Та Монгол Улсын Их Хурлын сонгуульд өрсөлдөж байна. Энэ шийдвэрээ олныг эргэцүүлж, нэгийг бодож гаргасан гэдэгт итгэлтэй байна. Хэрэв Та “defacto” ярилцлагаар орсон бол Танаас дараах арван зүйлийг тодруулмаар байна. Үүнд:
1. Таны Их Хурлын гишүүн болох туйлын зорилго юу вэ? Хамгийн чухал гурван зорилтоо хэлнэ үү? Энэ бүхэн чин үнэн гэдгийг эх, эцгийнхээ нэрийг барьж тангараглаж чадах уу? Таны сонгуулийн сурталчилгааны уриа юу вэ? Та түүндээ бүрэн итгэж байна уу? Урианы хэрэгжилтээ хэмжиж чадах уу? Хэмжиж чадахгүй юмыг удирдах боломжгүй гэдэг шүү дээ.
2. Монголын үндэсний аюулгүй байдалд хамгийн ноцтой заналхийлж байгаа засаглалын авлигыг хаанаас нь эхэлж цэвэрлэх вэ? Улаанбаатар хотын газар болон ашигт малтмалын лицензийн наймааг удирдаж байгаа төр-бизнесийн зохион байгуулалттай гэмт хэргийг яаж зогсоох вэ? “Зайсандах” буюу хуулийг өөрсдөдөө тохируулан засдаг монгол жишгийг яаж өөрчлөх вэ? Хуулийн хэрэгжил тийн дээд шалгуур байх ёстой Үндсэн хуулийн Цэц өөрөө Зайсанд ордон барьж авлигыг Богд уулнаасаа илүүтэй дархлан хамгаалсныг яах вэ?
3. Та муур хулганын үлгэр шиг болсон гол мөрөн, ойн сав газарт ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулахыг хориглосон “урт нэртэй хуулийг” хэрэгж үүлж чадах уу? Монгол Улс уул уурхайн орлогоороо юу хийвэл эдийн засгаа төрөлжүүлнэ гэж боддог вэ?
4. Та манлайлагч мөн үү? Шийдвэр гаргахад нь бусдад нөлөөлж чадах уу? Нийтийн засаглалд шударга ёс тогтоохын төлөө юу хийх вэ? Өнгөрсөн сонгуулийн үймээнээр нэг намын байр, соёл урлагийн ордон шатсан ч төрийн эрх баригчид төсвийн 14 тэрбум төгрөгөөр сүрлэг том ордон барьсан атлаа соёл урлагийн ордныг шатсан балгас хэвээр нь үлдээсэнд та ямар дүгнэлт хийж байна вэ? Таван хүнийг хэн буудаж алсныг мэдэн будилж, улс төрийн жүжиг тавьсаар дараачийн сонгуулийг хүргэж байгааг юу гэж үзэж байна вэ?
5. Эх орноо хөгжүүлэн бадраах их үйлсийг удирдан жолоодоход Та өөрийнхөө мэдлэг, боловсрол, ёс зүй, соёл, гадаад хэлний чад вараа хангалттай гэж дүгнэж байна уу? Даяаршсан Монголыг дан хэлээр удирдах боломжгүй шүү.
6. Өөрийгөө удирдаж чаддаггүй хүн бусдыг удирдаж чадахгүй гэдгийг Та хүлээн зөвшөөрдөг үү? Төрөөс тэрбумтан төрсөөр байгааг яаж зогсоох вэ? Танай намд хандив өгөх нэрээр мөнгөтэй нэг нь өндөр албан тушаал худалдан авч байгааг зогсоож чадах уу? Хэрэв та өмнө нь Их Хурлын гишүүн байсан, ялангуяа намын нэрсийн жагсаалтанд энэ удаа орсон бол авлигыг хазаарлахын тулд яг юу хийсэн бэ? Эсвэл Та ”тогтолцооны буруу” гэж өөрөөсөө зайлуулан, юу ч хийгээгүй юү? Та дуугүй явснаараа шударга бусыг өөгшүүлэн дэмжиж ирсэн үү? Эсвэл та том томоор намдаа хандив өргөн “лангуу биш дэлгүүрийг” нь бүхэлд нь худалдаад авчихдаг “үнэмлэхүй авлигачдын” нэг үү?
7. Та Их Хурлын гиш үүн болоод юуны өмнө ху вийнхаа хэрэгцээг хангах төлөвлөгөөтэй байна уу? Төр засгийн өндөр албан тушаалаа ашиглан өөр тэйгөө холбоотой компаниудаа өргөжүүлж, мо нополь ашиг олгох нөхцөлийг олгодог XXI зууны Мон голын засаглалын луйварчин уламжлалыг үргэлжлүүлэх үү? Хэрэв та тийм нууц санаа өвөрлөж яваа бол төр нь баялаг бүтээдэг биш, түүнийг хуваарилдаг газар бөгөөд ардчилал, шудрага ёс хөгжихийн хэрээр нийтийн дэл сул хөрөнгө улам бага болж, түүнд халдсан хэнтэй ч гэсэн хариуцлага тооцно гэдгийг анхаарна уу. Энэ бол цаг хугацааны л асуудал.
8. Та Их Хурлын гиш үүний хувьд Монгол Улсын, иргэд бидний нүүр царай болно. Таны үг яриа, үйл ажиллагаа олон хүнд, ялангуяа залуучуудад зөв сайхан үлгэр дуурайл болно гэдэгт итгэж байна уу?
9. Таны сонгуулийн сурталчилгааны зардал хаанаас гарсан бэ? Хэнээс хэчнээн хандив авснаа сонгуулийн нярав тань тодорхой бүртгэх ёстой. Та зардлын тайлангаа ялсан ч, үгүй ч гаргах ёстой. Та баахан өр тавьж төрийн эрхийг авмагцаа зээлдэгчийнхээ эрх ашгийг хамгаалсан хууль журам гаргах, тендерт ялуулах, албан тушаал бэлэглэх зэрэг замаар төлөх гэж байгаа бол үүнийг засаглалын авлига гэдэг. Хуулиар таныг шийтгэх болно.
10. Их Хурлын гишүүн Та ард түмнийхээ дарга нь биш зарц нь болж буйгаа хүлээн зөвшөөрөх үү? Нийтийн (төрийн) ажилтнууд тухайн нийгмийн ёс зүйн өнгийг илэрхийлдэг. Та төрийн ажлыг мэргэжил гэж ойлгоод үр хүүхдэдээ уламжлуулан, эзэмшүүлэхийг хичээж байгааг юу гэж үздэг вэ? Нэр дэвшигч Та дээрх асуултуудын ихэнхэд итгэл төгс хариулж байгаа бол баяр хүргэе. Ихэнхийг нь хариулж чадахгүй, эргэлзэж байгаа бол өөрийн болон бусдын олон зуун сая төгрөгийг салхинд хийсгэх ёс зүй, шаардлага байна уу? Харин түүний оронд энэ их хөрөнгөөр Монгол шиг буурай оронд хэд хэдэн цэцэрлэг, сургууль байгуулж, зам харгуйгаа засаж болохыг битгий мартаарай.
Эрхэм сонгогч Та ч гэсэн дээрх асуултад хариу авсныхаа дараа л Их Хуралд өөрийн төлөөлөгчөө сонгохыг уриалж байна.
Эцсийн эцэст ямар ард түмэн байна, тийм төр засаг л байдаг. Ард түмэн хичээвэл арай цэвэрхэн төр гарах болно.
Д.Жаргалсайхан
Эх сурвалж: baabar.mn
Сэтгэгдэл ( 0 )