Өнөөдрийн МАХН-МҮАНамын “Шударга ёс” эвслээс нэр дэвшигч, Академич С.Нарангэрэл, Профессор С.Авирмэд, МУ-ын хөдөлмөрийн баатар З.Ойдов, МАХН-ын дарга Н.Энхбаярын зөвлөх Ч.Чимидсүрэн нар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд СЕХ “Шударга ёс” эвслээс нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг хүн тус бүр дээр тайлбарлав.
Тухайлбал Хөдөлмөрийн баатар З.Ойдовыг МАН гишүүн учраас “Шударга ёс” эвслээс нэр дэвшүүлэх боломжгүй хэмээн СЕХорооноос тайлбарлажээ. Харин энэ талаар З.Ойдов: Би МАН-д өргөдөл гаргаж элссэн зүйл байхгүй бөгөөд тус намын батлахыг ч гардан авсан зүйл байхгүй. Гэтэл МАН-ынхан ямар ч үндэслэлгүйгээр намайг өөрийнхөө гишүүн хэмээн үзэж ингэж сонгогдох эрхэнд минь халдлаа” гэж тайлбарласан юм.
Харин Профессор С.Авирмэд, Академич С.Нарангэрэлын хувьд МУИС-д багшилдаг. МУИС нь төрийн үйлчилгээний газар учир тэнд ажиллаж байгаа иргэн нэр дэвших бол ажлаа зургаан сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдөх ёстой хэмээн Сонгуулийн тухай хуулинд заасан байдаг ажээ. Тэгвэл энэ талаар тэд “Би төрийн үйлчилгээний албаны ажилтан биш. Төрийн албаны хуулиар биш, боловсролын тухай хуулийн дагуу чиг үүргээ гүйцэтгэдэг жирийн л багш хүн. Би төсвийн мөнгөөр цалинждаггүй. Би оюутан шавь нарийнхаа сургалтын төлбөрөөс цалинждаг. Өнөөгийн эрх баригчид өөрсдөө дахин сонгогдохын тулд зөвхөн өөрсдөдөө ашигтай, бусад хүнд халгаатай хуулийг хийсэн байна. Миний шавь мөн надтай адилхан МУИС-д багшилдаг. Гэтэл тэр хүнийг УИХ-д нэр дэвших гээд очиход нь СЕХ бүртгэж авчихаад намайг болохоор авахгүй байна. Шууд хэлэхэд МАНАН-д болохоор хууль үйлчилдэггүй. Бусдад болохоор үйлчилдэг гэдэг нь эндээс харагдаж байна. СЕХ МАНАН-гийн гар хөл болж биднийг нэр дэвших эрхгүй болгож байна” гэв.
МАХН-ын дарга Н.Энхбаярын зөвлөх Ч.Чимидсүрэн: “СБД-ийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ гэгч СЕХ нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг бүртгэж болохгүй гэсэн бичгийг явуулжээ. Үндэслэлдээ Н.Энхбаяр нь төрийн ажил хийх мэдлэг чадваргүй, дадлага туршлагагүй гэсэн байна. Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон төрийн ажлын асар өргөн дадлага туршлагатай, тив дэлхийд танигдсан хүнийг ийм үндэслэлээр битгий бүртгэ гэж бичиг өргөсөн байсан. Гэтэл тус бичгийг нь СЕХ-ны дарга Н.Лувсанжав гэгч хүлээж аваад бүртгэхээс татгалзлаа гэдгээ мэдэгдсэн нь хууль зөрчсөн үйлдэл боллоо. Тэгээд ч шүүгч хүн прокуророос ирсэн материалыг хүлээн аваад мэтгэлцээний журмаар хэлэлцүүлж гэм буруутныг л тогтоодог болохоос биш өөрт нь хаа хамаагүй СЕХ-ны ажилд оролцож, нэр дэвшигчийг бүртгэж авах авах ажилд нь хөндлөнгөөс оролцож байгаа нь өөрөө их инээдэмтэй хэрэг болж байна гэж хуульчид үзэж байгаа. СЕХ нэр дэвшигчдийг бүртгэж авах сүүлийн хугацаа нь өнөөдөр тохиож байгаа. Энэ чухал цаг үед СЕХ нь эрх баригчдийн захиалгаар, хууль бус үйл ажиллагааг явуулж нэр дэвшээд ялалт байгуулах 100 хувийн магадлалтай дөрвөн хүнийг маань бүртгэж авахаас татгалзаж байгаад бид эгдүүцэж байна. СЕХ-ны өмнөх дарга Г.Баттулга 2008 оны сонгуулийг булхай луйвартай зохион байгуулж, МАНАН-г олонх суудалтай болгосныхоо шагналд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт томилогдон ажиллах болсон. СЕХ-ны одоогийн дарга Н.Лувсанжав ч мөн шагнуулахын тулд л ийм хууль зөрчсөн ажил хийж байгаа байх гэж сэжиглэхэд хүрээд байна. Анхнаасаа хууль бус ажил хийж, эрх баригчдийн талд үйлчлээд байгаа СЕХ-нд итгэх ямарч итгэл алга. Ийм булхай луйвартай хүмүүсийн зохион байгуулсан сонгуулийн дүнд ч ард түмэн хүлээн зөвшөөрөх хэрэггүй” гэдгийг өнөөдрийн хурлын үеэр онцоллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )