон нийтийн радио телевизээс бусад телевиз, радио сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журмын 3-ын 3-р заалтыг зөрчиж байна гэжээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )